sonin.mn
ТАЛИЙГААЧ ОЮУТАН ЕСӨН САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ
 
Манай улсад зарим баяр улирлаар үргэлжилдэг сул тал бий. Зун наадам, намар хурим, үсний найр, өвөл шинэ жил, хавар хонхны баяр гэх зэргээр тэмдэглэдэг. Олон тэмдэглэлт өдөр байдгаас бүх нийтийг хамардаг баяраас зарим нэгийг онцлон дурдав. Жилийн дөрвөн  улирал дамнан баяраас баярын хооронд амьдарч буй ард түмэн бол бид, Жанжин Д.Сүхбаатарын талбайд нэг удаагийн цаасан  аяга ,сархадын лонх, чихрийн цаас хөглөрч байвал сургуулиудын хонхны баяр эхэлсний тэмдэг.
Энэ жилийн хонхны анхны баяр долоо хоногийн өмнө эхэлсэн. Гэсэн ч харамсалтай, саар мэдээ дагуулсан учир олон нийтийн дунд айдас төрүүлэв. Тодруулбал,
Их засаг их сургуулийнхан дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж, улмаар зугаалгаар явж амралтын газарт очжээ.
Тэрбээр тус сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн төгсөх дамжааны 23 настай эмэгтэй оюутан учир битүүлгээр амь .насаа алдсан байна. Тухайн оюутан ямар шалтгаанаар амь насаа алдсан гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа аж. Дээрх хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа. Талийгаач эмэгтэйн биед гаднын шарх сорви байгаагүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач есөн сартай хүүхэдтэй байж. Ямар нэгэн баяр тэмдэглэж яваад залуу насандаа амиа алдаж, үр хүүхдээ өнчрүүлнэ гэдэг дэндүү харамсалтай явдал. Сүүлийн үед хонхны баяраа тэмдэглэж байгаад учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол мэр сэр гарах болжээ.
Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нэгэн их сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн гурав хоног зугаалах үед нэг оюутан мөн л учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарч байв. Талийгаачийн биед ямар ч шарх сорви байгаагүй тул золгүй байдлаар амиа алдсан гэж үзэж хэргийг хаасан аж.
Энэ мэтээр хонхны гэх тодотголтой “Лонх'’-ны баярын уршгаар амьдралд хөл тавьж буй хориодхон настай залуус амь насаа алдсаар байх уу. Үүний_цаана түүнийг гэсэн олон сэтгэл эзгүйрч, эх орон залуу боловсон хүчнээр дутсаар байх уу.
 
 Оюутан хонхны баяртаа хамгийн багадаа сая гаруй төгрөг зарцуулдаг
 
Ийм харамсалтай хэрэг гарч буйн гол шалтгаан төгсөлтийн баяр, түүний цаана согтууруулах ундаа байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, арванхоёрдугаар ангийнхан, их, дээд сургуулийн төгсөгчид хонхны баяр тэмдэглэдэг үе дамжсан бичигдээгүй уламжлалтай. Гэхдээ тэртээх өнгөрсөн үеийнхний хувьд уг баяр арай өөр утга агуулга, цар хүрээтэй байсан нь мэдээж.
Сүүлийн үед цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн хүртэл төгсөлтийн баяр хийж, эцэг эхчүүдээс багагүй мөнгө татдаг болсон. Ерөнхийдөө нийтлэг байдлаар зургийн цомог, амралт буюу зугаалга, ангийн багш болон сургууль, цэцэрлэгтээ дурсгалын зүйл авч үлдээх, зоогийн газарт орох, ромбо диплом, гэрчилгээ, улсын шалгалт авч буй багш нарын хоолны мөнгө гэх мэтээр хураадаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуулийн оюутнуудаас зардал бага хэдий ч улсын, хувийн, хотын захын болон төвийн сургуулиараа төгсөлтийн баярынх нь зардал харилцан адилгүй байдаг аж. Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн төгсөлтийн баярт нэг хүүхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулж буйг эцэг эх болон оюутнуудаас асууж тооцоолов. Дээр дурдсан зүйлд зарцуулахаар цэцэрлэгийн төгсөгчдөөс дунджаар 100 мянган төгрөг хураадаг байна. Харин хотын төвд ойролцоо улсын сургуулийн төгсөх ангийн сурагчид бүлгээсээ хамаарч дунджаар 250-350 мянга, захын сургуулийн сурагчид 150-250 мянган төгрөг зарцуулдаг гэнэ. Тэгвэл хувийн сургуулийн төгсөгчид үүнээс даруй 2-3 дахин илүү мөнгө төсөвлөдөг аж. Харин их, дээд сургуулийн хонхны баярын төсвийг эдгээртэй жиших ч хэрэггүй. Нэг оюутан хамгийн багадаа сая төгрөг хураалгадаг. Үүнд баярынх нь гоёл багтаагүй. Эмэгтэй оюутанд эрчүүдээс хэд дахин их мөнгө шаардлагатай. Бүсгүйчүүд загварын дээл, гоёлын даашинз, цүнх, өндөр өсгийт, нүүрээ будуулах, үс, хумсаа янзлуулах зэрэгт доод тал нь 500 мянган төгрөг үрдэг. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ганцхан өдөр баярлахын тулд их хэмжээний мөнгийг “салхинд хийсгэнэ” гээд л бодчих. Оюутнуудын хувьд сургалтын төлбөр тийм ч бага биш. Жилээс жилд баярын дээрх тооцоо, сургалтын төлбөр нэмэгдэхийн сацуу баяр тэмдэглэх арга барил нь улам шинэчлэгдэх болсон.
 
Одоогоос хэдхэн жилийн өмнө их, дээд сургуулийн төгсөгчид сургууль- Төв талбай-Гандан-Зайсан-хотын ойролцоох амралт гэсэн чиглэлд явж баяраа тэмдэглэдэг байсан бол сүүлийн үед Бээжин, Байгаль нуур, Утай гүмбэн явж баярлах жишиг дэлгэрсэн. Ингэж хилийн дээс давж аялж зугаалахад баярт зориулах зардал нэг, хоёр саяпр тогтохгүй нь тодорхой.Эцэг эхчүүд хүүхдээ бусадтай адилхан баярлуулахын тулд байдгаа барьж хүрэлцэхгүй бол цалин, тэтгэврийн зээл авахын зэрэгцээ үнэд  хүрэх эд хөрөнгөө барьцаанд тавьдаг болсон.  “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө”гэдгийг тэмдэглэлт баярууд тэр дундаас хонхны тодотголтой “Лонх”-ны баяр илхэн харуулдаг . Эцэг эхийнхээ халаасыг сэгсэрч баярласан төгсөгчид баярын маргаашийг шартсан , зарим нь согтууруулах ундааны хордлогод орсон байдалтай угтдаг байсан бол сүүлдээ ангийн нөхрөө алдсан гашуун нулимстай төгсдөг болон нь
 
Хавар бүр залуу боловсон хүчнээ учир битүүлгээр алдсаар байх уу?
 
Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 225 сургуульд 233545 сурагч суралцаж байна. Эдгээрээс тав,ес арванхоёрдугаар  ангийнхан хонхны баяраа тэмдэглэдэг .Тиймээс Боловсролын тухай хууль, Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай 232 дугаар тушаал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж боловсруулж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирлуудад хүргүүлжээ. Товчхондоо, төгсөлтийн баярын арга хэмжээг дээрх тооцооллоор нүсэр тэмдэглэхийг хориглосон. Тодруулбал, дээр дурдсан ангийн төгсөгчид эрдмийн баяр хийхдээ нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хураахгүй, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдпагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. Ерөнхийдөө жил бүр ийм зөвлөмж гаргадаг ч хөрсөн дээр буудаггүй нь харамсалтай. Тиймээс холбогдох байгууллагынхан үүргийнхээ хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсдөг байна. Тэд нийтдээ хэд хэдэн сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хонхны баяртаа зарцуулж, эцэст нь амь насаа алдахад хүрч байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагаас гаргасан дээрх зөвлөмжийг их, дээд сургуулийнханд ч мөн хамааруулж, “Лонх”-ны баярыг жинхэнэ утгаар нь эрдмийн баяр болгон тэмдэглэхэд анхаарахгүй бол хавар бүр залуу боловсон хүчнээ учир битүүлгээр алдсаар байх нь.Төгсөгчид баярыг хэтэрхий өргөн дэлгэр биш зөв боловсон , зүй зохистой зарлага багтайгаар тэмдэглэх ,тухай үед согтууруулах ундаанаас татгалзах , хэтрүүлэн хэрэглэхгүй ,олон хоног амралт зугаалгаар явахгүй байхад анхаарч бусдыгаа уриалан дуудах нь зүйтэйг сануулахад илүүдэхгүй бизээ. 

С. Юмсүрэн
Эх сурвалж : "Монголын үнэн" сонин