Дулааны улиралд хотын иргэдийн амралт зугаалга эхэлж, орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдон зам тээврийн ослын тоо өссөн байна. Энэ мэдээллийн дагуу ЗЦГ-ын зам тээврийн урьдчилан сэргийлэх ажилтан хошууч Б.Лхагважаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Орон нутгийн зам тээврийн ослоос үүдсэн хохирлын тоо хэмжээ хэр байна вэ?
 
-Өнгөрсөн жил 143 иргэн орон нутгийн замд амиа алдаж, 254 иргэн гэмтсэн бол энэ оны зургаадугаар сарын 20-ноос хойш орон нутгийн замд 44 иргэн амиа алдаад байна. Эдгээр хүний 86 хувь нь амралт зугаалгаар ойр дотнын хүмүүстэйгээ явж байсан. Осолд өртөгсдийн 67 хувь нь бусдын буруугаас болж амь насаараа хохирдог.
 
-Зам тээврийн ослын шалтгаан, иргэдийн гаргаж буй дийлэнх зөрчил юу байдаг вэ?
 
-Осол иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй. 60 орчим хувь нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, ядарснаас анхаарал суларсан эсвэл эсрэг урсгалд орсон, өөд өөдөөсөө мөргөлдсөн байдалтай байна.
 
-Замын цагдаагийн газраас үүний эсрэг ямар арга хэмжээ авдаг юм бол?
 
-Энэ жилийн хувьд Замын цагдаагийн газар "Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл" арга хэмжээг зохион байгуулж байна. Авто зам дагуу 10 цэгт автомашин, 20 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулж, 21 аймгийн замын цагдаа бүрэн бурэлдэхүүнээрээ ажиллаж байна.
 
-Иргэдэд өгөх зөвлөмж анхааруулга юу вэ?
 
-Орон нутгийн замд гарч болзошгүй ослын үед аюулгүй байдлаа хангаж, хамгаалалтын бүсээ байнга зүүж, бага насны хүүхэдтэй бол хамгаалалтын суудал ашиглах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж осол аваараас өөрийн болон бусдын амь насыг хамгаалахыг анхааруулж байна.
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин