sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын гурван иргэн Тайландад хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. И. Ганболд /31 настай/, О. Баярсайхан / 39 настай /, Ц.Оюунболд /34 настай / нарыг Бангкокын дамжин өнгөрөх Чи Лом өртөөнөөс нутаг буцах гэж байхад нь баривчилжээ. Тайландын цагдаа нар Чи Лом өртөөнөөс И.Ганболдыг баривчилснаар бусад хэрэгтнүүдийг илрүүлэн барьсан байна.
Хулгайлсан зүйл дотор нийтдээ 300 мянган баттай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, евро, мөн Тайландын батт, Австрали доллар, Солонгосын Вон болон гар утас,  бусад эд зүйлс байжээ. Тайландын Цагдаагийн газрын дэд комиссар Сурачет Хакпалын хэлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын 18-нд Тайландад Монгол Улсын таван иргэн жуулчны шугамаар орж ирсэн бөгөөд хоёр нь  IPhone X загварын гар утас худалдаж аван долдугаар сарын 26-нд нутаг буцсан боловч Бангкокын дамжин өнгөрөх өртөөнд солонгосын жуулчин 50 мянган вон, дөрвөн кредит карт бүхий түрийвчээ алдсан гэх гомдлын дагуу цагдаагийнхан хэрэгтнийг хайж эхэлжээ. Хяналтын камераар шүүхэд түрийвчийг хулгайлсан хүн Монгол Улсын иргэн И.Ганболд байсныг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад  нутаг буцсан Монгол Улсын хоёр иргэн нь Солонгос иргэний кредит картаар таван ширхэг IPhone Х гар утас худалдаж аваад буцсан гэдгийг мэдүүлжээ. Тус улсын хуулиар хууль бусаар хүний кредит карт ашигласан хэрэгт таван жилийн ял оноох, 100.000 баттын торгууль ногдуулдаг байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг