sonin.mn
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3700 орчим ашигг малтмалын лиценци байна. Монгол Улсын газар нутаг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын хөлд сэглэгдэн байгаль орчны тэнцвэр алдагдаж, ус гол бохирдон, ширгэж газар нутгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж байна Эзэмших эрх бүхий малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, өвөлжөө, хаваржааны газруудад ашигт малтмалын лиценци гэх бичгийг ард түмний ямар ч оролцоогүйгээр давхардуулан олгож, үндэсний баялаг болсон мал аж ахуй, түүнийг эрхлэгч малчдын аж байдалд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байна.
Малчид, нутгийн иргэд газар нутгийнхаа төлөө энд тэндгүй тэмцэл өрнүүлж байгаа боловч тэдний санал, шаардлагыг хүлээн авч сонсон, шийдвэрлэх газаргүй мухардаж байна. Газар газрын малчид, нутгаа хамгаалсан хөдөлгөенүүд нэгдэж ЭХ НУТАГ-ИРГЭДИЙН ХЯНАЛТ гэсэн үндэсний хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Зургаадугаар зүйлийн 1-д " Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасан боловч Ашигт малтмалын тухай хуулинд энэ заалтыг тусгаагүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна.
Тийм учраас манай хөдөлгөөнөөс санаачлан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд Ашигт малтмалын хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсен тухай өргөдлийг гаргаж байна. Өргөдлийн хувийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд өгч байна.
Заг, Байдрагийн голын хөдөлгөөнөөс Баянхонгор аймгийн Заг сумын Их Булагт олборлолт явуулахаар завдаж байгаа Central Asia Mining компаны тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг хууль бусаар А лиценци олгосон асуудлаар, Байгаль орчны яамыг байгаль орчны үнэлгээг буруу, худлаа хийсэн асуудлаар шүүхэд өгч байна.
Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт ашигт малтмалын олборлолт явуулах гэж байгаа Степь Голд компаны ашигт малтмалын лиценцитэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Ашигг малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Зургаадугаар зүйлийн 1-д " Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг нарийвчлан тусгах хүртэл Үндсэн хуулиар олгогдсон гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг заалтыг хэрэгжүүлэх АРД ТҮМНИЙ БҮРЭН ЭРХТ ХЯНАЛТ-ыг ЭХ ОРОН-ИРГЭДИЙН ХЯНАЛТ үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд тус хөдөлгөөн нь эх орныхоо газар нутгийг тоолж, ашигт малтмалын лиценцитэй газар нутгийг бүрэн мэдэлдээ авна.
Үйл ажиллагааны гараа болгож Баянхонгор аймгийн Заг сумын Их булагт " ЭХ НУТАГ-ИРГЭНИЙ ХЯНАЛТ" хэлэлцүүлгийг явуулах гэж байна. Энэ хэлэлцүүлэгт тус аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Галуут сумдын иргэдийн төлөөллийг оролцуулах зорилт тавьж байна.
 
ЭХ НУТАГ-ИРГЭНИЙ ХЯНАЛТ" ХӨДӨЛГӨӨН