sonin.mn
ХОЁРДУГААР ХЭСЭГ
 
Ийн “Жи Пи Эф” компаниа, Салхитын мөнгө-алтны үндсэн ордоо “алдчихсан” гэдгээ гурван жилийн хойно гэнэт мэдсэн Ш.Мөнгөншагай Иргэний болоод Захиргааны шүүх рүү жил дараалан хандаж, шат дараалан заргалдав.
Ш.Мөнгөншагайгийн гомдол, нэхэмжлэлд “Жи Пи Эф” компани, Салхитын ордыгхудалдаж авсан “Си Си Эм Икс” ХХК-ийнхан ч хариу тайлбараа шүүхүүдэд гаргаж өгсөн байдаг юм.
Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай УБЕГ-ын Хуулийн этгээдийн газрыг хариуцагчаар нэрлэсэн нэхэмжлэл гаргажээ.
Энэ дагуу долдугаар сарын 30-ны өдөр шүүгч О.Оюунгэрэл гуравдагч этгээдээр “Си Си Эм Икс” ХХК-ийг татсан 5255 дугаар бүхий захирамж гаргасан байна.
“Си Си Эм Икс” ХХК нь П.Сарантуяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилжээ.
П.Сарантуяа 2015 оны наймдугаар сарын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “…Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Си Си Эм Икс” ХХК нь 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай компанийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.
“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг худалдан авахад уг компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч татвар төлдөггүй компани байсан. Энэ нь УБЕГ-аас ирүүлсэн хувийн хэрэг дотор уг компанийг шилжүүлэн авахад бүрдүүлсэн материалын нэг болох Баянгол дүүргийн Татварын хэлтсээс өгсөн тодорхойлолтоор батлагдана.
Харин бид уг компанийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн бус тооцоогоор 7.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, анх компанийн нэр дээр байсан Х буюу хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болготол үйл ажиллагаа явуулсан юм. Үүнийг нотлох санхүүгийн баримтыг хавсаргав.
Одоо “Жи Пи Эф” ХХК нь 40 гаруй үндсэн ажилтантай. Уурхай дээр өөрийн болон туслан гүйцэтгэгч компанийн 100 орчим хүн ажиллаж байгаа.
Монгол Улсад татвар, нийгмийн даатгал төлдөг компани болтлоо өргөжөөд байна.
Гэтэл иргэн Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг огт шилжүүлээгүй мэтээр мэдэн будилж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидний оруулсан их хэмжээний хөрөнгийг дээрэмдэх гэсэн явуургүй, ичгүүргүй арга юм.
Компанийн эрхийг шилжүүлэх үед бидний зүгээс хуульд заасан бүх баримт бичгийг хууль ёсны дагуу бүрдүүлэн өгсөн учраас өнөөдөр улсын бүртгэлийг хүчингүй болгох
үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Үүнээс жил орчмын дараа, 2016 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ш.Мөнгөншагай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлээр 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тавьсан байна.
Ингэхдээ мань Ш.Мөнгөншагай уяач учир байнга хөдөө амьдардаг байсан. Хүргэн дүү Г.Жаргалан нь компаниа хариуцаж явсан. Ажил бүтэлгүй, мөнгө муутай байна гэдэг байсан. 2012 оны сүүлчээс холбоогоо таслаад алга болсон. Гурван жил хүлээгээд сураггүй болохоор нь “…Яасан юм бол” гээд асууж сураглатал компанийг нь бусда шилжүүлснийг олж мэдсэн тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байна.
Иймээс “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийг шинжлүүлсэн гэрээнүүдэд үсэг зураагүй. Хувьцаа шилжүүлэх гэрээнд бас зураагүй. Ийм байхад Чингэлтэй дүүргийн наториатч М.Саранцэцэг өөрийг нь эзгүйд гэрээнүүдийг гэрчилсэн байна гэжээ.
Ш.Мөнгөншагайг нэхэмжлэл гаргаснаас найм хоногийн дараа 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд шүүгч Т.Энхжаргал Иргэний хэрэг үүсгэх тухай 101/Ш32016/15817 дугаар бүхий захирамжийг гаргасан байна.
Улмаар дөрөвдүгээр сарын 19-нд шүүгч Т.Энхжаргал Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/Ш32016/16237 дугаартай захирамж гаргаж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-017368 дугаартай лиценз, хайгуулын 12772Х, 12773Х лицензүүдийг худалдах, шилжүүлэх үйлдэл хийхгүй байхыг “Си Си Эм Икс” ХХК-д даалгасан байгаа юм.
Шүүгч Т.Энхжаргалын энэ захирамжийг “Си Си Эм Икс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа эс зөвшөөрч 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
П.Сарантуяа гомдолдоо “…“Си Си Эм Икс” ХХК нь 2012 оны дөрвөдүгээр сарын 23-нд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш дөрвөн жил болж байна.
Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хүсэлтдээ “…Лицензийг шүүхийн маргаан үүссэн гэдэг шалтгаанаар “ гуравдагч этгээдэд шилжүүлэх өндөр магадлалтай байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж яаралтай гаргаж өгнө үү” гэжээ. Гэвч бусдад шилжүүлэх ямар ямар магадлал байгаа талаараа дурьдаагүй холбогдох нотлох баримтуудыг хавсаргаагүй байхад шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Си Си Эм Икс” ХХК нь  одоогоор ихэнх нь монгол ажилчид, цөөн тооны Хятад улсын иргэдээс бүрдсэн 100 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх ямар нэг ажиллагаа хийх шаардлага байхгүй.
Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс маш их хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа энэ үед компанийг ямар ч хамаагүй аргаар буцааж авах зорилго агуулж, удаа дараа компанийн үйл ажиллагаанд саад хийж, ялангуяа компанийн зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээндээ нэмэлт болон бусад жижиг өөрчлөлтүүдийг хийх ажиллагааг шүүгчийн захирамжаар хааж, компанийн болон тэнд ажиллаж буй ажилчдын эрх ашгийг хохироож байгаа билээ. Ш.Мөнгөншагай 2012 оны долдугаар сарын  2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд компанийг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаснаар шүүхэд маргаантай байгаа гэдгээр компани гэрчилгээндээ жил гаруй хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэлийг хийлгэж чадахгүй хохирч байсан ба Дээд шүүх хэргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 108 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл Ш.Мөнгөншагай дахин Иргэний хэргийн шүүхэд бүр Г.Жаргалангийн өмнөөс хүртэл нэхэмжлэл гаргаж байхад шүүх энэ байдлыг анхааралгүй, хүсэлтэд гаргах хариуцагчийн тайлбарыг авалгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. УБЕГ гэрчилгээнд бусад хэлбэрээр ч өөрчлөлт хийхгүй болчихдог тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.
Ийм маягаар шүүхийн өмнөх процесст иргэн Ш.Мөнгөншагай “ялалт” байгуулж явсаар Иргэний болоод Захиргааны шүүх хурлууд болсон байдаг. Энэ тухай дараагийн дугаарт өгүүлнэ.
Тодруулбал, өөрийн итгэл үнэмшлээр шударга шийдвэр гаргах бүрэн эрхтэй, бас үүрэгтэй Монголын шүүгч чухам яаж амьдралаас тасарсан, цаасан дээр л бичиж болох шалтаг, “нотлох баримт”-ыг үндэс болгодог талаар, бас тэр нотлох баримтыг ямар шат дамжлагаар, яаж “үйлдвэрлэдэг” болохыг, бүр цааш нь хуулийн мафи хэрхэн ажиллаж, худалдсан “бараа”-г буцааж авч өгдгийг баримтаар харах болно.
 
Үргэлжлэл бий…
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин