sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: "Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаж, УИХ дахь бүлэгт чиглэл өгсөн. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын газар огцрох ёстой. Огцрохын тулд Н.Учрал сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир. Оруулж ирэхийг шахаж ажиллах чиглэлийг өгсөн. Улс орныг сүйтгэх гэж буй ард түмнээ бодсон гэх төсвийг парламент дэмжиж байгаа юу. Төсвөөсөө өмнөх УИХ дээр Н.Учралын Засгийн газарт итгэж байна уу гэдэгт шийдэл гаргуул. Итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэх шалтгаан нь улсын төсвийн тодотгол дээр байна. 


Н.Учралын Засгийн газрын кабинетын гишүүд Ерөнхий сайддаа итгэхгүй байна. Мөн Н.Учрал 3.5 тэрбум төгрөгийн асуудлыг тайлбарлахдаа "Манай сайд нар оруулаад ирчих шиг боллоо" гэж байна. Өөрөө сайд нартаа итгэхгүй байна.


Мөн Засгийн газрын гишүүдийн авлига хээл хахууль, худал хулгай хэрээс хэтэрлээ. Хууль зүйн сайд нь ял наймаалцаад баримт бичлэгтэйгээ олон нийтэд гарч ирлээ. Монгол Улсад Хууль зүйн сайд нь ял наймаалцдаг асуудал руу орсон байна. Гадаад хэргийн сайд нь өөрийнхөө компанид гадаад паспорт хэвлэдэг болтлоо эрх баригчид дур зоргоороо болж хувирсан. Зам тээврийн сайд хувийн төмөр зам барьж, гадна дотнын хөрөнгө оруулагчдыг залилсан гэх асуудал явдал ч гарсан." гэв.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт мөн хэлэхдээ: "Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар гэж энэ дэлхий дээр байхгүй. Өнгөрсөн хоёр удаагийн Засгийн газар огцорч гурав дахь удаагийн Засгийн газар гарч ажиллаж байгаа явдал бол олонхийн өөрийнх нь хариуцлагын асуудал. Яг үнэндээ олонх байхдаа 2019, 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Харин ч илүү тогтвортой ажиллах боломжийг Үндсэн хуулиараа олгосон. Дотоод зөрчил нь туйлдаа хүрсэн учраас гурав дахь Засгийн газар ажиллаж байна. Одоо ч хоёр том бүлэгт хуваагдчихаад өөр хоорондоо хөлөө жийлцэж байгаа. Эцсийн дүндээ төр тогтворгүй байна гэдэг бол монголын ард түмэн хүнд ачааг нь үүрнэ. Энийг нь л сөрөг хүчин шүүмжилж байгаа" гэсэн юм.


М.Чой