sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан  хоёр настай охин сураггүй  болсон талаар бид   өмнө нь  мэдээлсэн. Эл хэрэг 6 дугаар сарын 8-ны өдөр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл мөн өдрөө 20:36 цагт иржээ. "Охиныг хүн авч явсан байж болзошгүй,  Хүүхэд алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, алслагдмал нутаг учраас хүн авч явсан байх магадлал багатай, ойр хавьд нь уул уурхайн компани, хятад ажилчид огт байхгүй.Тиймээс гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй" зэрэг олон  таамаг дэвшүүлж, эрлийн багийнхан уйгагүй хайсан билээ. Эрлийг эцэг эхтэй нь зөвшилцөн зогсоосон мэдээ ч ирсэн. Тэгвэл охиныг эрж хайснаас  24 хоногийн дараа буюу өчигдөр  Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” хэмээх газрын дэрсэн дундаас цогцсыг нь олжээ. Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчид  хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг