“Шинь Шинь” ХХК-ийн түүний туслан гүйцэтгэгч цайрын далд уурхай болох “Тун-Гуан” Монгол ХХК-ийн монгол ажилтнуудтай уулзлаа.Уулзалтад аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Л.Цагаан, “Шинь Шинь” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Энхтүвшин, Хөдөлмөр” сонины сэтгүүлч багш арга зүйч Д.Энхтэгш нар оролцлоо.Тус компанийн ажилтнууд эх орондоо, төрсөн нутагтаа элэгнэгтнүүдтэйгээ бүгдээрээ хятад эзний доромжлол дарангуйлалд ажилладаг ажээ. Тэдний хэлж буйгаар газрын гүнд ажилладаг. Хөлөрч чийгтсэн хувцастай гарч ирээд амрах байр руугаа явахдаа даарч жиндэж ханиад хүрэх нь энүүхэнд. Ханиад хүрээд гурав хоногийн эмчийн чөлөө авбал тухайн сарын бонус буюу 300 орчим мянган төгрөг нь тэр чигтээ хасагдна. Аяга тавгаа ариутгах нь бүү хэл угаадаг угаалтуурт нь хятад дарга нүүр гараа угааж нус цэрээ хаяна. Гал тогооны өрөөнд нь түлшээр ажилладаг зуух, тоног төхөөрөмж байдаг ч түүн дээр зөвхөн хятадуудын хоол цайг л хийж өгнө. Монгол ажилтнуудад өглөө халуун цай ч хийж өгөхийг хятад дарга зөвшөөрдөггүй хэмээн тогооч, туслах ажилтан нар ярилаа. Ажлын гутал нь багадаж хөл нь тулаад байхаар нь 5 минут тутамд тайлдгаас болж хөл нь даарч ханиад хүрээд зогсохгүй давсаг, шээсний өгсөх замын өвчин туссан тухайгаа ярих ч хүн байна. Энэ хамт олон хятад эзний хэрээс хэтэрсэн дарангуйллыг эсэргүүцэж өнгөрсөн намар тэмцсэн аж. Гэтэл хэдэн хүн халаад цалинг нь хэмнэж нэмнэ гэсэн байна. Зайлшгүй гурван хүн ажиллах ёстой ажпын байранд хоёр хүн ажиллаж байгаа нь хүн осолдох магадлал өндөр бөгөөд осолдох дөхсөн тохиолдол ч гарсан аж. Түүнчлэн хууль ёсны шаардлага тавихаар та нар ажилгүй гэртээ хэвтэж байх байсан гэж тавлана. Мэргэжлийн хяналтаас үзлэг шалгалт ирэхэд нь монгол ажилчдыг зааланд оруулаад түгжчихээд шаардлага хангахгүй машин техникээ нууж арай дээрийг нь сонгоод шалгуулчихдаг гээд хятад эзний башир, дарангуйллыг монгол залуучууд ярихдаа эрх ашгаа хамгаалахаар тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. "Шинь Шинь” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Тун Гуан” Монгол ХХК-ийн ажилчдын сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал бол шинжилгээгээр хар тугалга 2,3 хувьтай байн гэж гарсан тохиолдолд сэтгэл зовж байгаа тухай ярилаа. Улаанбаатар хотод хувиараа шинжилгээ өгсөн хүнд ийм өөрчлөлт илэрсэн төдийгүй компаниас зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэг шинжилгээний үед ч шинжилгээний хуудаснаа хар тугалга байна гэж тэмдэглэсэн байсан. Түүнийгээ тухайн ажилтны алдаа байсан мэтээр тайлбарласан нь ийнхүү монгол ажилтнуудын сэтгэлийг түгшээж байгаа ажээ. Монголын төр Үндсэн хуулиар хүлээсэн хүнээ хамгаалах үүргээ биелүүлж дээрх хоёр компанийн ажилтнуудад үнэн зөв шинжилгээ хийлгэх боломжийг олговол Дорнодчууд баярлахын зэрэгцээ Монгол хүн өмгөөлөн хамгаалах төр засагтай гэдгийг хятадууд ойлгохсон. Эрх баригчд аа! харийн хүн төрийн хуулийг чинь зөрчиж иргэнийг чинь дарлаж байна.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр сонин"