Дулааны улиралтай холбоотой халдварт өвчний тархалт нэмэгджээ. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдийн 2.9 хувийг ханиад томуу эзэлж байгаа бол 50-60 хувь нь гэдэсний халдварт өвчний улмаас эмчлүүлж байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өглөө. Энэ нь орчны бохирдолтой шууд холбоотой гэнэ. Учир нь, хөрсний бохирдол борооны усаар дамжин хаа сайгүй урсдаг.
 
Сургууль, цэцэрлэг амарсан учраас хүүхдүүд гадаа тоглож, халдвар авах эрсдэл нэмэгддэг байна. Мөн өвлийн турш гадна асгасан угаадас, хог, хаягдлын нөлөөгөөр бохир гараар дамждаг шар өвчний нянгаар халдварлах нь элбэгшдэг. Хамгийн гол нь шар өвчний нууц үе 90 орчим хоног байдгаас шарласан хүний тоо намар ихэсдэг нь үүнтэй холбоотой аж. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн дарга захирамж гаргаж, зургаадугаар сарын 1-нээс хагас жилийн хугацаатай “Гар угаах аян” зохион байгуулжээ. Аяны зорилго нь халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь гар угаахаас эхэлдгийг ойлгуулах аж. Тиймээс хүн бүр гараа угааж хэвшихийг олон нийтэд уриалж байгаа юм. Нийтийн хоолны газар ажиллагсдад ч гараа байнга угаахын ач холбогдлыг таниулж байна.
 
Гар дээрээс хүнсний бутээгдэхүүн худалдан авч идэх, стандарт хангаагуй газар хийсэн хуушуур, буузнаас татгалзах нь гэдэсний халдварт өвчнөөс хамгаалах энгийн арга болдог байна. Өөрөөр хэлбэл, амьдралын зөв дадал, хувь хүний соёлоос хамааран таны эрүүл мэнд гарт тань байгааг аяны хүрээнд сурталчилна. Мөн улирлын чанартай тарваган тахал зэрэг амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд сэрэмжлүүллээ.
 
М.Мөрөн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин