sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /DW/. Ливанд мөргөлдөөн дахин хурцдаж эхэлснээс хойш зургаан долоо хоногийн дараа Израил, "Хезболла" бүлэглэлийн хооронд түр эвлэрэл тогтоосон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 16-ны пүрэв гарагт мэдэгджээ. Гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар шөнө дундаас эхэлж, 10 хоног үргэлжлэх аж.


Д.Трамп энэ тухай Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай хэлэлцээ хийснийхээ дараа "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Тэрбээр хоёр удирдагчийг Цагаан ордонд уулзахыг урьсан байна.


“Хезболла” бүлэглэл эхэндээ гал зогсоосон тухай мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ливаны Засгийн газрын хувьд уг мөргөлдөөнд идэвхтэй оролцогч тал биш бөгөөд хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна. Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, Б.Нетаньяху 10 хоног гал зогсоох хугацаанд хуурай замын цэргийн хүчээ Ливаны өмнөд хэсэгт үлдээхийг тушаажээ. Энэ тухай Израилын N12 суваг, Ynet цахим хуудас, Haaretz сонин мэдээлсэн ба одоогоор эл мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна. Б.Нетаньяху сайд нартаа хэлэхдээ, Д.Трампын гал зогсоох хүсэлтийг биелүүлсэн гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Израилын тал гал зогсоох асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байсан байна. 


Ливаны парламент дахь "Хезболла" бүлэглэлийн гишүүн Ибрагим аль-Муссауи AFP агентлагт мэдэгдэхдээ, хэрэв бидний эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг бүрэн зогсоовол бид гал зогсоох хэлэлцээрийг "болгоомжтойгоор" дагаж мөрдөх болно. Израилын тал энэ эвлэрлийг "аллага" үйлдэхэд ашиглах эрхгүй гэжээ. 


Д.Трамп дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга Дэн Кейн нарт Ливан, Израилтай хамтран урт хугацаагаар энх тайван тогтоох чиглэлд ажиллах үүрэг өгчээ. Гал зогсоох тохиролцоог зарлахаас өмнө хоёр улсын Элчин сайд нар хэдэн арван жилийн дараа анх удаа шууд улс төрийн яриа хэлэлцээг Вашингтон хотод хийсэн юм. Өмнө нь Америкийн тал энэхүү хэлэлцээ нь “иж бүрэн энхийн гэрээ” байгуулахад хүргэж магадгүй гэж мэдэгдэж байв.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг