sonin.mn

 

Намын жагсаалтаар эрэмбэлэгдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ш.Түвдэндорж, М.Батчимэг нарыг эгүүлэн татах тухай яриа АН дотор тархжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн саяхны хэвлэлд өгсөн ярилцлагаас үүдэн ийм яриа гарсан бололтой.
 
 
Тэрбээр энэхүү ярилцлагдаа улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд олон зүйлийг өөрийнхөө байр сууринаас чөлөөтэй ярьжээ. Гэвч хамгийн ардчилалтай гэгддэг намынхан нь түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байснаас биш намын аппартад ажиллаж, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй мөртлөө олон юм ярьлаа гэж гоочилсон сурагтай.
 
 
Зүгээр л ярилцлага өгснийх нь төлөө УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гэж байгаа бол үнэхээр эмгэнэл. Ш.Түвдэндоржийн хувьд намаа нийслэлд ялуулахад нөлөө байсан. Харин түүнийг намынхныхаа “үгэнд ордоггүй” хэмээн эгүүлэн татах гэж буй бололтой.
 
 
Эрхэм хоёр гишүүнийг ийм хөгийн шалтгаанаар эгүүлэн татна гэвэл бараг бүтэхгүй биз дээ. Гэхдээ энэ үнэн бол Б.Мэдрээ, Л.Гансүх нар жагсаалтаар УИХ-д орж ирэх нь. Харин МАН-ыхан жагсаалтаар УИХ-д заларсан гишүүдээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй сул үлбэгэр байна хэмээн байнга шүүмжилж байгаа бөгөөд итгэл үзүүлэх асуудлыг ойрын хэлэлцэж магадгүй байна.