Хувийн тэтгэврийн тухай хуулийн төөслийн талаар УИХ-ын гишүүн Н.УЧРАЛТАЙ ярилцлаа.
 
-Тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх талаар олон жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл энэ салбарт бодит өөрчлөлт харагдсангүй. Таны болон УИХ-ын бусад гишүүний санаачилсан энэхүү хуулийн төслөөр тэтгэврийн тогтолцоонд ямар өөрчлөлт, шинэчлэл гарах вэ?
 
-Өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай олон асуудлын нэг нь тэтгэврийн систем. Энэ асуудлыг өнгерсөн 25 жилийн хугацаанд ярьж байна. Тэтгэврийн шинэчлэлийг одоо л зоригтой хийхгүй бол цаашид энэ талаар ярьсаар л байх болно. Өдгөө тэтгэвэр авч буй ахмад настнуудын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөг авч байна. Улс орондоо насаараа ажиллаж, шимтгэл төлчихөөд ийм хэмжээний тэтгэвэр авч буй нь эмгэнэл. Нөхцөл байдал ийм байхад тэтгэврийн шинэчлэлд болгоомжтой хандах ёстой гэдэг. Шийдвэр гаргах түвшнийхэн тэтгэврийн шинэчлэл хийх сонирхолгүй байж болохгүй.Тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт бий болгох, эхлэл болж чадахуйц хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжүүлснээр хүн болгон хуримтлалтай болно. Дэлхийн улс орнууд хөрөнгийг эргэлдүүлэх буюу хөрөнгийн менежментийг хийдэг болсон. Цалингаасаа сар бүр төлж буй шимтгэлдээ хүү бодуулах нь илүү өгөөжтэй.
 
 
 
Тэтгэврийн сан хамгийн сайн хөрөнгө оруулагч болдог. Иргэдийг хөрөнгө оруулагч болгож чадвал олон улсын зах зээл дээрээс хувьцаа авах, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой болно. Үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийснээр ашгийг нь иргэд хүртэнэ. Шимтгэлийн хүүнээс гадна хувьцааны ашгаас мөнгө олох боломжтой болдог.  
 
 
 
Ингэснээр хөрөнгийн зах зээл бий болно. Монгол Улс банканд суурилсан тогтолцоогүй болж, Засгийн газар бондыг нь авах саналыг сангуудад тавьдаг болно.
 
-Тэтгэврийн санд ямар байдлаар мөнгө төвлөрүүлэхээр хуульд тусгаад байна вэ?
 
-Иргэдэд хуримтлал үүсгэх их хэмжээний бэлэн мөнгө байхгүй. Гэхдээ цалингаасаа тодорхой хэмжээний шимтгэл төлж байгаа. Үүний тодорхой хувийг Тэтгэврийн санд хуримтлуулснаар иргэд өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Одоо ажил хөдөлмөр эрхэлж буй залуус тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр авна. Үүний зэрэгцээ өөрт нь зориулсан хуримтлалаас тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх гэж байна. Цалингаас сар бүр тооцож буй 17 хувийн даатгалын шимтгэлээс дөрвөн хувийг нь Тэтгэврийн даатгалын санд хуримтлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, өөрийн хүч, хөлс хөдөлмөрөөр цуглуулсан хуримтлалаас хүү тооцуулан нэмэлт тэтгэвэр авах боломжтой болно гэсэн үг. Манай улсын нийт айл өрхийн 76 хувь нь хадгаламжгүй, 55.5 хувь нь өр зээлтэй амьдарч байна. Амьдралаа дээшлүүлэх, ямар нэгэн бизнес эхлүүлэх гэхээр хуримтлал, мөнгө байдаггүй. Тиймээс эдгээр болон бусад нийгмуйн асуудлыг шийдвэрлэсэн олон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
 
-Тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө захиран зарцуулах боломжоор хэрхэн хангаж байгаа вэ?
 
-Санд хуримтлуулсан мөнгөө өвлүүлэх, захиран зарцуулах эрх нь нээлттэй. Шаардлагатай тохиолдолд хуримтлуулсан мөнгөө авч, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулах, орон сууцны урьдчилгаанд өгөх зэргээр захиран зарцуулах боломжтой юм. Мөн тэтгэвэрт гарсныхаа дараа хуримтлуулсан мөнгөө авах, эсвэл үргэлжлүүлэн хадгалуулж үр хүүхдэдээ өвлүүлж болохоор хуулийн төслийг боловсруулсан. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулиа хоёр тулгууртай болгосны дараа Баялгийн сантай уялдуулахын төлөө ажиллана. Баялгийн сан бий болгох арга бол Норвегийн жишээ.Түүнийг тэтгэврийн сантай уяж өгснөөр баялгийг дахин хуваарилж, иргэдэд эзэмшүүлэх боломж бүрдэнэ. 
 
 
 
Иргэд өөрсдөө хамгийн том хувьцаа эзэмшигч болсноор МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүнийг урьдчилгаагүй орон сууцад хамруулна” гэсэн зорилтыг биелүүлэх боломж бүрдэж байгаа юм.
 
 
 
-Эрсдэлийг нь хэрхэн тооцсон бэ. Хуримтлал үүсгэсний дараа тухайн компаниуд дампуурвал яах вэ?
 
-Хувийн хэвшлийн компаниуд ийм тогтолцоогоор хуримтлал үүсгээд явж байна. Гэхдээ төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтаар үүнийг хийдэг. Энд хэдэн мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Энэ эрсдэл мөн үү. Хувийн хэвшлийнхэн аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн зүйлийг хуульчилж, тодорхой болгох хэрэгтэй. Мөн санхүүгийн зах зээлд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгосноор хоёр тулгуураар хэрэгжүүлж, хуваарилалтынхаа хуримтлал руу маш богино хугацаанд шилжүүлэх хэрэгтэй. Үүний дараа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улс төрийн тэтгэврийн тогтолцоог өөрчлөх эхлэлийг тавина гэдгийг дахин хэлье. Олон давхаргат тогтолцоотой болно. Одоо бол нэг л тулгуурт тогтолцоотой байгаа. Нэрийн данс амжилтгүй болсон шалтгаан даатгалын сууринд байгаа юм билээ. Эзэн нь нас барахаар дансыг нь хаадаг. Үлдэгдэлд нь хүү тооцдоггүй. Хуримтлал суурьтай болгож, иргэдэд өгөөж боддог болгосон бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан.
 
-УИХ-ын гишүүд өнөөдрийн тогтолцоог эвдэх гэж байна, болгоомжтой хандах ёстой гэх хэсэг байна. Иргэн Хувийн тэтгэврийн санд мөнгө хуримтлуулахгүй байх сонголт бий юү?
 
-Өнөөдрийн тогтолцоог эвдэх гээд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг тодорхой тайлбарлахгүй бол нийгэмд янз бүрийн ойлголт байна. 17 хувиас дөрвийг нь Хувийн тэтгэврийн даатгалын санд төлөхгүй гэвэл төрдөө төлөөд явах боломжтой. Иргэдэд ачаалал үүсгэхгүй байх үүднээс ийм зохицуулалт хийсэн. Олон жижиг менемжент үүсэх вий гэдгээс болгоомжилж хуульд тодорхой зааж өгсөн.
 
-Энэ хуулийн төсөлд тусгасан зохицуулалт одоо тэтгэвэр авч буй ахмад настнуудад хамаатай юу?
 
-Хуулийн төслийг баталбал Хувийн тэтгэврийн санг улсын тэтгэврээс тусад нь байхаар тусгалаа. Хуулийн төслийн зорилгыг одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэнд чиглүүлсэн. Тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарахгүй.
 
-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл ХНХЯ-нд боловсруулсан хуулийн төслөөс зарчмын зөрүү бий юү?
 
-ХНХЯ дээр боловсруулсан хуулийн төсөлтэй зарчмын зөрүүтэй зүйл байхгүй. ХНХ-ын сайд ч өөрөө хэлсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хамтарсан ажпын хэсэг байгуулаад зарчмын саналуудаа нэгтгээд явах боломжтой. Шимтгэл төлж буй иргэд Хяналтын болон удирдах зөвлөлөө хараат бусаар байгуулах ёстой. Мөн Монгол Улсын төрийн тэтгэврийн, нийгмийн даатгалын, хувийн тэтгэврийн санг сайдуудаас салгах ёстой. Салбарын сайд сан удирддаг тогтолцоо байж болохгүй. Хөрөнгө оруулалтын сангийн хуулиараа хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад эрхийг нь олгоно. Энэ компаниуд гарч ирээд улс төрийн оролцоогүйгээр хөндлөнгийн менежмент хийх хэрэгтэй. Сангуудыг ийм байдлаар улс төрийн оролцоогүй болгохгүй бол нэгнийгээ хардаж сэрддэг ийм байдал үргэлжилсээр л байх болно.
 
-Хуулийн төслийг боловсруулах явцдаа бусад улс орны туршлагыг судалсан байх. Ямар зохицуулалттай байна вэ?
 
-Олон орны туршлагыг судалж, харьцуулсан. Үүний эцэст хамгийн гол нь холимог тогтолцоогоор явах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол Голланд улсын жишиг. Иргэдэд ачаалал үүсгэхгүйгээр тодорхой хувийг нь аль таалагдсандаа сонголтоо хийж оруулах юм. Хоёр сангаас авах эх үүсвэр нэмэгдэж байгаагаараа онцлогтой болно.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин