sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэр Минскт 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь Беларусийн эдийн засгийг аврахгүй гэж Минскийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүн Павел Латушко мэдэгдлээ. Тэрбээр "Үнэндээ энэ мөнгийг нэг халааснаас нөгөө рүү шилжүүлж байна. Он гарснаасхойш Беларусь улс ОХУ-д 400 сая орчим ам.долларын өр тавьсан. Бид өмнө нь байсан зээлийн төлбөрт нэг тэрбум орчим ам.доллар төлөх ёстой. Магадгүй энэ зээл нэг сарын богино хугацаанд Беларусийг дефолтоос аврах ч манай улсын эдийн засгийг аврахгүй. Учир нь системчилсэн арга барил хэрэгтэй" гэж “Telegram” сувагт нийтэлсэн бичлэгтээ өгүүлжээ. П.Латушко Беларусьт өрийн бүтцийн өөрчлөлт, Европын болон дэлхийн зах зээл дэх урт хугацааны санхүүгийн хүртээмж, мөн тус улсын одоогийн Засгийн газар боловсруулж чадахгүй байгаа шинэчлэлийн хөтөлбөр хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг.

 

 

Ташрамд дурдахад, Беларусийн эрх баригчид энэ сарын 28-29-нд Минск хотод болох Орос, Беларусийн форумд зориулж 70 гаруй хэлэлцээрийн төсөл бэлтгэжээ. Энэ хүрээнд 750 сая ам.долларын гэрээ байгуулна гэж найдаж буйгаа Беларусийн Үндэсний ассамблейн орлогч дарга Анатолий Исаченко "Беларусь-1" сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

 

Беларусь ба ОХУ-ын бүс нутгиин анхны чуулга уулзалтыг 2014 онд Минск, дараа нь Сочи, Москва, Могилев, Санкт-Петербург хотод зохион байгуулж байжээ. Уг чуулган нь бүс нутаг хооронд соёл, хүмүүнлэгийн нэг орон зайг бий болгох зорилготой. Өмнөх зургаан чуулга уулзалтаар хоёр тэрбум ам.долларын 302 хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүнчлэн хоёр орны Ерөнхийлөгчийн оролцоотой болсон 2019 оны чуулганаар 500 сая ам.доллараар хэмжигдэх 60 гаруй гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин