sonin.mn

 

Оросын олигарх Борис Березовский 68 насандаа Лондонд таалал төгссөн билээ. "Аргументы и факты" сонинд түүний нэр алдартай болсон арван баримтыг дэлгэжээ.
 
1.Березовский "ВАЗ" автомашины худалдаа эрхэлдэг "ЛогоВаза" компанийн үүсгэн байгуулагч бөгөөд энэ нь бизнесийн гарааны эхлэл нь байв.
 
2.Березовский Борис Ельцины тойрон хүрээлэгчдийн нэг байв. Түүний дэмжлэг туслалцаатайгаар Б.Ельцин 1996 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон.
 
3.1990-ээд оны дундуур тэрээр Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдсон. Березовскийн хүчин чармайлтаар ОХУ болон Чеченийн хооронд энх тайвны хэлэлцээр байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш Чечений алан хядагч нартай холбоотой гэж түүнийг нэг бус удаа буруутгаж байв.
 
4.1994 онд Березовскийн биед халдаж байсан удаатай. 2007 онд Их Британийн хэвлэлд Борис Абрамовичийн биед бас халдсан гэж бичиж байжээ.
 
5.Березовский томоохон медиа группын эзэн байсан. Тэрээр "Коммерсант", "Независимая газета", "Новые известия", Наше радио, OPT болон ТВ-6 телевизийн хувьцааг эзэмшдэг байв.
 
6.Тэрээр 2000 онд В.Путины сонгуульд идэвхтэй оролцож байгаад удалгүй дэмжлэгээ зогсоосон гэдэг. Харин үүний дараа Березовскийг улстөрийнхэн шахах болсон бөгөөд тэрээр эх орноо орхиж гарсан юм. Харин жилийн дараа тэрээр "Либеральная Россия" намыг байгуулсан түүхтэй.
 
7.2000 оны дунд үеэр Березовский Орост засгийн эрхийг солих хэрэгтэй гэж нээлттэй ярьж байв. Зөвхөн тайван замаар төр, засгийг өөрчлөхийн төлөө байсан юм.
 
8.Березовскийд нийтдээ эрүүгийн 11 хэрэг үүсгэж байжээ. Түүнийг мөнгө угаасан, залилан хийсэн, нэрт улстөрчдийг алах төлөвлөгөөтэй ажиллаж байсан хэмээн буруутгасан. Тухайлбал, телевизийн нэрт нэвтрүүлэгч Влад Листьевыг захиалгаар алсан гэж хэвлэл мэдээллээр бичиж байсан ч нотлох баримт олдоогүй юм.
 
9.Тэрээр 5,5 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг Роман Абрамовичийн эсрэг гаргаж байв. Березовский, ажил хэргийн түнш Бадри Патаркацишвилийн хамт "Сибнефть"-ийн хувьцаа болон "Русал"-ын хэсгийг Абрамовичийн дарамт шахалтаар зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдсан гэж баталж, зарга мэдүүлж байсан юм. 2012 онд энэ хэрэг шүүхээр эцэслэж Березовский ялагдал хүлээсэн ч, шүүхийн тэмдэгтийн хураамж болох 35 сая фунт стерлингийг төлж байсан гэдэг.
 
10. Нас барахынхаа өмнө Березовский алдарт зураач Энди Уорхолын "Улаан Ленин" зургаа дуудлага худалдаагаар 202 мянган ам.доллараар зарсан байдаг. Тэр үед түүнийг санхүүгийн хямралд өртсөн гэж хэвлэлээр шуугиж байсан юм.
 
 
Эх сурвалж: “Бизнес таймс”