sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өчигдөр  нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэл­сэн. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүж байгаа ч  баримт мэдээллүүдийг нягтлах шаардлагатай байгаагаас хэлэлцүүлэг  сунжирч шүүх хуралдаан  олон хоногоор үргэлжилж  байна.  
 
Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн. Шүүх хуралдааны явцад Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрөв, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав,  Б.Мөнхбат нар   шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан юм. Тэгвэл өчигдөр хуралдаан  12:55 цагт завсарлаад эргэж  орсон ч дугаар шилжих мөчид дуусаагүй байв. Харин  С.Зоригийн аллагын  гүйцэтгэгч гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн  Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн шүүгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал үйл явцын хувьд дууссан гэж үзэж болохоор. 
 
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ өнгөрсөн мягмар гаригт болсон шүүх хуралдаанд  урьдчилсан байдлаар  уншиж танилцуулаад байсан юм. Тухайн үед шүүгдэгч нарын үгийг сонссоор шүүх хурал 22:00 цагт тарсан. Тэгвэл өчигдөр 09:06  цагаас хуралдааныг нээж  шүүгдэгчдийн үгийг  үргэлжлүүлэн сонссон юм. 
 
ТЕГ-ын дарга асан  Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын шүүгдэгчид бүгд хэлэх үгтэй,  үгээ хэлж дуусгах хүртэл  хугацаа шаардаж  буй юм. Иймд “Шүүгдэгч нарын эцсийн үгийг сонсч байгаа. Үүний дараа шийдвэрээ эцэслэн гаргана”  гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд  өгч  байв.  Гэсэн ч дугаар шилжих мөчид буюу  өчигдөр 19:00 цаг гэхэд  шүүгдэгч нар үгээ хэлж дуусаагүй шүүх хуралдаан үргэлжилж байлаа. 
Энэ хэргийн эргэн тойронд хэн юу хэлснийг нэхэн сануулахад Б.Содномдаржаа, Т.Чимгээ  болон тэдний ар гэрийнхэн   эрүү шүүлтийн дор  хилс хэрэг хүлээсэн хэмээн эхний өдрөөсөө эхлэн мэдүүлж ирсэн. Тэр нь сүүлд бичлэгээр баталгаажсан. 
 
 
 
Шүүх хурал эхэлснээс хойш Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  ”Өмнө нь болсон гурван шатны шүүх хурал худал  болсныг ард түмэн мэдэж байгаа. Харин одоо бол миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Үнэхээр хүүг минь эрүүдэн шүүж, худлаа хэрэг үүсгэн төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс шүүх байгууллага үнэн зөвөөр шүүгээсэй, худал бусармаг зүйл хийсэн хүмүүсийн талд бүү ороосой гэж хүсч байна” гэж байв. 
 
 
Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хоригдож байхад солих хувцас, ном сонин  оруулахгүй, хурц гэрэлтэй өрөөнд 24 цаг байлгаж, бие засах нүхийг зориуд хоригдож буй эрчүүдийн нүдэн дээр байрлуулсан зэрэг мэдээллийг түүний ээж Б.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар хэвлэлээр ярьж байсан.  ТЕГ-ын дарга асан  Б.Хурцын хувьд  “Би тийм  тушаал өгөөгүй” гэж мэдэгдэж байв. Харин түүний өмгөөлөгч Г.Батбаяр  “Онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхныг буруутгаж болохгүй. Ингэснээр С.Зоригийн амиа алдсан хэргийг саармагжуулж гэмт хэрэгтнүүдэд боломж олгох гэж байна" гэсэн  бол өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хурлын явцын талаар тайлбар хэлж байснаас  биш хэн нэгэн хүний нэр цохож  байр сууриа илэрхийлээгүй юм. 
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин