Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн мэдээгээр 28 хүн янз  бүрийн шалтгаанаар амт насаа алдсан харамсалтай явдал гарчээ. Эдгээр 28 иргэний 16 нь автомашинаар хөдөлгөөнд оролцож яваад зам дээр алтан амиа алдсан бол, үлдсэн 12 нь усанд сэлж байгаад осолдож амиа алджээ. Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдэд гол усанд осолдож таван хүн амь насаа алдсан бол энэ жил дээрх тоо долоогоор өсчээ. Үүнээс гурав нь бага насны хүүхэд байсан байна.
Замын цагдаагийн албанаас өгч буй албан мэдээллээр өнгөрсөн долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон харамсалтай тоо байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу гурав нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. Зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс гурван хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.
Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон гурван хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байна. Төв аймгийн Борнуур сумын нутаг “Улаан цав” гэх газар асфальтан замд "T.Estima" маркийн автомашин онхолдож, зорчигч хоёр настай эмэгтэй А, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг “Дөрөлж” гэх газар "T.Landcruiser" маркийн автомашин онхолдож зорчигч хоёр настай Б-н амь нас хохирсон ноцтой хэргүүд бүртгэгдсэнийг дээрх аймгийн Цагдаагийн газруудад шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг