АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх биш, огцруулах ёстой. Гэхдээ огцруулах үндэслэл нь ЕТГ-ын дарга З.Энхболдын баасан гарагт хийсэн мэдэгдэл, Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй байгаа” зэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгийг тодоос тод хэлье.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичиж, хэвлэлүүдэд нийтлүүлсэн ил захидал дангаараа АТГ-ын даргыг албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл мөн. Хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл.
Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн бичсэнчлэн “Хорих ангийн алхах гишгэх зайгүй умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг тоолон бие, сэтгэлийн тамд суухын” зовлонг бидний хэн маань ч мэдэхгүй, Мэдэх ч албагүй. Түүнээс илүү Ч.Сайханбилэг болон С.Баяр, С.Баярцогт нарыг яг ямар нотлох баримтад үндэслэж АТГ-аас саатуулсан, цагдан хорьсон бэ гэдгийг ч бид бас мэдэхгүй. Харин бидний заавал мэдэх ёстой үнэн гэвэл энэ.
Учир нь бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд, ядаж л ингэж итгэхийн тулд хэнийг ч хуулиас гадуур цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг дэмжих ёсгүй. Харин Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг Сангийн сайдтай нь барьж хорьсон явдал ямар учир шалтгаантай вэ гэдгийг АТГ-аас-асуух эрхтэй. Үүний дэргэд Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын хийтэй мэдэгдлүүд, “АТГ-ын даргыг иргэдээс санал асаж нэр дэвшүүллээ" гэх мэт нь хүүхдэд л ярьж өгөх үлгэр.
Гурван сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш cap гаруйн хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг хоёр дахь удаагаа сунгалаа. Гэвч энэ хугацаанд АТГ энэ хэрэг дээр бидэнд итгэл төрүүлэхүйц ямар баримт дэлгэв, ямар үндэслэл танилцуулав. Анх баривчлан саатуулахдаа хэлсэн, Швейцарын прокуророос тус улсын хэвлэлд нийтлүүлсэн Хятадын иргэн “А-ийн нууц дансны мэдээллээс (Уг данснаас С.Баярцогтын дансанд 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн гэх) өөр ямар нэг сэжүүр хэлээгүй л байна.
Гэхдээ энэ мөнгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Рио Тинтотой холбоотой талаар тус улсын прокурор огт юу ч хэлээгүй. Харин Монгол дахь улс төрийн өрсөлдөгчид нь тэгж хардаж буй тухай Ройтерс агентлаг мэдээлснийг Монцамэ бүрэн эхээр орчуулж тавьсан байдаг. Бидний дунд шидсэн, АТГ-ын хөөсөн чулуу ердөө л энэ шүү дээ
Харин одоо гурван сайдыг cap гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны дараа АТГ эдний хэн нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг нэг бүрчлэн хэлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хугацаанд ямар нэг нотлох баримт олоогүй, гэмт хэрэг үйлдсэн тухай нь шалгаж тогтоож чадаагүй бол түүнийгээ хэлээд, уучлал гуйгаад суллах ёстой.
Хэрэв ингэж чадахгүй гэвэл бусдыг хууль бусаар цагдан хорьж, эрүүл шүүлт (хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорих ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр) хэрэглэснийх нь төлөө АТГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах ёстой. Эсвэл хэн нэг цэнхэр үстийг Швейцар луу дахин илгээж энэ хэргийн талаар нотлох баримт олж ирэхийг хүлээх ёстой юу?
Гэмт хэрэгт тооцохын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юм байдаг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Ядаж л Оюутолгойн гэрээ хэнд ямар хохирол учруулсан, хэн хохирогч байсан тухай бид мэдэх ёстой. Дараа нь энэ хохирол юунаас үүдсэн, хэний буруугаас, яаж гэж ярих ёстой.
Гэтэл АТГ гэрээ байгуулах явцдаа бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй” гэсэн ганцхан сэжиг таамагтай хоёр cap зууралдлаа. 
Ядаж тэр сэжиг таамгаа ч нотолж чадсангүй. Ийм таамаглалыг гандангийн хаалга түшээд сууж байгаа зурхайч, бөө удган ч хэлж чадна. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болсон гэж үздэг, шүүмжилдэг захын хүн ингэж хэлнэ. Харин хуулийн байгууллага ингэж ажилладаг уу, тэд ямар бөө удган уу? Тэдний хэлсэн үг бүр баримтад үндэслэж, баримтаар нотлогдож байх ёстой.
Хэрэв энэ хэргийн талаар АТГ ямар нэг баримт нотолгоо хэлж чадахгүй бол хоригдож байгаа хүний үг ч гэсэн баримт, нотолгоо болно. Оюутолгойн гэрээг хөдөлгөх эсэх, хэрхэн хөдөлгөх эсэх нь улс төрийн шийдвэр байсан уу байсан. Засгийн газар Үндсэн хуулийн олгосон эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн үү. шийдсэн. Улс төрийн албан тушаалтан хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө улс төрийн хоригдол болох ёс ардчилсан нийгэмд байхгүй.
Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг байсан гэж үзэж байгаа бол түүнийхээ баримтыг ил тод зарлах ёстой. Хуулийн хүрээнд явуулсан мөрдлөг, шалгалт, олсон баримт нотолгоо, алхам бүрээ АТГ олон нийтэд тайлагнаж байх ёстой. Тэгэхгүй нууцаар хориод, нууцаар шалгаад, нууцаар гэмт хэрэг хүлээлгээд, нууцаар ялладаг тогтолцоо өнгөрсөн зуундаа үлдсэн, найзууд аа.
Эцсийн бүлэгт энэ бол Монголын хуулийн байгууллагын асуудал. Хаа байсан Швейцарын прокурор вэ? Хэнийг хуурах гээд байна аа? АТГ ингэж ажлаа хийхгүй ээ. АТГ-ьн шалгадаг хэрэг, шалгуулдаг субъект л өөр болохоос хэрэг шалгах үйл ажиллагаа нь бусад хуулийн байгууллагатай яг адилхан. Хэн ч тг бүхэнд давуу эрх олгоогүй шүү, нөхөд өө!
 
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"