sonin.mn
Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг  энэ сарын 18-ны өдөр   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан байна.   
 
Энэхүү хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар албан ёсны тайлбарыг өчигдөр орой 18.00 цагт өглөө.
 
Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Гэхдээ хоригдож байсан шүүгчдэгч юугаар хоолойгоо зүссэн болон, шүүх хурлын аюулгүй  байдал, хамгаалалтын  асуудал хөндөгдсөөр байна.  Шүүгдэгчэтгээд шүүх хурлын үеэр “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчихэд цагдаа самбаачлан зогсоожээ.  Шүүгдэгч нь  30 орчим настай,  өмнө нь хоёр удаа ял шийтгэгдсэн ч Өршөөлийн хуулиар суллагдсан юм байна. "Шүүх хурлын үеэр цагдаагийн албан хаагч дэг сахиулаад шүүгдэгчийн дэргэд нь зогсож байсан тулдаа гэнэтийн үйлдлийг түргэн шуурхай зогсоосон.
 
Шүүхийн аюулгүй байдал чиг үүргийн хувьд цагдаагийн албанд шилжсэн. Хүн хүчний хүрэлцээгүйгээс шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдалд халдах магадлал өндөр байгааг энэ хэрэг явдал харуулж байна. Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан.  Одоогоор хоолойгоо чухам юугаар зүссэнийг тогтоогоогүй байна. Учир нь ямар нэгэн төмөр, ирт зүйл байгаагүй,  шүүгдэгч гавгүй байж. Цагдаагийнхан одоогийн байдлаар хумсаараа судсаа ханасан байж магадгүй гэж байгаа ч 6-7 оёдол тавиулсан, цус нь олгойдож байсан нь эргэлзээтэй. Шүүх танхимын зарим эд зүйлийг гэмтээсэн. Уг нь шүүгдэгчийг нэгжиж шалгасны дараа шүүх танхимд оруулах ёстой. Тухайн өдөр цагдаагийн ажилтан шалтгалт хийсэн эсэх талаар мэдээлээгүй.
 
Тус шүүхийн хамгаалалтад нийт 12 цагдаа ажилладаг бөгөөд хурлын долоон танхимд дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг" гэж шүүхийн ажилтнууд ярилаа. Энэ удаад шүүгдэгч өөрийгөө гэмтээгээд өнгөрч, хэрвээ шүүгчид рүү халдахаар дайрсан бол ганц цагдаагийн ажилтан аюулгүй байдлыг хангаж чадах байсан уу гэдгийг олон нийт сонирхож байна. Бас тахарын албыг татан буулгшаснаас боллоо гэх яриа ч гарч байгаа юм. Ямартаа ч шүүхийн аюулгүй байдлыг анхаарах цаг болсныг энэ явдал харуулав.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг