sonin.mn
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар Үндсэн Хуулийн Цэц/ҮХЦ/-д хандсан тухайгаа өчигдөр мэдээлэл хийлээ.
Учир нь УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 2020 оны 12 сарын 11-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгой төсөлтэй холбоотой асуулга тавьжээ. Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариулах ёстой хэдий ч хариултаа өгөөгүй, хууль зөрчсөн гэнэ.
Иймээс ч С.Ганбаатар: " Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойн орд газартай холбоотой, гэрээ хэлэлцээрийн асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь түүнийг "Рио тинто" компанийн барьцаанд орсон гэж хардахад хүргэж байна.
 
Мөн Оюутолгойн гэрээг өөрчлөх боломж байсаар байтал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байгаа нь тэднийг харийнхны барьцаанд орж, Мрнголчуудын эрх ашгийг уландаа гишгэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалтнууд авлига авсан гэдгийг олон улсын хуулийн байгууллагынхан тогтоосныг хэлж байна.
 
АНУ, Хонконг, Сингапурын шүүх дээр нотлогдоод байхад яагаад манай Засгийн Газар Оюутолгой, Рио тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суухгүй байна вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуулгад хариулахгүй байгаа шалтгаан нь юу вэ? 400 тэрбум ам.долларын баялгийн тухай ярьж байгаа шүү дээ. 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн тухай ярьж байхад Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг Монголын талд ашигтай болгохын төлөө Засгийн газар нэг ч алхам хийхгүй байна. Ерөнхий сайд барьцаалагдсан байна. У.Хүрэлсүхийг огцруулах бүрэн үндэслэлтэй болсон тул ҮХЦ-д хандаж байна" хэмээсэн юм.
Энэ жирийн үйл явдлын мэдээний цаана чухам юу болоод байна вэ?
Монгол Улсын Засгийн газраас өчигдөр орой Оюутолгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг "Рио Тинто" компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнө МАН-ынхан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц улс төрийн ач холбогдолтой гэж тэд үзэж буй юм байна.
Иймээс ч С.Ганбаатар олон жил ярьсан Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаараа уг шийдвэр гарах хүртэл Засгийн Газарт шахалт үзүүлэх гэнэ.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАХН-аас дахин нэр дэвших магадлал өндөр байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийнхөө гол өрсөлдөгчийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гэж үзэж буй юм байна.
Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших боломжтой 10 хүн байгаа гэж МАН-ын удирдлагууд мэдэгдсэн боловч эцсийн мөчид У.Хүрэлсүх өөрөө дэвшиж мэднэ гэсэн таамаг түүнд бий төдийгүй дэвшихгүй байсан ч өндөр рейтингтэй намын даргатай нь үзэлцээд байвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч нь хэн ч байсан бай  өөрт нь л нэмэх оноо авчирна гэж тооцоолжээ.
 
Э.Мягмар