sonin.mn
Ардчилсан намын удирдлагад
 
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн нь Ардчилсан нам бүтэц, зохион байгуулалтын хувьд ялагдал хүлээснийг нотоллоо. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн АН-ын шинэчлэлийн хөтөлбөр нь иргэдийн дэмжлэгийг хүлээж чадсангүй.
 
Монгол Улс цар тахлын үед, хар жагсаалтанд бичигдэж эдийн засгийн уналтанд орсон энэ үед эрх баригч МАН-ын хувьд хямралыг давах бодлогын хөтөлбөр байхгүй, хэт олонхиор дангаар засаглахаар болоод байна. АН-ын хувьд бодлогын хөтөлбөртэй, хүчтэй сөрөг хүчин байж, улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлуудад гарц, шийдэл санал болгодог институт байх түүхэн шаардлага хэзээ хэзээнээс илүү тулгараад байна. АН иргэд олон нийтийн өмнө хүлээгдэж буй шинэчлэлийн алхмуудыг даацтай, шуурхай хэрэгжүүлж, үндэсний хэмжээний түүхэн туршлагатай намын хувьд дотоод алдаа дутагдлаа яаралтай засах шаардлагатай байна.

 

 
1. Хуучин бүрэлдэхүүн шинэ зам гаргахгүй
 
АН-ын ялагдлын дараа намын дарга нь намын Үндсэн дүрмийн 5.17.6.1-т заасан АН УИХ-д хамгийн олон суудал аваагүй тул огцорч дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилох ёстой ч эрх үүргээ хэрэгжүүлсээр байна. Үүнээс үүдэн одоо ажиллаж буй Дотоод сонгуулийн хороо нь дараагийн намын даргын сунгааг зарлах гэж буй үйлдлийг буруушааж байна. Тиймээс намын удирдлага намын тамгыг үүрэг гүйцэтгэгчид өнөөдрийн 15 00 цагаас өмнө албан ёсоор хүлээлгэн өгөхийг шаардаж байна.
 
2. Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг гишүүдээ хагалсан бус нэгтгэсэн сонгодог дүрмээр явуулах ёстой
 
2017 онд болсон Ардчилсан намын даргын сунгаа нь өнөөдрийн ялагдалын эх суурь болсон бөгөөд үүний зэрэгцээ анхан шатанд үүссэн гишүүдийн хуваагдал өнөөдөр хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Иймд энэхүү өрөөсгөл тоглоомын дүрмийг бүрэн шинэчилж шинэ хувилбараар Ардчилсан намын дараагийн удирдлагыг сонгох ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
 
3. Явцуу бүлэглэлийн нөлөөллөөс АН-аа салгаж авах шаардлагатай байна
 
Шинэчлэлийг анхан дунд, дээд шатанд үе шаттай хэрэгжүүлж, Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчилж ирсэн ч нэр дэвшүүлэлт нь намын дүрэм, үзэл баримталыг ноцтой зөрчсөн Нэг өдрийн дотор намын гишүүн болгож, тэр даруй ҮБХ-ны гишүүн, УИХ-д нэр дэвшигч болгох процесс сонгуулийн үеэр болсон.
 
Мөн хэрэгт шалгагдаж буй хүмүүс болон, АН-ын үзэл баримтлалыг үл дэмжих хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн өрсөлдүүлсэн нь бодлогын ноцтой алдаа, ялагдлын суурь шалтгаан болсон. Нам дамжсан бүлэглэл болох МАНАН мафи, Эрдэнэтийн 49 хувь бүлэглэлийн хамааралтай нэр дэвшүүлэлт нь АН-ын шинэчлэлийг ухраах, устгах шалтгаан болсоныг хүлээн зөвшөөрөх. Энэ алдааг давтахгүй байх.
 
4. АН Үзэл санаан дээрээ нэгдмэл байж ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнүүд АН- ын бүтэц, зохион байгуулалт, засаглал дээр илүү хамтарч ажиллах цаг үе ирж байна. АН- аас тусгаарласан ардчиллын төлөөх нам, хувь хүмүүсийг үзэл санааны нэгдэлд урих
 
Ардчиллын төлөөх намууд, бие даагчдын төлөө өгсөн сонгогчдын саналын нийлбэр дүн 50 гаруй хувьтай байсан. АН-ын удирдлага нэгдмэл байх, алсын хараатай бодлогод нэгдлийг идэвхижүүлэх ажлыг хангалттай хийгээгүй нь ялагдлын шалтгаан. Одоо шинэчлэлээ ул суурьтай хийж ардчиллын төлөөх намуудын нэгдэлд манлайлан оролцохыг уриалж байна. *
 
5. Ардчилсан нам өмнөх 4 жилийн санхүүгийн тайлангаа ил тод тавьж, аудит яаралтай оруулахыг шаардаж байна
 
 
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД