sonin.mn
Сайд, Элчин сайд нар Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний элэгсэг дотно нөхөрлөл дээр бэхжин хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлон ярилцав.
 
 
 
Элчин сайд Раул Дэлгадо хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Сайд Н.Энхтайвантай хамтран ажиллахын төлөө байгаагаа нотолж, кубын тал эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын эсрэг Куба улсын авч хэрэгжүүлж буй хүч чармайлтыг сайшаан тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт олсон Кубын туршлагаас суралцаж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.
 
 
 
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байна.  Энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд талууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулав. Мөн “Mongolia today” сэтгүүлд Монгол, Кубын харилцааны 60 жилд зориулсан тусгай дугаар гаргаж, “Монголын нууц товчоо”-г испани хэл дээр хэвлүүлээд байна.