Уул уурхайн үндэсний ассоциаци /УУҮА/ санаачлан өнгөрсөн хавар уул уурхайн салбарын хэмжээнд “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Харин ирэх оны эхний улиралд удаах чуулга уулзалтыг зохион байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсгэж ажил үйлчилгээ явуулж байгаа бусад олон салбар, байгууллагыг оролцуулахыг зорьж байгаа юм байна.

Ирэх жилийн чуулга уулзалтад одоогоор барилгын салбарынхан оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. 2012 оны хаврын чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу УУҮА, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо шаардлага” гэсэн нэртэй MNS OHSAS 18001:2012 стандартыг боловсруулжээ.

Уг стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулсан билээ. УУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.



-Өнгөрсөн жил зохион байгуулсан чуулга уулзалтаас гаргасан зөвлөмж хэр хэрэгжиж байна вэ?

-Чуулга уулзалтаас аж ахуйн нэгж, төр, эзэд гээд олон тал руу чиглэсэн нэлээд том хэмжээний зөвлөмж гарсан. Эдгээрээс Уул уурхайн ассоциаци Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн стандартыг бий болгох, цаашид аюулгүй ажиллагааны уг зөвлөгөөнийг улсын хэмжээнд жил бүр тогтмол хийдэг болгох зэрэг ажлыг манайх зохион байгуулахаар болсон.

 

Тиймээс бид уг зөвлөгөөнийг санаачилсны хувьд, зөвлөгөөнд оролцогчдын санал санаачилга, захиалгын дагуу “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо шаардлага” MNS OHSAS 18001:2012 стандартыг боловсруулж өнгөрсөн долоо хоногт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулаа.

 

Гэхдээ стандартыг хэрэгжүүлэх, мөрдөх эсэх нь тухайн аж ахуйн нэгжийн сайн дурын хэрэг л дээ. Аливаа хөгжингүй улс орны үзэл баримтлалд ч хэн нэгнийг албадах нь хууль зөрчих, ил тод байдлыг үгүй болгох зэрэг хор уршиг дагуулдаг хэмээн үздэг. Нийгмийн өмнө тухайн байгууллага хэр хариуцлагатай байгааг хэмжих долоон үзүүлэлтийн нэг нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал шүү дээ.

 

Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр судалгаа, хэлэлцүүлэг, сургалт, шалгалт хийдэг олон байгууллагыг нэгтгэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор цахим хуудас нээн ажиллуулах зэрэг ажлыг төлөвлөж байна. Эндээс зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй тодорхой асуудлаар олон нийт байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх, санаачилга гаргах боломж ч бий болно.



-Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ч “хөдөлмөрийн эрүүл мэнд” гэдэг үг байхгүй. Энэ нь “эрх зүйн” эрсдэлийг бий болгох юм биш үү?

-Энэхүү стандартыг мэргэжлийн, орчуулгын олон байгууллага хамтран орчуулан боловсруулсан. Тодруулбал, уг стандартыг орчуулан хэлэлцэн боловсруулсан мэргэжлийн хүмүүсийн нийтлэг байр суурь бол хүнд аж үйлдвэр, инженерчлэлийн эрин үед монгол хүн хөдөлмөр эрхлэхдээ эрүүл, аюулгүй нөхцөлд осол эндэгдэлгүй ажиллаж, үйлдвэрлэл үйлчилгээний уламжлалт соёлоо баяжуулан хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх бодит хэмжүүрийн нэг нь бүх аж ахуйн нэгж байгууллагад төвөлшүүлэх хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын зөв тогтолцоо юм гэж үзэж байгаа.

 

Эрүүл ахуй гэдэг нь өргөн ойлголт, хөдөлмөрийн эрүүл мэнд гэдгийг хөдөлмөр эрхэлж байх үеийн тухайн хүний эрүүл мэнд гэж ойлгоно. Ганцхан хөдөлмөрийн эрүүл мэнд гэдэг үг биш, аюулгүй байдал уу, аюулгүй  ажиллагаа гэх үү, үл тохирол үү, үл нийцэл гэх үү гэх зэргээр нэршлийн хувьд орчуулахдаа өөр өөрөөр орчуулснаас ийм байдал үүсч байна л даа.

 

Гэхдээ хөдөлмөрийн эрүүл мэнд гэдэг нь нэр томъёоны хувьд цоо шинэ зүйл биш. Орчуулахдаа л манайхан ингэж орчуулсан байсан шүү дээ. Энэ нэршил нь олон улсад хэрэглэж байгаа нэр гэж ойлгож болно. Энэ асуудлыг олон мэргэжлийн, туршлагатай баг бүрэлдэхүүний гурван удаагийн хэлэлцүүлгээр оруулсан.



-Ямар баг ажилласан бэ?

-“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо шаардлага” MNS OHSAS- 18001:2012 стандартын төслийг    боловсруулж хэлэлцэхэд Монгол улсын Стандартчилал хэмжил зүйн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, УУҮА, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн    менежментийн хүрээлэн OSHMI, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, HSESYS-TEMS ХХК, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,

 

МҮЭХ зэрэг олон байгууллагын төлөөлөл үнэтэй санал санаачилга гарган хамтран ажилласан. Уг стандартын төслийг ажил олгогч эзэд, ХАБЭА-н мэргэжилтэн, ҮЭ-ийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй гурван удаа хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, нийгмийн түншлэлийн талуудын санал орсон гэдгийг онцолмоор байна.




-Стандартыг энгийнээр тайлбарвал...

-Ажлаа төлөвлө, хэрэгжүүл,    шалга, сайжруул гэсэн аргачлал, дэс дараалал юм. Жишээ нь, Төлөвлө гэдэг нь хөдөлмерийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх бодлогын дагуу тодорхой үр дүнд хүрэхэд шаардлагатай зорилтууд болон үйл явцуудаа тогтоосон байхыг хэлнэ. Хэрэгжүүл гэдэг нь эдгээр үйл явцыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд хамааралтай. Шалга гэдэг нь хэрэгжүүлж байгаа үйл явцуудыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх бодлого, зорилтууд, хууль тогтоомж болон бусад шаардлагын дагуу шалгаж хэмжин үр дүнгээ мэдээлэхийг хэлнэ.


Сайжруул гэдэг нь хөдөлмөрийн  эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа байнга сайжруулах талын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хэлнэ.
Гэхдээ аливаа аж ахуйн нэгж уг стандартыг өөрийн үйл ажиллагаа, дүрэм журмын хүрээнд өөрчлөн ашиглаж болохоор уян хатан гэдгээрээ онцлог.

Д. Тэгш
Эх сурвалж: "Хөдөлмөр"