sonin.mn
ПЁНЬЯН. /KCNA/. Манай улсын цөмийн тогтоон барих хүч нь найдвартай хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа болж байна хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын дайн түр эвлэрэх тухай гэрээнд гарын үсэг зурсны 67 жилийн ойг тохиолдуулсан ахмад зүтгэлтнүүдийн бага хурлын үеэр мэдэгджээ. Энэ өдрийг БНАСАУ Ялалтын өдөр болгон тэмдэглэдэг юм. 
"Цөмийн хүчийг тогтоон барих найдвартай, үр дүнтэй байдлын хүчинд дахин хэзээ ч дайн дэгдэхгүй бөгөөд энэ нь одоо төдийгүй ирээдүйд үндэсний аюулгүй байдлыг үүрд хангах баталгаа юм” хэмээн түүний мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний агентлаг иш татан мэдээлжээ.“БНАСАУ хөгжлийн замдаа дайсагнасан империалист хүчний шахалт, аюулыг сөрөн зогсож, даван туулж чадсан. Бид аливаа шахалт, байлдааны аюул заналхийлэл, сүрдүүлгээс өөрсдийгөө хамгаалж чаддаг улс болсон” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
 
 
 
Солонгосын дайн дууссаны ой нь БНАСАУ-ын үндэсний баяр юм. 1950 оны 7 дугаар сарын 25-нд Солонгосын хойгт байлдааны ажиллагаа эхэлж, 1953 оны 7 дугаар сарын 27-нд дууссан. АНУ тэргүүтэй 17 улсаас бүрдсэн эвсэл БНАСАУ-ын эсрэг байлджээ. Энэ дайнд АНУ тэргүүтэй 17 улсаас бүрдсэн эвсэл Өмнөд Солонгосын талд байсан бол Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ дэмжиж байсан аж.
 
 
 
Солонгос хоорондын цэрэггүй бүс дэх хилийн Панмүнжом тосгонд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар байлдааны ажиллагаа өндөрлөсан байна. Бүрэн хэмжээний энхийн хэлэлцээрийг талууд өнөөг хүртэл байгуулаагүй учир Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг