Германы эдийн засгийн “алтан үе” ард хоцорч, тус улс хөгжлийн үзүүлэлтээр хөрш орнуудынхаа түвшин рүү уруудаж байгаа бололтой. Тус улсын тэргүүлэгч концернууд байр сууриа алдсаар л. Улс орны өрсөлдөх чадвар суларснаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больж, Герман улс саяхныг хүртэл еврогийн бүсийн гинжин холбооны хамгийн сул хэлхээ гэгдэж байсан Португалын ард жагсах болсон тухай Оросын түүхч, олон улсын харилцаа судлаач Дмитрий Добров дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.     
Еврогийн бүсийн хамгийн тогтвортой эдийн засаг гэгддэг Герман улсаас түгшүүр төрүүлэм мэдээллүүд ирсээр байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч «Сентикс» (Sentix) агентлагийн таамаглаж байгаагаар, Германы эдийн засгийг хүнд бэрх цаг хүлээж байна. Тодорхой хэлбэл, олон улсын хөрөнгө оруулагчид сүүлийн 9 жилийн хугацаан дахь хамгийн таагүй үнэлгээг өгчээ. “Сентикс” агентлагийн захирал Манфред Хюбнер-ийн үзэж байгаагаар, еврогийн бүсийн хамгийн том эдийн засаг хямралын ирмэгт нэгэнт ирсэн байна. Олон улсын хөрөнгө оруулагчид төдийгүй германчууд өөрсдөө ч мөн адил ийм сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тухайлбал, Германы Төв банкны хийсэн таамаглалаар, энэ онд тус улсын ДНБ-ний өсөлт 0,6 хувьтай байх ба үүний зэрэгцэн аж үйлдвэрийн салбар нь сүүлийн 4 жилд байгаагүйгээр унах аж.  
 
Харин зарим шинжээчид иймэрхүү гутранги таамаглалаас зайлсхийж байна. Дюссельдорф дахь Макро эдийн засаг ба бүтцийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн үзэж байгаагаар, Германд хямрал болох магадлал 28 хувьтай байгаа учраас түгшүүр зарлах нь эртэдсэн хэрэг гэнэ. 2019 оны 1 дүгээр улиралд ДНБ 0,4 хувиар өссөн бол ажил эрхлэлт өндөр түвшинд хэвээр байна. 
Харин 2018 оны сүүлчийн улиралд эдийн засгийн өсөлт тэгтэй тэнцэж, өмнөх 3 дугаар улиралд ДНБ 0,2 хувиар буурч байсан хэдий ч аз тохиож, хямралаас зайлсхийж чадсан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөлт 2 сарын хугацаанд буурсны дараа зогсонги байдал эхэлдэг ба тухайн үед Герман улс “хутганы ирэн” дээгүүр явж байсан гэж хэлж болно.  Их Британийн «Кэпитал экономикс» (Capital Economics) судалгааны төвийн ерөнхий шинжээч Жэк Аллен-ий дүгнэснээр бол, 2018 оны туршид Германд эдийн засгийн өсөлт удааширсан байна. Тодорхой хэлбэл, өрхийн хэрэглээ буурч, үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт багассанаас гадна экспорт хумигджээ.
Өсөлт удааширсны гол шалтгаанууд гэвэл: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдөөсөн худалдааны дайн, Брексит-тэй холбоотой эрсдэл, Германы автомашины үйлдвэрийн салбар хямарсан болон экологийн хатуу чанд шаардлага тавьснаас үүдэн бүтээгдэхүүний өртөг өсч байгаа зэргийг нэрлэж болно. Эдгээр хүчин зүйл нь экспортод чиглэсэн Германы эдийн засагт дарамт болж байгаа юм. Германы хувьд АНУ бол экспортын хамгийн чухал зах зээл, харин Хятад бол худалдааны хамгийн том түнш мөн. Гэтэл энэ хоёр улс худалдааг ивээх зорилгоор гаалийн татвараа нэмэгдүүлж байгаа нь Германд хохиролтой тусч байгаа юм.  
Үүссэн нөхцөл байдалтай холбоотой цорын ганц эерэг тал гэвэл, Америк-Хятадын хооронд худалдааны дайн өрнөж буй энэ үед олон улсын хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийн, тэг хувьтай, тэр ч байтугай хасах хүүтэй байсан ч гэсэн Герман зэрэг “найдвартай” улсуудын үнэт цаасыг худалдаж авахаас аргагүйд хүрч магадгүй. Энэ тохиолдолд мөнгө зээлэх боломж Германы засгийн газарт гарч ирнэ, гэхдээ нөхцөл байдал муудсан үед хөрөнгө оруулагчид бодлоо өөрчилж ч магадгүй юм. Германы эдийн засгийн өсөлт удааширсанаас үүдэлтэй эрсдэлүүд нэмэгдэж байгаа нь үнэт цаасны зах зээлд ч нөлөөлөөд эхэлжээ. Тодруулбал, Германы бондуудын өгөөж сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт рүү уруудлаа.
Үүний сацуу дэлхийн “Премьер-Лиг”-т Германы тэргүүлэгч концернууд байр сууриа алдсаар байгаа тухай мэдээлэл хөвөрсөөр. Эдийн засгийн цар хүрээгээр дэлхийд 4 дүгээрт ордог Герман улсын ердөө 44 концерн дэлхийн хамгийн том 1000 компанийн жагсаалтанд бичигдэж байна. Харьцуулваас, уг жагсаалтанд АНУ-ын 299, Японы 146, Хятадын 79, Их Британи болон Францын тус бүр 45 компани багтаж байх жишээтэй. Германы концернуудын орлогын хэмжээ жилийн дотор дөнгөж 1,2 хувиар өссөн бол АНУ ба Азийн орнуудын компаниудын санхүүгийн үзүүлэлт 10 хувиар, Европын компаниудынх 7,7 хувиар дээшилсэн байна. Германы эдийн засагчдын үзэж байгаагаар, тус улсын бизнесийн салбар нь хүндхэн үеийг туулж буй дэлхийн зах зээлээс хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүдийн нэг болж байгаа аж.
 
Үүний сацуу, Герман улс аж үйлдвэрийн хуучин салбарууд, ялангуяа автомашины үйлдвэрлэлд тулгуурласан хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлт буурах гол шалтгаан юм. Гэтэл өндөр технологийн болон түүхий эд олборлогч компаниуд эрчимтэй тэлж байгаа билээ. 
  
Парисын “Монд” /Le Monde/ сонинд дүгнэн бичсэнийг үзвэл, Германы эдийн засагт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд нь Канцлер Ангела Меркелийн явуулж буй “хэт болгоомжилсон” бодлоготой холбоотой ажээ. Меркелийн хувьд, аль хэдийнэ хэрэгжүүлэх цаг нь болчихсон бүтцийн шинэчлэлээс татгалзсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, Берлиний эрх баригчдын идэвхгүй байдлаас үүдэн Германы эдийн засгийн машин тоормосоо татжээ. Тус улсад мэргэжилтэй ажиллах хүчин дутагдаж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн ба ажиллах хүчнийг татах хууль эрхзүйн орчин бий болоогүй байна. Үүний сацуу хүн амзүйн хямрал дэгдэж, “төрөлтийн огцом өсөлт”-ийн үеийн хүмүүс олноороо тэтгэвэрт гарч байгаа нь асуудлыг улам хурцатгалаа.
 
Дэд бүтцийн асуудал санаа зовоосоор байна. Төмөр замууд ба автозамуудын нөхцөл байдал тааруухан байгаа нь олон арван жилийн турш санхүүжилтийг дутуу хийж ирснээс шалтгаалжээ. Мөн интернэт ба цахилгаан холбооны салбар чанарын хувьд хоцрогдсон байна. Эдгээр хүчин зүйл нь Герман улсын өрсөлдөх чадвар муудсаар буйг харуулж байгаа юм.
 
Шинжээчдийн саяхан хийсэн дүгнэлтээр, одоогийн байдлаар Герман улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй байдлаараа еврогийн бүсийн гинжин холбооны хамгийн сул хэлхээ гэгддэг Португалын дараа орох болжээ. Үүнд Германы татварын бодлогын дутагдалтай талууд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. АНУ, Франц болон бусад хэд хэдэн улс бизнесийн салбарын татварын ачааллыг бууруулсаар байгаа атал Германы засгийн газар үндэсний үйлдвэрүүдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд юу ч хийхгүй байна. Гэтэл 2018 онд холбооны төсөв 10 тэрбум еврогийн илүүдэлтэй гарсан нь бизнес эрхлэгчдээс хурааж буй татварын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.  
Саяхныг хүртэл дэлхийд шилдэгт тооцогдож байсан Германы автомашин үйлдвэрлэлийн салбар хямралд оржээ. Үүний шалтгаан гэвэл нэгдүгээрт, байгаль хамгаалагчид болон гадаадын өрсөлдөгч компаниуд хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй гэж үздэг дизель түлшинд “дайн зарласан” байна. Гэтэл Германы сонгодог технологи нь дизель хөдөлгүүрт суурилдаг билээ. Үүнээс гадна, автомашинаас ялгарч буй хорт хийн хэмжээг зориуд бууруулж, худал мэдээлэл өгсөн гэх асуудлаар 2015 онд “Фольксваген” компанитай холбоотой дуулиан АНУ-д дэгдсэний улмаас тус компани олон тэрбум еврогийн алдагдал хүлээсэн билээ. Хоёрдугаарт, дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд цахилгаанаар ажилладаг автомашин ба хос хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлжээ. Гэтэл германчууд шинэ технологи эзэмших өрсөлдөөнд илт хоцорч байна. 
Гэсэн хэдий ч Нидерландын ING банкны шинжээчдийн үзэж байгаагаар, Германы эдийн засгийн байдал эрс муудсан гэж дүгнэхэд эрт байна. Энэ онд тус улсад инфляцийн түвшин 1,6 хувиас хэтрэхгүй төлөвтэй байгаа нь банкуудын зүгээс үйлдвэрийн газруудад олгож буй санхүүжүүлэлтээ үргэлжлүүлэх боломжийг олгоно. Ажилгүйдэл 2018 онд 2,5 хувьтай байсан нь маш доогуур түвшинд байна гэсэн үг. Цалин болон дотоодын хэрэглээ өссөөр байгаа нь экспортын орлогын бууралтыг нөхөж байгаа бол барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Германы эдийн засгийн суурь нь бат бөх хэвээр байгаа учраас зогсонги байдлаас гарах магадлал нь хямралд өртөх магадлалаас илүү байгаа юм. Гэсэн хэдий ч хүн ам хөгширч, олон улсын өрсөлдөөн ширүүсч, еврогийн бүсийн өрийн асуудал Германд дарамт болж буй энэ цаг үед  бүтцийн шинэчлэлийг хойш тавих ёсгүй. Гэхдээ ямартаа ч Германы эдийн засгийн “алтан үе” ард үлдэж, хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдээрээ тус улс Европын хөрш орнуудын түвшинд хүртэл уруудах вий гэсэн сэтгэгдэл төрж байна.
 
 
 
Орчуулсан Б.Адъяахүү