sonin.mn
ХАНОЙ. /VNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “Ёнбён” цөмийн цогцолборыг татан буулгах эсэх, үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар хариу барих вэ гэдэг нь "Ханойн тунхаглал" баримт бичгийн цөм болно гэж БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээлэв.
Ханой хотод зохион байгуулж буй хоёр дахь дээд хэмжээний төгсгөлд хоёр орны удирдагчид тунхаглал батлах төлөвтэй байгаа бөгөөд үүний агуулгын талаархи янз бүрийн урьдчилсан таамаглал гараад байна.
Өнгөрсөн онд Сингапурт болсон анхны түүхэн уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийг шинэ шатанд гаргах нь АНУ-БНАСАУ-ын удирдагчдын яриа хэлэлцээний гол зорилго юм. Тухайн үед талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллаж, хоёр талын “шинэ” харилцааг бий болгож, хуваагдсан хойгт урт хугацаанд үргэлжлэх тогтвортой энх тайван дэглэмийг цогцлооход хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ.
Цөмийн зэвсгээс ангижрах зорилтод хүрэхийн тулд ямар ахиц дэвшил гаргах тухай нарийн тодорхой зүйл заалтуудыг Ханойн тунхаглалд тусгах төлөвтэй байна. БНАСАУ “Ёнбён” цөмийн цогцолборын гол үйл ажиллагааг зогсоох юм уу царцаах эсвэл ирээдүйд цөмийн зэвсэг бүтээхгүй гэх амлалтыг өгч магадгүй хэмээх таамаглал хамгийн түгээмэл байгаа юм.
Харин АНУ-д төвтэй “Vox” цахим хуудсанд мэдээлснээр, БНАСАУ “Ёнбён” цогцолборт цөмийн бөмбөг бүтээхэд ашигладаг материал үйлдвэрлэхээ зогсоохыг зөвшөөрч магадгүй ажээ. Үүний хариуд АНУ тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ зөөлрүүлэх ба ингэснээр хоёр Солонгосын эдийн засгийн төслүүд амжилттай урагшлах аж.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний олон улсын улс төрийн тусгай зөвлөх Мүн Чун Иний хэлснийг “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Түүний хэлснээр, хэрэв БНАСАУ “Ёнбён” цогцолборын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохоор тохиролцвол хориг арга хэмжээнүүдийг хэсэгчлэн цуцлах шийдвэрийг гаргахад “хангалттай” ажээ.
Тунхаглалд тусгах бусад тохиролцооны хувьд Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн цогцосыг БНАСАУ эх оронд нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрч магадгүй гэж “Vox” мэдээнд онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн онд АНУ-ын 55 цэргийн албан хаагчийн цогцосыг шилжүүлэн өгсөн билээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг