sonin.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барихаар зэхэж буй СЕХ-ноос гаргасан дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай асуудлаар "Та Бидний Эвсэл"-ээс Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

 

"Та Бидний Эвсэл"-ийн тэргүүн Н.Энхбаяр уг мэдэгдлийнхээ үеэр 2020 оны УИХ-ын сонгууль хууль бусаар явагдсан тул уг сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах хэрэгтэй бөгөөд бусад нам, эвсэл, бие даагч нарыг уг асуудал дээр хамтдаа нэгдэж тэмцэх нь зөв гэж уриалсан юм.

 

МАХН тэргүүтэй “ТА бидний эвсэл”-ээс УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгийн талаар хэвлэл, мэдээлэлийн байгуулагаар дамжуулан сонгогч иргэдэд хандаж байна. Сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос олон нийтэд танилцуулах гэж цаг алдаж дөнгөж сая бүрэн бус мэдээ танилцуулж байна. Энэ сонгууль эхнээсээ хууль зөрчиж, иргэдээ айдас хүйдэст автуулсан, нэр дэвшигчдэд тэгш боломж олгоогүй, Үндсэн хууль зөрчсөн худлаа сонгууль болох гэж буй талаар МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр мэдээлж байсан бөгөөд түүний хэлснээр болж өнгөрлөө. СЕХ сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барихаас өмнө бид мэдээлэл хийж байна. Сонгуулийг хууль зөрчиж явуулсан тул энэ удаагийн сонгуулийг хүчингүйд тооцох ёстой гэж үзэж буй олон мянган шударга иргэд, бие даагчидтай Та бидний эвсэл санал нэг байна. Иргэн, өрх гэрийнхээ үүд хаалгыг коронагаар айдас хүйдэст автуулж, эрхийг нь боомилж, амыг нь үдсэн, шударга бус “корона” сонгууль болсныг Ард түмэн ойлгож ухамсарлаж байна.

 
 
 
Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь сонгуулийн хуулиар бус харин онцгой байдлын хууль, дүрэм журам, өндөржүүлсэн бэлэн байдал гэх нэрийдлийн дор, ард түмнээ ядуу зүдүү байлгаж, хүнсний талоноор хооллох дээрээ тулсан Засгийн газар буюу эрх баригч намын дарангуйлал дор, явагдаж өнгөрлөө.
 
 
 
Нэгэнт сонгуулийн хууль, ардчилсан зарчмын дагуу сонгогдоггүй УИХ-ыг Ковидын УИХ, Ковид 62-ын бүлэг гэж нэрлэх, төрийн толгойд нүүрлэсэн вирус хэмээн үзнэ.
Иймд энэ удаагийн сонгуулийг хууль бус гэж үзэн Сонгуулийг дахин зарлах, хууль бус их хурлын гишүүдийн эрхийг баталгаажуулахгүй байхыг шаардаж байна.
 
ТА БИДНИЙ ЭВСЭЛ