sonin.mn
РИГА. /TASS/. Балтын тэнгисийн эргийн Латви, Литва болон Эстони улсын эрх баригчид Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко болон өөр 29 албан тушаалтныг улсдаа нэвтрэхийг хоригложээ. 
“Латвийн сайд нарын танхимын шийдвэр, түүнчлэн Эстони, Литва улсын Гадаад хэргийн яамдтай хийсэн зохицуулалтад үндэслэн Беларусийн 30 албан тушаалтныг тодорхойгүй хугацаагаар Латви руу нэвтрэхийг хориглох шийдвэр гаргалаа” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 
 
"Хориг арга хэмжээгээрээ бид Беларусьт хүний ​​эрх зөрчигдөж байгаа асуудалд маш нухацтай хандаж буйгаа харуулж байна" гэж  Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу мэдэгджээ. 
Үүний зэрэгцээ Лукашенко болон түүнийг дэмжигч албан тушаалтнуудыг Литвад нэвтрэхийг хориглосон гадаадын иргэдийн жагсаалтад даваа гарагт оруулсныг тус улсын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 
 
Жагсаалтад Лукашенкогоос гадна, Беларусийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах болох түүний том хүү Виктор Лукашенко, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Игорь Сергеенко, ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Максим Рыженков, ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Ольга Чуприс, Беларусийн Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга Валерий Вакульчик, Дотоод хэргийн сайд Юрий Караев, Мөрдөн байцаах хорооны дарга, Иван Носкевич, Хууль зүйн сайд Олег Слижевский, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Лидия Ермошина зэрэг хүмүүсийг оруулжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг