sonin.mn
Талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосон. Шүүхийн энэхүү шийдвэртэй ар гэрийнхэн нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцсон юм.
 
2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Шанд сумын иргэн Д.Пэлжээ эхнэр хоёр хүүхдийнхээ хамт гэртээ шатсан хэргийг уг холбогдогч нарт тохжээ. Өөрөөр хэлбэл хүн амины хэргийн ул мөрөө баллахын тулд дээрх хүмүүсийн гэрийг галдсан гэж үзсэн байна. Гэтэл түймрийн нотломжид түймрийн шалтгаан нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан хэмээн бичигдсэн байсан гэж яллагдагч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ярьлаа. Энэ мэтээр тэдэнд санал нийлэхгүй асуудал олон байна гэж тэд хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм.
 
Холбогдогч О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагийн хэлж буйгаар бол, түүний хүү О.Зориг агсаныг хөнөөсөн буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Эрдэнэт дэх фермдээ өвсөө татаж байжээ. Хэрэг гарсны дараа тагнуулын байгууллагаас О.Содномдаржаагийн ээжээс мэдүүлэг авсан ч хавтаст хэрэгт оруулаагүй гэнэ. Мөн Д.Булганы мэдүүлснээр сэжигтнүүд эмэгтэй нь 165 см, эрэгтэй нь 155 см өндөртэй байсан гэх боловч холбогдогч О.Содномдаржаа 180 см өндөртэй учир энэхүү хэргийг гүтгэлэг гэж үзэж байна. Холбогч Ц.Амгаланбаатарын ээж ярихдаа түүний хүү хэрэг гарах үед Орхон аймагт амьдарч байсан ба хот орж үзээгүй гэлээ.
 
Ар гэрийнхнийх нь зүгээс хүүхдүүдийг нь батлан даалтад гаргах, давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулах, улмаар Д.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй хэмээв.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг