sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг хянаж, энэ оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр өглөөний 09.00 цагт товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдөр 14:00 цаг хүртэл хойшилсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцохгүй, харин  өмгөөлөгч нь Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцохоор болжээ.
Хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцох юм байна. Шинэ хуулиар урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны бэлтгэл хурал гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар ирэхгүй байсан ч саадгүй үргэлжлэх боломжтой. УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг