sonin.mn
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.
 
-УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгааг цаг хугацааны хувьд тохиромжгүй. Дээр нь “гэмт хэрэгтнүүд”-ээр  эцэг хуулиа өөрчлүүлж болохгүй гэсэн  байр суурийг та илэрхийлсэн байна. Яагаад ингэж үзэх болов? 
 
-Энд хоёр зүйл байна, нэгдүгээрт УИХ Монголын ард түмний төлөөллийн байгууллага тул ард түмэн юу хүсч хүлээж байна вэ, тэрийг эхний ээлжинд шийдвэрлэж байх ёстой. Өнөөдөр монголчуудын нэлээд нь Үндсэн хуулийг өөрчлөөсэй гэж хүсч байгаа байх. Нэг хэсэг нь хүсээгүй.
Үүнийг хийхээс илүү юуг хүсч байна гэвэл, шатахуун, мах, ус, цахилгаан, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдлээ, бидний нуруун дээрх ачааг яаж хөнгөлөх бол гэж хүлээж байгаа. Хоёрдугаарт, бидний амьдралыг дээшлүүлэхэд хамгийн чухал нэг асуудал нь Оюутолгойтой холбоотой. Энэ гэрээг сайжруулаасай, нөгөө талд ч, Монголын ард түмэнд ч ашигтай болгож өөрчлөөсэй гэдгийг хүсэн хүлээж байгаа. Энэ асуудлыг УИХ хэлэлцэх сонирхол бага байна. Жилийн өмнө ажлын хэсэг гаргаж ажиллуулчихаад дүгнэлтийг нь одоо хүртэл авч хэлэлцэхгүй байна. Сая тэр ажлын хэсгээс гадна Засгийн газар дээр тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг өөр хүнээр ахлуулан шинээр байгууллаа. Уг нь Оюутолгойг шалгасан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулаад, түүнд үндэслэн ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж Засгийн газарт чиглэл өгчих хэмжээний хүмүүс байгаа шүү дээ. Арав гаруй УИХ-ын гишүүн, дээр нь холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүд орсон шүү дээ. Тэдэнд итгэл өгч ажиллуулахад цаг алдахгүй. УИХ ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, шийдвэрээ гаргаж өгөхгүй байгаа нь Засгийн газрын ажиллах боломжийг хааж байна. Энэ нь санаатай, санамсаргүйг мэдэхгүй. Ер нь ингэж удаашруулах нь санаатай ч байж магадгүй. Оюутолгойн гэрээг ард түмний төлөө сайжруулах сонирхол байхгүй юм уу гэсэн хардлага төрөхөд хүрч байна. Нөгөөтэйгүүр, АСЕМ-ын асуудал, Төвбанк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк гэх мэт банкуудыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн тэрбумаар нь идсэн уусан гэх асуудлыг шалгалаа л гэдэг, үр дүн гарсан юм алга. Оффшор бүсэд өчнөөн тэрбум төгрөг байна гэж хэдэн жил шуугилаа, бас л байдаггүй. Хүмүүсийн ярьж байгаа үнэн бол ял эдэлж байх ёстой нэлээд хэдэн хүн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гээд хэрэг нь хаагдах нөхцөл бүрдчихээд байхад УИХ болон төрийн бусад байгууллага яаралтай ажиллахгүй цаг хугацааг өнгөрүүлж байна. Үндсэн хуулийн төслөөс өмнө энэ асуудлыг яаравчилж УИХ өдөр шөнөгүй хэлэлцэж баймаар. Гэтэл УИХ ард түмнээ сонсохгүй байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэх гэж байгаа УИХ-ын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч маань энэ УИХ-ыгбүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж  хоёр  удаа тарахыг шаардсан албан бичгийг өгсөн. УИХ-ын 75 гишүүний нэлээд нь бид цаашид ажиллах чадваргүй тул таръя гэж гарын үсгээ зурсан. Мөн 50 гаруй гишүүн ЖДҮ, “60 тэрбум” болон түрүүнд дурдсан томоохон хөрөнгө мөнгөний асуудалд холбогдсон. Заримынх  нь ялын дүгнэлт хуулийн байгууллагууд дээр гарчихсан  хүмүүс ч байгаа. Гэмт хэрэгт холбогдсон, ёс суртахуунгүй хүмүүс эцэг хуульд  гар хүрнэ гэдэг байж болохгүй.
 
-Зарим эрдэмтэн, судлаач одоо байгаа хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй бол өөр хэнээр хийлгэх юм бэ гэлцдэг. Гурван парламент дамжууллаа одоо  шийдье гэх нь ч байна?
 
-Одоогийн УИХ-д байгаа 76-г  2016 онд Монголын ард түмэн сонгохдоо гэмт хэрэгт холбогдсон, ёс суртахуунгүй хүн биш гэж бодоод сонгочихсон.Гэтэл өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд болохгүй, бүтэхгүй асуудал гаргалаа. Энэ  бүрэлдэхүүнд би сэтгэл дундуур байгаа, ийм хүмүүсийг  Үндсэн хуульд гар хүргэмээргүй байна. Өөрсдөө ч гэсэн би ёс суртахуунгүй шүү,  би доголдолтой шүү, шударга бус байгаа шүү гэдгээ ухамсарлаж, бид болъё дараагийн парламентад үлдээе гэж болно доо, уг нь.
Миний дүгнэж байгаагаар сүүлийн гурван парламент хамгийн их хэрэг будлиантуулсан, МАНАН гэж байдаг юм бол хамгийн их МАНАН-тсан ийм УИХ. Авлига,оффшор, хөрөнгө мөнгө идсэн үйлдлүүд хийгдсэн нь үндсэндээ тогтоогдчихоод байгаа шүү дээ. Тийм ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан хүмүүс Үндсэн хуулийг өөрчилнө гэхэд сэтгэлд багтахгүй байна.
 
Гурван парламент дамжсан нь тэд өөрсдийн дутагдлыг ойлгоод л  тэгсэн хэрэг. Тэр дутагдлаа чихэх эзэн нь өөрсдөө атал эзэн биегүй юм гээд Үндсэн хууль руу чихчихдэг, тэгээд 1992 оны Үндсэн хууль муу учраас бид идлээ, уулаа, хэрэгт холбогдчихлоо, эцэг хуулийг сайжруулахгүй бол болохгүй нь гэдэг.
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь,  мөн УИХ-ын дарга ч хэлж байсан 1992 оны Үндсэн хууль маш сайн болсон. Гэхдээ үүргээ гүйцэтгэсэн, бид багахан хувьд нь өөрчлөлт оруулж байгаа гэх юм?
 
-Үүргээ гүйцэтгэсэн гэдгийг төгс утгаар хэлж байгаа биз дээ. Тиймээс одоо шинэ хууль хэрэгтэй гэж байна би ойлгосон. Гэтэл эд нар Үндсэн хуулийн 28-хан хувьд нь өөрчлөлт оруулж байгаа гэж яриад байгаа. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль хэвээр үйлчилж байгаа биз. Тиймээс би 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, одоо  ч гүйцэтгэж байна, цаашид ч гүйцэтгэнэ гэж хэлнэ. Буруу дүгнэлт хийвэл буруу шийдэл гарна шүү дээ. Тэгвэл УИХ дүгнэлтээ буруу хийж байна.Үүнийг хэлэхдээ би 1992 оны Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй гэж байгаа юм биш. Өөрчилвөл ард түмний хүсэн хүлээж байгаа,одоо байгаа нөхдүүдээс арай алсыг харж, бодож, ярьж байгаа хүмүүсийнхээ саналыг авч төрийн тогтолцоо буюу гуравдугаар бүлэгт л өөрчлөлт хийе. Үүнийгээ ард түмнээс асууя гэсэн бодолтой байгаа.
 
-Одоо УИХ-аар ярьж байгаа төсөлтэй та танилцсан байх. Бас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүллээ. Ард түмэнд бус албан тушаалтанд зориулсан өөрчлөлт хийх гэж байна гэсэн шүүмжлэлийг сонсч байгаа байх. Та ямар дүгнэлт хийж байна?
 
-Энэ ярилцлага хэвлэлд нийтлэгдэж, түүхэнд үлдэх учраас би  зүйл заалт болгоныг тодорхой яръя. Жишээ нь, УИХ-ын ажлын хэсгийнхэн 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоо” гэгч заалтыг засч байгаа гэсэн. Энэ талаар миний өгсөн албан бичгийн хариуд Д.Лүндээжанцан хариу ирүүлсэн. Гэтэл “Дордуулсан долоо”-г огт засаагүй байна. Өргөн барьсан төслийн 27 дугаар зүйлийн 27.6-д “УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийднэ” гэж байна. Хуралд олонх нь ирээд олонхийн шийдвэрээр шийдвэр гаргана гэдэг чинь хууль гаргана гэсэн үг үү, тогтоол гаргана гэсэн үг үү. Өмнө нь 76 гишүүний доод тал нь 51 нь ирж байж хурал эхэлдэг байсан. Одоо энэ байдал засарлаа гэхэд 51 биш 39 гишүүн л ирэх нь байна шүү дээ. Тэгээд Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол гэхээр 20 хүн хууль баталдаг нь хэвээр үргэлжлэх нь. Гэхдээ үүнийгээ булзааруулж доор нь  “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг  УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар батална гэсэн үг нэмсэн байна лээ. Нийт гишүүний олонх гэдэг нь дийлэнх олонхийг хэлж байна уу, эсвэл 50+1-ийг хэлэв үү. 50+1 гэвэл 51 гишүүн,  дийлэнх олонх гэдгийг юу ч гэж ойлгож болно. Үүнээс үзэхэд хууль батлах нь гол биш бололтой. Гэтэл хамгийн гол зүйл нь гишүүдийн дийлэнх олонх нь ирээд хэлэлцэх нь чухал. Тэгж байж ард түмнийг төрд төлөөлнө. 76 гишүүний 39 нь ирээд хуралдаад байна гэдэг чинь УИХ өөрөө  ард түмний төлөөлөл байх чадвараа алдаж байна гэсэн үг. Жишээлбэл, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сонгууль явахгүй бол тэр тойргийн иргэд төлөөлөлгүй боллоо гэж дээр доргүй ярьж байна.Тэгэхээр 39 гишүүний цаана хуралд суугаагүй түшээд гэдэг чинь ард түмний төлөөлөл байхгүй байна. Иймээс УИХ-ын 76 гишүүний дийлэнх олонх нь ирж байж асуудлыг  хэлэлцдэг байх нь чухал байгаа юм. Энэ асуудал засагдсангүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн  22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж гишүүдийн 3/2-оос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл Ерөнхийлөгч мөнхүү шалтгаанаар УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
 
Гэтэл өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг ийм эрхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзээд Ерөнхийлөгч санал оруулдаг хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр удаа санал оруулчихаад байна. Тэгвэл энэ эрхийг нь байхгүй болгох гэж байна.
 
-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай үүнийг  “Ерөнхий сайдуудаар тоглож дуусаад одоо Ерөнхийлөгчөөр тоглодог болох гэж байна” гэж шүүмжилсэн. Гэтэл ажлын хэсгийнхэн “Бид Ерөнхийлөгчийн эрх үүргийг огт хасаагүй, харин ч нэмж байгаа” гээд байна лээ?
 
-Юуг нэмсэн нь сонин, тухайлбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Ингэхдээ нэг удаа  сунгагдаж болно, ингээд найман жилээр ажиллах байсныг нэмээд дөрвөн жилийг зургаа болгосон гэж тайлбарласан. Гэтэл найман жил ажиллах боломжтой байсан хүнийг зургаан жил болгож байна шүү дээ. Энд жишээ хэлэхэд, яагаад БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Эрдагон, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нар төрд ажиллах хугацаагаа сунгаад байна вэ. Тэрийг нь яагаад хуулиар зөвшөөрөөд байна вэ. Гэтэл яагаад манайх Төрийн тэргүүнийхээ ажиллах хугацааг богиносгоод байна вэ. Ер нь бол Ерөнхийлөгч хийж чадаж байвал хоёр удаа сонгогдоод ажиллаж болно. Чадахгүй байвал заавал дөрвөн жил, эсвэл зургаан жил ажиллуулах шаардлагагүй шүү дээ. Улс орнууд төрийн тэргүүнийхээ ажиллах хугацааг бодож шийдэх ёстой. Аливаа хуулийг ажиллаж байгаа хэн нэгэн хүнийг бодож хийдэггүй, ирээдүйд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харж, улс үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бодож хийдэг. Одоогийн УИХ хүнд тааруулж хийж байна. Жишээ нь энэ заалт 2025 оноос хэрэгжинэ гэж байгаа нь Х.Баттулгыг улираан сонгох боломж олгож байгаа тул өөрт нь  таалагдана. Өөрчлөлтөөр  Үндсэн хуулийн 25.1.6-д заасан Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрхийг УИХ хийхээ болих нь. Манай улсад Ерөнхий сайд нь сонгуульд ялсан буюу олонхийн суудал авсан намын дарга нь байдаг. Тэгэхээр  Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж байгаа боловч цаанаа нэг намын дарга томилох болж байна. Парламент бол ард түмний, нам бол хэсэг бүлгийн төлөөлөл. Намыг төрийн дээр тавих нэг алхам хийгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад  Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх  ажиллагаанд төрийн эрх барих байгууллагууд нь оролдцог. Энэ хөнгөхөн бодоод хийчихсэн зүйл биш. 1990 оны гуравдугаар сарын 23-ны 1992 оны Үндсэн хуулиар Марксизм-Ленинизмыг удирдлага болгосон МАХН бол манай удирдах хүч мөн гэсэн заалтаас бид татгалзаж,намын үүрэг ролийг багасгасан.Гэтэл 27 жилийн дараа нам босоод ирлээ. Түүний нэг нь Ерөнхий сайд Засгийн газрыг томилох эрхийг хуульчлах гэж байна. Нөгөө нь 19/1, 19/2 гэсэн заалт юм. 19/1 заалтад улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заажээ. Улс төрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам байх нь л дээ. Үүнд ямар намыг үзэх вэ, хуулиар тодорхой болгох ёстой. Энэ нь бодож ядаад байх юмгүй  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам гэхээр бүх аймаг, Монголын 360 гаруй сумд намын үүр, хороо, үйлдвэр аж ахуйн газартай МАН, АН хоёр юм байна.Энэ хоёр намыг л бодоод хийчихэж. Бусад намын тухайд ийм биш. Үүнтэй холбоотой заалт нь “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна.Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэжээ. Тэгэхээр болзол гаргах бололтой. Тэр болзлыг саяын хэлсэн улсын хэмжээний биш намд өгөхгүй байх нь. Намын санхүүжилт  ил тод байх ёстой, тайлангаа өг гэсэн заалт одоо хүчин төгөлдөр байгаа бүх хуульд бий. Гэтэл тайлангаа гаргадаг ил тод мэдээлдэг нам байхгүй. Энэ юу гэвэл, Үндсэн хуульд тусгагдаагүй юмыг Үндсэн хуулийн байгууллага болгож гаргаж ирж байна. Тэгэхээр энэ бол 1990 оныхоос ухарсан өөрчлөлт болжээ гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би үзэж байгаа.
 
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 43.1 гэсэн заалтад УИХ-ын гишүүдийн 4/1 нь Ерөнхий сайдыг огцруулж гэсэн үг байна. Тэгэхээр 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бололтой. Гэтэл бид Ерөнхий сайд тогтвортой ажиллах ёстой, төрөө тогтворжуулъя гэдэг шүү дээ?
 
-Наадахыг чинь би буруу дүгнэлт гэж боддог. Төр гэдэг Засгийн газраар хэмжигдэхгүй шүү дээ. Энэ хугацаанд ажилласан бүх Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Хугацаанаасаа өмнө огцорсон нэг ч УИХ байхгүй. Тэгэхээр төр гэдэг зөвхөн Ерөнхий сайд биш. Засгийн газар тогтворгүй байсан нь Үндсэн хуулиас болоогүй. Нам доторх фракц, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоор л огцорсон. Жишээлбэл, Н.Алтанхуяг “Би хонгилоор орсон” гэж ярьдаг. “Чи Оюутолгойн гэрээг хэлснээр хийхгүй бол” гээд огцруулсан юм байна лээ. Намайг УИХ-ын гишүүн байхад АН-ын дөрвөн Засгийн газар ажилласан. Тэр үед АН УИХ-д 50 гишүүнтэй байсан. Гэтэл өөрсдөө өөрсдийгөө огцруулсан. Тэгэхээр 1.6 жилийн настай Засгийн газар ажилласан нь Үндсэн хуулиас болоогүй. Гэтэл буруу дүгнэлт хийж буруу засвар оруулж байна.
Бас 51 дүгээр зүйлийн 51.2-т Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж байна. Томилох шийдвэр гэхээр томилчихсон шийдвэр байх нь байна, түүнийгээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр зүгээр л хүргүүлэх юм байна. Цааш нь Ерөнхийлөгч батламжилна, батламжлахаас татгалзсан бол үндэслэлээ нийтэд мэдээлнэ гэжээ. Энэ ямар утгатайг би сайн ойлгохгүй байгаа. Мөн  Дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилсон шийдвэрээ УИХ-д оруулж танилцуулна гэснээс УИХ танилцдаг байгууллага гэж ойлгогдоно.  Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ өөр дээрээ хадгална гэж хуульчилсан атал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ өөрийн эрхийг бусад байгууллагууд руу өгсөн заалт нэлээд хэд оржээ. Жишээлбэл, Засгийн газрын гишүүнийг томилохгүй, чөлөөлөхгүй гэсэн нь хууль тогтоох эрх мэдлээ алдаж байна гэсэн үг.
Төслийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь заалт нь дээрх  заалттайгаа зөрчилдсөн. Энд Ерөнхийлөгчийн шийдвэрээс дээгүүр  эрх мэдэлтэй шүүгчийн хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага гараад ирж байгаа. Хуулийн заалтад “Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах чөлөөлөх шийдвэр гаргана” гэж байгаа. Тэгэхээр шүүгчийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлөх юм уу, хариуцлагын зөвлөл нь шийдэх юм уу. Миний ойлгосноор Ерөнхийлөгчийн шийдвэрийг зөвлөл гэх шинэ байгууллага шийдэх юм байна.
 
Ер нь бол Үндсэн хуульд УИХ-ын  хүн томилдог эрхийг багасгах ёстой. Гэтэл эсрэгээрээ нэмсэн. Тэр байтугай асуудал эрхэлсэн байнгын хороонд томилох эрхийг нээгээд байна. Хуульзүйн байнгын хороо л гэхэд ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг санал болгож томилохоор хуульд тусгажээ.
 
Эрдэнэт, Дарханыг хот болгоё гэж улсын болон орон нутгийн харъяатай гэсэн үг нэмжээ. Энэ үгийг нэмсэнээр асуудал шийдэгдэхгүй. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжид аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороодод хуваагдана гэж бий. Улсын чанартай хот болсноор, орон нутгийн чанартай засаг захиргааны нэгж болохгүй нь. Хэрэв засаг захиргааны нэгж болохгүй бол одоогийн Үндсэн хууль дахь захиргааны нэгж хуваарилах заалт байхад л хангалттай. Би Эрдэнэт, Орхон, Дарханыг засаг захиргааны нэгж байх, бие даасан хот болох сонирхолтой байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр засаг захиргааны нэгж болгосон тэр заалт дээр нь аймаг, нийслэл, хот гэсэн үг нэмбэл илүү зохистой. Түүнээс улсын болон орон нутгийн харъяатай хот гэдэг үгийг хуулийн заалтад хийснээр асуудал шийдэгдэхгүй. Засаг захиргааны нэгж, орон нутгийн нэгж гэдгээ хууль хийж байгаа хүмүүс ойлгож байгаа юм уу, үгүй юм уу.
1992 оны Үндсэн хуулийн хамгийн дэвшилттэй авч хэрэглэсэн асуудлын нэг нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэлээд эрх өгсөн. Гэтэл энэ өөрчлөлтөөр өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээг дордуулсан, эсвэл зөрчилдсөн гэж үзэхээр байгаа. Жишээ нь аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хассан байгаа. Үүгээр бол сонгууль явагдахгүй нь. Учир нь иргэдийн төлөөлөгч нь аймаг, дүүргийн ИТХ-аас сонгогдохоор хийчихсэн байна шүү дээ. Бодит байдалд Чойр гэхэд гуравхан сумтай, Орхон мөн гурван сумтай. Тэгээд гурван сумаас аймгийн төлөөлөгчийг яаж сонгох гээд байгаа юм бол. Төв аймаг 27 сумтай, гэтэл сум бүрээс төлөөлөл ижил байх, эсэхийг бодсон юм уу. Сумын Засаг даргыг иргэд сонгоно гэдэг заалт сонсоход гоё ч Үндсэн хуульд Засаг дарга бол төрийг төлөөлнө гэж бий. Ингээд дээрээсээ доош Ерөнхий сайд, аймаг, сум, багийн Засаг дарга хүртэл төрийн төлөөлөл явж байгаа. Төрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл ИТХ-аас Засаг даргыг сонгохоор сумынхаа ИТХ-ын төлөөлөгчтэй зөрчилдөнө. Одоогийн Үндсэн хуульд сумын Засаг дарга төрийг төлөөлөхөөс гадна иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүргийг хавсарч гүйцэтгэж явахаар заасан нь оновчтой юм. Яагаад үүнийг өөрчлөх гээд байна вэ гэвэл, олон ах дүүстэй хүн даргаар сонгогдоно гэж үзэж байна.Тэр бол үйл ажиллагааны дутагдал болохоос Үндсэн хуулийн дутагдал биш.
 
-Зөрчилтэй гэж үзэж буй өөр ямар заалтууд байна?
 
-Засгийн газрын зөвшөөрөл­гүйгээр төсөвт нэмэлт, өөрчлөлт хийж болохгүй гэсэн байна. Үүгээр УИХ-ын 76 гишүүн тойрогтоо мөнгө авах гээд хөөцөлддөг явдлыг болиулах гэсэн бололтой. Үүнийг Төсвийн хуулиар зохицуулж болно. Засгийн газар гэдэг молхи үгээр хэлбэл, төсөвт хоноцын сэтгэлээр ханддаг, дөрвөн жилийн ажлаа бодно, сүүлийн хоёр жилд нь сонгогчдын таашаалд нийцсэн санхүүжилтүүд хийхийн төлөө ажилладаг. УИХ нь арай өөр улс орны ирээдүйг харж төсөв боловсруулж ажилладаг. Гишүүдийн асуудал бол хуулиа мэддэггүй, хувийн эрх ашгаа боддогтой холбоотой дутагдал болохоос Үндсэн хуультай огт холбоогүй. Аливаа удирдлага хүнээ, төсвөө мэддэг  байж л жинхэнэ удирдлага болно.Аль нэгийг мэдэхгүй бол ажиллаж чадахгүй, ард түмний итгэлийг авч чадахгүй. Иймээс УИХ-ын онцгой бүрэн эрхийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй  заалтууд байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин