sonin.mn
Бид бүхний сонголтоор төрийн түшээ болсон эрхмүүд олны эрх ашгийг илтэд дээрэмдсэн ЖДҮ-гийн хэрэг гээчийн “нарийн ширийн”-ийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн бид уншигчиддаа хүргэж байгаа билээ.
Дахиад хэлэхэд энэ бүхнийг уншигч олон түмэн мэдэх эрхтэй. Харин бид тэдэнд мэдээлэх үүрэгтэй юм.
Гэтэл өөрийн албан тушаал, эрх мэдлээрээ далайлган ХХААХҮЯ, түүний харьяа ЖДҮХС-гийнханд нөлөө үзүүлж, ёс суртахууны асар том алдаа, гэм хийсэн нөхдүүд “Би гэмгүй” гээд мэдэгдэл хүртэл гаргаж байна.
 
Гэвч бидний нийтлээд байгаа мэдээллүүд эрхэм гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд та нарын өөрсдийн гаргасан үйлдэл юм. Та бүхэн хэн рүү ямар бичиг сачиг илгээж, араас нь яаж “анхаарал” тавиад, утсаар ярьж, меесеж бичиж, зарим үед айлгаж, шахаж байгаад хүртэл “зээл” авснаа мэдэцгээж байгаа. Ийм учраас “Гүтгэлээ” гэж гонгинохын оронд олон түмний итгэл, Монгол төрийг хүндэтгээд уучлал гуйж, ёс суртахууны “ял”-аа үүрэх учиртай юм.
Өөрөөр хэлбэл, бид гүтгээгүй, зохиогоогүй. Энэ бол та бүхний гаргасан үйлдэл, хөшигний ар дахь Монголын төрийн түшээдийн үнэн нүүр царай юм.
Бид энэ удаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэрхэн яаж төрсөн дүүгийнхээ компанид ЖДҮХС-гийн зээл авсан талаарх мэдээллийг хүргэе.
 
 
 
Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын  2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалд багтсан. Энэ тушаалын дагуу 2018 оны наймдугаар сарын 6-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 900 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, угаасаа Б.Батзориг сайд “Дэмж” гээд чиглэл өгчихсөн байсан учир дээрх тушаалд багтаж санхүүжилт авсан байна.
 
 
 
Энэ компанийн ЖДҮ-гийн зээл авсан түүх нь ийм аж.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн гэх “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зарим гишүүний компаниудын хамт цаасан дээр бичээд ЖДҮХС-гийнханд өгчээ. Тус компанийн нэрийн ард Б.Саранчимэг гишүүний нэрийг бичсэн байжээ.
Дараахан нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад “Танай сайдын өгсөн чиний 9911……. дугаар холбогдохгүй байна. Ямар дугаар дээр байна вэ” гэж асуусан байгаа юм. С.Төгсбилэг 8888…… дугаараа хэлэхэд утсан дээрээ тэмдэглэж аваад “Би сайдтай чинь ярьчихсан. Манай нөхдүүдийн төслийн материал их сайн байх ёстой. Би авах ёстой юмаа авна. Танай сангийнхан санхүүжилтийн дүнг их хасдаг гэсэн шүү. Тэгмээргүй байна шүү” гэжээ.
 
 
 
Тушаал гарсны дараа гэрээ байгуулах ажил явагдаж байх үеэр Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “…“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох “Дүнжингарав” худалдааны төвийн 6 м.кв талбайтай павильонуудыг хэт өндөр үнэлж барьцаанд тавих гээд байна” гэж танилцуулжээ. Уг нь ЖДҮХС-гийн барьцаа хөрөнгө үнэлэх журамд үйлдвэр үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг нь 2.0 сая төгрөгөөр үнэлэх учиртай юм байж.
 
 
 
Гэтэл “Сингапур­хэльткейр сентр” ХХК-ийн уг павильонуудыг худалдаж авсан гэрээ дээрх үнэ нь хэт өндөр байсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн захирал, ажлын хэсгийн дарга хоёр  “Сингапурхэльткейр сентр” ХХК-д зохих журмын дагуу шаардлага тавих ёстой гэж тохирчээ. Үүнийхээ дагуу асуудал тавьж, нөгөөх компани нь тэр чигтээ гүрийсээр нэлээд хугацаа өнгөрсөн байна.
Улмаар “Сингапур­хэльткейр сентр” ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилт олгох боломжгүй гээд буцаажээ. Ингэсний дараахан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьсан байна. Тэгэхдээ “Барьцаа нь хангагдчихаад байхад танай нөхдүүд болохгүй байна гээд тээглээд байна гэнэ ээ. Танай ажлын гадаа манай дүү байгаа. Чи манай дүүтэй уулзаад ямар учиртайг нь нэг сонсоодохооч” гэжээ.
 
Удалгүй Б.Саранчимэг гишүүний дүү гэх эмэгтэй ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “…“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг байна. Орж уулзъя” гээд өрөөнд нь орж уулзсан байна. Тэрээр барьцаа хөрөнгийнхөө гэрээг үзүүлж “Ийм өндөр үнээр авсан павильонууд байгаа юм. Энэ үнээр нь барьцаанд тавимаар байна” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандоржийг өрөөндөө дуудаад ямар учраас шаардлага хангахгүй байгааг нь тайлбарлуулжээ. Тэгсний дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэг цүнхнээсээ газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг гаргаж, барьцаандаа нэмэх тухайгаа хэлсэн байна. Гэсэн ч барьцаа хөрөнгө нь хүрээгүй тул учир байдлыг ойлгуулаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүүг гаргажээ.
 
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар залгаж “Яасан бэ, дахиж барьцаанд тавих хөрөнгө байхгүй шүү дээ. Байгаагаар нь л барьцаанд тавьчихмаар байна” гээд тайлбар сонсолгүйгээр “Чиний эрх хэмжээний асуудал шүү дээ. Сайдтай чинь ярих хэрэггүй гэж бодож байна шүү” гээд утсаа салгажээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа утас цохиж ярьсан байна.
Удалгүй сайд Б.Батзориг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү ярьж “Саранчимэг гишүүний асуудлыг шийдвэрлэ” гэдэг үүрэг өгсөн байна.
Улмаар ЖДҮ-гийн санхүүжилтийн Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийнхэн “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийнхантай нэлээд юм болж байж барьцаа хөрөнгийг “тэнцүүлсэн” байгаа юм.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин