sonin.mn
УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар асуудлын хэлэлцэж, хэдийгээр санал хураалтын дүн гишүүдийн талд нааштайгаар гарсан ч гэсэн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ дахин гаргаж, энэ хүсэлтийг нь гишүүд ёсоор болгосон билээ. Харин Д.Мурат гишүүний хувьд гишүүнээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ саяхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа энэ талаар: 
-МАН хаврын чуулганаар Д.Гантулгад хариуцлага тооцсон. Хариуцлагыг өөрсдөөсөө эхлүүлсэн гэж байгаа. АН Д.Мурат гишүүнд хариуцлага тооцох асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Танай намыг Д.Муратыг авч үлдэх тохироо хийсэн гэсэн яриа бий? гэсэн асуултанд
 -Ямар нэгэн тохироо хийх,  улс төрийн наймаа хийсэн зүйл байхгүй. Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгаатай. Д.Гантулга бол огт танихгүй, мэдэхгүй хүний эрхэнд халдсан. Гэтэл Д.Мурат гишүүний хувьд тухайн эмэгтэйтэй харилцаатай байсан, муудах сайдах зүйл байдаг. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын  харилцааны асуудал. Д.Мурат  гишүүнд зодуулсан гэж тухайн эмэгтэй нь гомдол гаргасан. Гэтэл есдүгээр сард зодсон үйлдлийг нэгдүгээр сард буюу таван сарын дараа  шүүх эмнэлэг тогтоосон байдаг. Хэзээ ч ийм практик хуулийн түүхэнд байхгүй. Гэмтлийн зэргийг 72 цагийн дотор тогтоох ёстой. Энэ бол өөрөө хууль бус. Би бол Д.Мурат гишүүнийг өмөөрөх гэж байгаа юм биш гэхдээ өнөөдөр улстөрчдийн нэр хүнд нийгэмд эмзэг  байдгийг нь далимдуулан хувь хүний явцуу эрх ашгийн үүднээс бусдын эрх ашигт хандаж, ашиг олох  гэсэн  асуудал нийгэмд дэлгэрүүлээд байх асуудал биш юм. Бид ч гэсэн ямар нэг байдлаар өөгшүүлээд байх шаардлагагүй гэж харж байгаа.
Хууль хүчний байгууллагууд нь хянаж, гэм буруутай эсэхийг нь тогтооно. Түүнд нь намын зүгээс саад учруулсан зүйл байхгүй. Д.Мурат гишүүн өөрөө дуудсан цагт нь очиж, гэм буруутай эсэхээ шалгуулаад явж байгаа. АН-ын зүгээс ямар нэг оролцоо, хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй гэж хариулжээ.