sonin.mn
Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нарын бүрдүүлсэн баг буюу Зам Тээврийн Хөгжлийн яамыг 2016-2018 онд удирдсан нөхдүүд ажилдаа удаа хариуцлаггүй алдаа гаргаж, улмаар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гараад байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн Ням гарагт буюу 8 сарын 12-нд хуралдан, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг чөлөөлсөн. Мөн Б.Махбалыг хүн алж байхад хараад зогсож байсан тус яамны газрын дарга нарыг ажлаас нь халахаа мэдэгдсэн юм.
 
Харин Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хувьд түүний асуудлыг УИХ эцэслэн шийдэх учиртай. Уг шийдвэрээ танилцуулах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" хэмээсэн билээ. 
Тэгвэл архидан согтуурах, зодолдох, танхайрах явдал тус яамны харьяа Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүртэл гарч буй аж. 
Тодруулбал Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар  Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жуулчин" төвийн караокед тавдугаар сарын 31-нд үйлчлүүлж байгаад бармен залууг зодож, танхайрсан хэрэг гарсан билээ. Тэд нэр бүхий бүсгүйчүүдийн хамт үйлчлүүлэх үедээ тус байгууллагын дотоод журмыг зөрчин тамхи татаж байсан тул бармен О.Т шаардлага тавьсан байна. Гэтэл тэд "Бид нар шиг хүмүүст шаардлага тавьдаг чи муу хэн бэ, айн, Тэр дарга, захирлаа дууд. Ах нарт чинь арга хэмжээ авдаг хоншоортой цагдаа Монголд байхгүй" гэх зэргээр агсарч, О.Т-г бүлэглэн зодсон аж. Мөн уг газрын нэр бүхий удирдлагууд "Чингис хаан" ОУНБ-дээр УИХ-ын нэр бүхий гишүүнд агсам тавьж, танхайрсан тухай "Зууны мэдээ" сонин бичиж байв.
Аливаа алдаа дутагдлыг бүх сөрөг үр дагавар нь гарсны дараа биш урьдчилж засаж, залруулж байвал зөв биз. Иймээс ч Иргэний нисэхийн "зодоончдод" хэзээ хариуцлага тооцох эсэхийг тань хүлээж байя, Ерөнхий Сайдаа.
 
П.Мандах