Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ийн улсын байцаагчид өчигдөр буюу энэ сарын 11-нд Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт хуушуур борлуулж буй аж ахуйн нэгжүүдээс муудсан 100 кг мах, 2 кг нийслэл салат хураажээ.
 
Наадмын өдрүүдэд нийт 386 улсын байцаагч ажиллаж, 20 минут тутамд хуушуурын мах, салат болон айрагны чанарт хяналт тавьж байгаа аж.
 
Энэ жил наадмын өдрүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 800 аж ахуйн нэгжид олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 зөвшөөрөл олгосноос 400 нь хуушуур болоод нийтийн хоолны газар, 100 нь худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Хүй долоон худагт 300 зөвшөөрөл өгснөөс 200 нь хуушуурын цэг байгаа юм.
 
Харин энэ жилийн наадмаар шорлог борлуулах зөвшөөрөл олгоогүй юм. Наадмын талбайд зөвшөөрөлгүй шорлог борлуулж байсан 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг