sonin.mn
Монгол төрийн хүн төв эрхэмсэг байх учиртай. Энэхүү төв эрхэмсэг гэдэг нь цогц мэдлэг чадвар, ааль авир нь нийгэм, олон нийтэд ээлтэй, улс төрийн бодлогын давхар оньс, эрх нь болгоомжтой, найртай атлаа хэрсүү, намбалаг бөгөөд сүрлэг шинжийг хэлдэг байгаа юм. Төв эрхэмсэг шинж төрөхөд заяадаггүй. Харин энэ шинжийг хувь хүний төрөлх ухаан, боловсрол мэдлэгийн түвшин, ааш араншин, хичээл зүтгэл, өсөн төлөвшсөн нийгмийн орчин зэрэг нийлэн бүрдүүлдэг аж. Нөгөөтэйгүүр төв эрхэмсэг чанарт хүрэхийн тулд төрийн хөгжил, өрнөлийг урьдчилан харах чадвар, өөрийгөө золиослох чадвар, өөрийн биеийг ухаарахуйн шинж, үнэнч шударга байдал, байр суурь, ноён нуруу зэрэг шаардлага бас бий.
Угтаа энэ төв эрхэмсэг байдал бол Монгол төрийн зүтгэлтний гол шалгуур юм. Дээрхийг уншаад “энэ хэд”-ийгээ харахаар танд юу бодогдож байна вэ. Мэдээж хэрэг, төв эрхэмсэг чанар нэвт шувт, бүтэн шингэсэн улстөрч үзэгдэнэ үү. Үнэнийг хэлэхэд, “ухаад” үзвэл манайд ийм төрийн зүтгэлтнүүд олон бий. Даанч бид тэднийг олж парламентдаа сонгож чаддаггүй юм. “Тогос шиг гоёод тахиа шиг донгодно” гэж ярьдаг даа. Тиймэрхүү хүмүүст хууртчихаад байдаг гэмтэй. Тэр үйлийнхээ үрийг дөрвөн жил эдэлдэг. Ингэж сонгогдсон хүмүүсийн тоо олширчихоор парламентад байгаа хэдэн “төв эрхэмсэг”-үүдээ нам унагадаг. Нийтээрээ бүтэлгүй харагддаг. Монголчууд ардчилсан парламентаа найм дахь удаагаа сонгох гэж байна. Өмнөх долоон сонголтын 28 жилийн туршид нийтийн сэтгэл ханамжийг 100 хувь хангасан парламент байсан эсэх нь эргэлзээтэй. Энэ нь нам хэмээх туйлшралтай холбоотой байж мэдэх юм.
 
2000 он, 2016 онд МАН-д тултал өгсөн. 2012 онд ч гэсэн АН-ыг бөөнөөр нь дэмжсэн. Гэвч олуулаа гараад юу болдгийг лав сүүлийн найман жилийн парламентын өнгөөс тодорхой харлаа. МАН ч, АН ч засгаа хоёр солилоо. Дахиад хугацаа байсан бол гурав дахиа сольж мэдэхээр байсан шүү.
 
Хамгийн том гай нь “төв эрхэмсэг”-ийн шинжээр маруухан нөхдүүд намын нэрээр гарч ирснээр ид шидээ ч үзүүлэх шиг болсон. 2012, 2016 оноос хойших парламентуудыг харъя. Бонд гаргаад яаж тансаглаж үрсэн, Хөгжлийн банкийг яаж тоносон, тусгай сангууд хэрхэн гишүүдийн хувийн сан болсон гээд ярих юм бол сэтгэлээр унана. Тендер гэж жинхэнэ “түрийвч”-нд нь ордог мөнгө бий. Намын даргынх нь хэлж байснаар энэ парламент ЖДҮ-чин, концессчин, хүн амь, хүчингийн хэрэгтэнтэй болсон. Ингэж нэрлэгдээгүй өчнөөн олон асуудалтай гишүүд гарч ирсэн. Үр дүнд нь өнөөдөр ФАТФ-ын саарал, Европын холбооны хар жагсаалтад орчихоод сууж байна. Бернард Шоугийн “Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүнийг баллаж орхидог” гэсэн нь яг өнөөдөр Монголд биелээд байгаа хэрэг. Харамсалтай нь төрийг сүйтгэгсэд тэрийгээ ч тоохгүй. “Монголынхоо төлөө үхтлээ зүтгэлээ, дахиад боломж олго" гэцгээж байх шиг байна. Ер нь бол ингэж нэг дор олон гэмт хэрэгтэн цуглуулчихсан юм шиг, эсвэл ундаассан малд худаг үзүүлсэн шиг төрийн хөрөнгийг баруун солгойгүй хүүдийлж суудаг хүмүүсийг Монгол төрийн парламентад ороод суучихдагийг л болиулах хэрэгтэй болж байгаа юм.
 
Хэн баян байна, хэн нь сайхан залуу вэ, бас аль нь гоё хэлдэг, хэн нь хэдэн хэлээр ярьдаг зэрэг нь Монголын парламентад суух шалгуур огтоос биш. Тэдний тархинд юу байгаа, сэтгэл нь юунд зовдог, зүрх нь юуны төлөө цохилдог нь л чухал. Учир нь Монголын төрд хууль тогтоох ажлыг хийх гэж л сонгуульдаж, сонгогдож байгаа юм.
 
Эхэнд дурдсан төрийн хүний “төв эрхэмсэг” түшээд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцанг мэргэшсэн парламентч, тулхтай улстөрч биш гэж хэн хэлэх вэ. Д.Лүндээжанцан 1980 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Ингээд 1980-1985 онд МУИС-ийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга, 1985-1986 онд Улсын Прокурортхэлтсийн прокурор, 1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга, 1989-1990 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч, 1990-1991 онд Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга /дэд дарга/, 1990-1992 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1992-1995 онд УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, 1992, 1995-1996 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000- 2004 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд УИХ-ын дэд дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012- 2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга, 2017 оноос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Гавьяат хуульч цолтой. Сүүлийн хэдэн парламент дахь хамгийн ланжгар хуульч нь гэхэд болно. Ганцхан жишээ дурдахад өнөөхөндөө Д.Лүндээжанцангаас өөр Үндсэн хуульд “үг нэмэрлэх” хүн үгүй. Тэр утгаараа Д.Лүндээжанцан хэд хэдэн удаа Үндсэн хуулийн ажлын хэсгийг ахалж, өнгөрсөн оны сүүлчээр нэмэлт өөрчлөлтийг хийхэд голлох үүрэгтэй оролцсон.
Банзрагчийн Дэлгэрмаа нэр дэвшжээ.
 
Тэрээр “Зам”, “Хошуу цагаан нутаг”, “Дөчөөд оны жавар”, “Сүүлчийн буун дуу” зэрэг олон арван роман, тууж, туульсаараа Монголын уран зохиолын сан хөмрөгт мөрөө тод үлдээсэн алдарт зохиолч Намсрайн Банзрагчийн охин. Ээж нь Хөдөлмөрийн баатар, Ардыу жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Намжилын Норовбанзад. Б.Дэлгэрмаа өөрөө 1982 онд ОХУ-ын Кубаний Их сургууль, 1993 онд Английн Лидсийн Их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны докторант цол хэргэмтэй.
 
 
1982-1986 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт прокурор, 1986-1989 онд МУИС-ийн салбар эрх зүйн тэнхимд багш, 1989-1990 онд Монгол Улсын ШУА-ийн- Төр, эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1993 онд УБХ болон Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх, 1993-1996 онд Улс төрийн Боловсролын Академийн захирал, 1996-2000 онд УИХ- ын гишүүн, Хүний эрхийн байнгын дэд хорооны дарга, Монголын Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2002 онд Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн ерөнхийлөгч, 2000-2002 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн үндэсний комиссын нөөц бололцоог дэмжих хөтөлбөрийн зөвлөх, 2002-2004 онд Улс төрийн Боловсролын Академийн удирдах зөвлөлийн дарга, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2003-2010 онд АЭХ-ны Ерөнхийлөгч, “Либерти” институтын удирдах зөвлөлийн дарга, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Эрдэнэсийн чуулга” сэтгүүлийн Ерөнхий редактор, Монголын Ардчилсан намын ҮЗХ болон УТХ-ны гишүүн,2003 оноос “Норовбанзад” сангийн тэргүүн, 2010-2011 онд “Либерти” институтын Ерөнхий захирал, 2012-2014 онд Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2015 оноос 2016 оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ажлын албаны дарга, 2016 -2019 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллажээ. Б.Дэлгэрмаа бол улс төр, хууль, хүний эрх хамгийн гол нь Монгол болсон гадаад харилцаагаар мэргэшиж туршлагажсан.
 
 
 
Ийм л учраас Д.Лүндээжанцан, Б.Дэлгэрмаа нар шиг Монгол төрийн “төв эрхэмсэг” буюу цоги, мэдлэг чадвар, ааль авир нь нийгэм, олон нийтэд ээлтэй, улс төрийн бодлогын давхар оньс, эрх нь болгоомжтой, найртай атлаа хэрсүү, намбалаг бөгөөд сүрлэг шинж хадгалсан улстөрчид л парламентад сууж хууль хэлэлцэх ёстой.
 
 
 
Ерөөс парламентын гишүүн дуулдаггүй, барилддаггүй, шүлэг ч уншдаггүй, зөвхөн Монгол төрийн хуулийг тогтоодог газар юм шүү дээ. Ийм ажлын энд хүрэхүйц, ирээдүйд нь итгэж болох залуус ч бас 2020 оны сонгуульд нэр дэвшсэн харагдана. Тэдгээр залуусаас Б.Гүнбилэг, Б.Энхбаяр гээд нэрлэж болох юм. “Ноён нуруутай хүн бол хонхны адил цохихгүй л бол дуугарахгүй” гэж П.Хилоны хэлсэн шиг тэд бусад шигээ зогсоо зайгүй пиардаж “ертөнцийн хамгийн мундаг амьтан” болохоо харуулж чадахгүй ч байж мэднэ. Гэвч парламент бол Монгол төрийн хууль тогтоох байгууллага, төрийн шалгуур нь “төв эрхэмсэг чанар тиймээс “төв эрхэмсэг”-үүд байсныг бид санаж ойлгож, сонгож хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ.
 
Д.АМАР