sonin.mn
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Мачей Лантай ярилцлаа.
 
-Таны Монгол Улсад хийж байгаа айлчлалын  тань гол зорилго юу вэ?
 
-Польш, Монголын харилцаа 13 дугаар зууны тэртээгээс эхлэлтэй. 19 дүгээр зуунаас  эхлэн Польшийн аялагчид, эрдэмтэд Монголд олонтаа ирж байсан түүхтэй. XX зуунд хоёр орны харилцаа улс төр, эдийн засгийн салбарт маш идэвхтэй хөгжиж байсан билээ. Манай улсад Монголын хэдэн мянган оюутан суралцаж байсан. Тэд одоо Монголдоо Польшийн томилогдоогүй “Элчин сайд” нарын үүрэг гүйцэтгэж байгаа  гэж  хэлж болно. Хоёр орны өмнөх үеийн идэвхтэй харилцаа, мөн одоо Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэд, эмч нар хоёр талын харилцаанд болон иргэд хоорондын харилцаанд нааштайгаар нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Монголчууд Польш орон, польш хүмүүст, польшууд Монгол орон, монголчуудад өндөр хүндэтгэлтэй ханддаг гэдгийг миний бие сайн мэднээ.
ХХ зууны 80-аад оноос эхлэн Польшийн Эв санааны нэгдэл байгууллага /Solidarność/  Монголд ардчилсан өөрчлөлтүүдийг хийхэд дэмжлэг үзүүлж байсныг эргэн дурсахыг хүсч байна. Монголын ардчилсан хүчний олон зүтгэлтэн 1989 оноос Польшид ирж  Монголд ардчилсан өөрчлөлт явуулах боломжийн талаар судалж байсан бөгөөд тэдний хүчин чармайлт талаар өнгөрөөгүй,  Монгол ардчилсан улс болоход чухал ач холбогдолтой болсон юм.
 
Монголд хийж буй миний энэхүү айлчлал улс төрийн салбарт хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй,  эдийн засгийн харилцаанд ч чухал ач холбогдолтой айлчлал болох учиртай гэж бодож байна. Энэ зорилгыг биелүүлэхэд миний хийх айлчлалын үеэр болох Польш-Монголын бизнес форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
 
-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа таны бодлоор ямар байгаа вэ?
 
-Манай хоёр орны эдийн засгийн солилцооны түвшин 2018 онд 60 орчим сая евро болж байна. Энэ үзүүлэлт Европын Холбооны бусад улсуудтай харьцуулахад  муугүй үзүүлэлт ч гэсэн бид үүнээс илүү өндөр түвшинд хүргэх боломжтойг хэлэх хэрэгтэй. Польш, Монголын эдийн засгийн солилцооны зонхилох хувийг польшийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг импортоор шууд оруулж буй Монголын жижиг фирмүүдийн худалдаа эзэлж байгаа юм. Польшийн Хөрөнгө оруулалт ба Худалдааны  агентлагийн худалдаа эрхэлсэн товчоог Улаанбаатар хотноо 2018 оны арванхоёрдугаар сараас ажиллуулж эхлээд байгаа бөгөөд тус товчооны албан ёсны нээлт Монголд хийх миний айлчлалын үеэр болно. Айлчлалын үеэр бизнес форум зохиож байгаа нь Монгол Улстай харилцах  хүсэл сонирхолтой Польшийн том фирмүүдийг уриалан дуудах зорилготой юм. Бидний худалдааны эргэлт богино хугацаанд 100 сая еврог давах байх гэж тооцоолж байна. 2017 онд БНПУ-аас  Монголд олгосон 50 сая еврогийн зээл хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн тустай байх болов уу гэж бодож байна. Энэ зээлийн хүрээнд хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны нэг нь  Монгол Улс БНПУ-аас гал командын машинууд худалдаж авсан бөгөөд түүнийг  Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол миний хийх айлчлалын үеэр болно.
 
-Польш, Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ?
 
-Польш, Монгол хоёр орон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж ирсэн өнө удаан жилийн түүхтэй гэдгийг ярилцлагын эхэнд дурдсан. Одоо Польшид  Монголын 400 орчим иргэн их дээд сургуульд суралцаж байна. БНПУ жил бүр Монголоос 20 орчим оюутанг сургалтын төлбөргүйгээр хүлээн авч сургаж байна. Польш хэлний сургалттай Монгол Улсын Их  сургууль БНПУ-ын Лодзийн Их сургууль, Шлёнскийн Их сургууль, Ягеллоны Их сургуультай олон жил хамтран ажиллаж байна. Одоогоос хэдхэн долоо хоногийн өмнө Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчид Польшид айлчлахдаа Монгол Улсын Их сургууль, Варшавын Их сургуулийн хооронд хамтран ажиллах төлөвлөгөө байгуулсанд маш их баяртай байна.МУИС-ийн захирал тэргүүтэй төлөөлөгчдийг өөрийн яамандаа хүлээн авч уулзаж ярилцсан. Монголд хийх айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Варшавын Их сургуулийн эрдэмтэн багш орж айлчлах гэж байгаа болно. Монгол Улсын Их сургууль Польш Улстай дотно харилцаж ирсний тод илрэл нь 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгч Лех Качиньски Монголд айлчлахдаа  тус сургуулийн Хүндэт доктор болсон явдал юм.
 
-Польш, Монгол хоёр орон батлан хамгаалахын салбарт хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
 
-Монгол  цэргүүдэд польшийн олон нийт өндөр хүндэтгэлтэй ханддаг. 2004 онд Иракийн Аль Хиллах дахь Чарли баазад террорист халдлага хийхээр ирсэн этгээдийг ахлах Ганболдын Аззаяа устгаж баатарлаг гавъяа байгуулсны ачаар польшийн олон цэргийн амийг аварсан юм.
БНПУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам болон Польшийн батлан хамгаалах аж үйлдвэр Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаа болно. Монголын армид одоо ашиглаж буй оросын зэвсэг техникт шинэчлэл, сайжруулалт хийж орчин үеийн болгох өргөн боломж польшийн талд байгааг хэлье. 2019-2020 оны  хичээлийн жилээс эхлэн монгол оюутнууд Цэргийн урлагийн академид суралцахаар Польшид явах боломжтой болж байгаад баяртай байна.
 
-Ноён Сайд аа, Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам хэзээ дахин нээгдэх бол?
 
-Юуны өмнө 2009 онд Элчин сайдын яамаа хаасан манай талын нөхцөл өөрчлөгдсөнийг хэлье. Польшийн Дипломат Төлөөлөгчийн газрууд улс орныхоо сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байхад бид ихээхэн анхаарч байгаа болно. Түүний тод илрэл нь дэлхийн олон оронд өөрийн дипломат ажиллагаагаа сэргээхийг зорьж  байгаа явдал юм. 2015 оноос өдөр тутамдаа Варшавт  ажилладаг, Монголд ирэн очин ажилладаг БНПУ-ын Элчин сайд томилогдон ажиллаж байгаа. Улаанбаатар хотноо БНПУ-ын суурин Элчин сайдын яамыг дахин нээх асуудлыг ярих гэж байгаагаа нуух юу байх вэ. Монголд  айлчлах үеэр хийгдэх миний уулзалт яриа энэ асуудлаар гаргах шийдвэрийг түргэтгэнэ хэмээн найдаж байна.
 
 
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин