sonin.mn
НУР-СУЛТАН. /SCMP/. Казахстанд коронавирусээс аюултай “үл мэдэгдэх уушгины хатгалгаа” гарсныг тус улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам анхааруулжээ. Казахстанд өнгөрсөн зургадугаар сараас хойш уушгины хатгалгааны тохиолдлын тоо огцом нэмэгдсэн байна.
 
“Уг өвчний нас баралтын түвшин шинэ коронавируснийхээс хавьгүй өндөр байна. Казахстаны Эрүүл мэндийн газрууд уушгины хатгалгааны вирусийг судалж байгаа боловч хараахан тодорхойлж чадаагүй байна” гэж ЭСЯ Казахтан дахь Хятадын иргэдэд анхааруулжээ.
 
БНХАУ-ын ЭСЯ уг өвчнийг “үл мэдэгдэх хатгалгаа өвчин” гэж тайлбарласан бол Казахстаны эрх баригчид, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүнийг зөвхөн уушгины хатгалгаа гэж мэдээлж байгаа ажээ. ЭСЯ уг өвчнийг яагаад “үл мэдэгдэх” гэж тодорхойлсон, тэдэнд уушгины хатгалгааны талаар ямар мэдээлэл байгаа нь тодорхойгүй байна.
ЭСЯ-ны цахим хуудас Казахстаны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг иш татан мэдээлснээр, Атырау, Актобе муж, Шымкент хотод зургадугаар сарын дунд үеэс хойш уушгины хатгалгааны тохиолдол огцом нэмэгджээ.
Шымкент болон Атырау мужийн нийслэл хот нь хоорондоо 1500 километрийн зайтай бол Атырау, Актобе мужийн нийслэл хотууд 330 километр зайд оршдог байна.
БНХАУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, дээр дурдсан гурван газарт уушгины хатгалгааны 500 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 30 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Казахстанд энэ оны эхний хагаст уушгины хатгалгааны улмаас 1772 хүн нас барснаас 628 нь зургадугаарт сард бүртгэгдсэний дунд Хятадын иргэд байсан гэж ЭСЯ мэдээлсэн байна.
Бид Казахстан дахь Хятадын иргэдэд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж ЭСЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Нур-Султан хотын Эрүүл мэндийн газрын дарга Сауле Кисиковагийн “Kazinform” агентлагт мэдээлснээр, өдөрт 300 гаруй хүн уушгины хатгалгааны оноштойгоор эмнэлэгт хэвтэж байгаа ажээ.
“Зургадугаар сард улсын хэмжээнд уушгины хатгалгааны 1700 тохиолдол илэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм” гэж “Kazinform” агентлаг мэдээлсэн байна.
Казахстан “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд гуравдугаар сарын 16-нд онцгой байдал зарласан юм. Хөл хориог тавдугаар сарын 11-нд цуцалсан боловч уушгины хатгалгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан зарим нутагт хязгаарлалтын, хөл хорионы арга хэмжээнүүдийг дахин тогтоожээ.
 
“Нөхцөл байдал өдийг хүртэл ноцтой хэвээр байна. Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулахад эрт байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ хэлсэн байна.
 
 
 
БНХАУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, Казахстанд мягмар гаргийн байдлаар “COVID-19” халдварын 49683 тохиолдол бүртгэгдэж, 264 хүн нас баржээ.
Өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчид уушгины хатгалгааны тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг