sonin.mn
Төр,нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Ю.Цэдэнбал агсаны ар гэр, төрөл төрөгсөд, МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын газар хэлтсийн дарга нар, Ажлын алба, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх Төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбал академи”-ийн төлөөллүүд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлэхдээ:
 
 
“Түүх соёлоо нандигнан дээдэлдэг манай ард түмний сэтгэл зүрхэнд хүндэт байр суурь эзэлдэг 20-р зууны Монгол төрийн гарамгай удирдагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар,Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсаны бүтээж босгосон уламжлуулж үлдээснийг, жил бүрийн энэ өдөр эргэн санаж Маршалынхаа гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод цөөнгүй хэдэн жил өнгөрлөө. Улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө, өөрийн оюун ухаан, эрдэм мэдлэг, зүрх сэтгэл, амьдралаа зориулсан үе үеийн эх орончдын нэг бол Юмжаагийн Цэдэнбал агсан юм. Ю. Цэдэнбал Монгол төрийн үйл хэргийг 44 жил удирдахдаа 1945 оны анхны бүх нийтийн санал хураалтын комиссын орлогч даргаар томилогдон зохион байгуулж, Улс эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд баталгаажуулан Монгол улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлж чадсан түүхэн гавьяаг энэ өдөр онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон Азийн анхны улс болж, ЮНЕСКО-ийн шагнал хүртэж, Монгол хэмээх нэрийг,  дэлхий нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой юм. Өнгөрсөн зууны Монголын хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, хот байгуулалт, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл урлагаас авхуулаад нийгмийн бүхий л салбарт орсон үсрэнгүй хөгжил, дэвшлийг Юмжаагийн Цэдэнбалын үйл хэргээс салгахын аргагүй нягт холбоотой. Түүний бүтээн байгуулсан суурь хөрсөнд өнөөгийн Монголын амьдрал үргэлжлэн үр шимийг нь хүртэж байгаа гэдгийг залуус бид огт мартаж болохгүй. Монгол улсын түүхэнд өөрийн хийж бүтээснээрээ томоохон байр суурийг эзэлсэн 20-р зууны гарамгай улс төрч Ю. Цэдэнбалын алдар гавьяа он цаг өнгөрөх тусам улам тодорч Монголын ард түмний сэтгэл зүрх, оюун санаанд үүрд гэгээнээр дурсагдан, улам бүр хүндлэгдэн хайрлагдах учиртай” хэмээн онцолсон юм.
 
 
Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Содном:“Ю.Цэдэнбал агсан 75 жил наслахдаа түүний дотроос 44 жилийг тухайлбал 1940 онд Монгол Ардын Намын /МАХН/ даргаар сонгогдсноосоо эхлээд 1984 оныг хүртэл 44 жил Монгол улсынхаа төлөө зүтгэж, онцгой гавьяа байгуулсан хүн. Ю. Цэдэнбал гуай 1939 оны Халх голын дайнд,1945 оны чөлөөлөх дайн зэрэгт оролцож байлаа. Өөрөөр хэлбэл улсынхаа тусгаар тогтнолын төлөө дайтаж явсан бөгөөд Монгол улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөө бүх амьдралаа зориулсан түүхтэй гавьяатай удирдагч юм.  Би 1963-1984 он хүртэл 21 жил  Ю.Цэдэнбал даргын удирдлага дор ажиллаж түүний хөдөлмөрлөж,бүтээсэн бүхнээс нь сурч явсан юм. Тэрээр Монголын ард түмэнд үүрд сайн сайхнаараа дурсагдаж явах гавьяатай хүн гэдгийг дахин хэлмээр байна” гэв.
 
 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт айлын тав дахь хүү болон мэндэлсэн. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Намын /МАХН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг. Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм.
 
 
Тэрээр 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ. Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм.
 
 
Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхийн нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм.