Нефтийн Д.Намхайдагва гэвэл Монгол Улсын нефтийн салбарынхан андахгүй. Тэрбээр, энэ салбарт 35 жил хөдөлмөрлөхдөө улсын хэмжээний нефтийн байгууламжуудыг барьсан гавьяатай хүн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
 
-Таныг нефтийн салбарт 35 жил хөдөлмөрлөсөн хүн гэж сонслоо. Монгол улсын хэмжээнд гээд яривал энэ хугацаанд танд очоогүй сум гэж бараг байхгүй байхаа даа?
 
- Тиймээ, энэ ч үнэн шүү. Миний очоогүй аймаг, сум гэж байхгүй. Би 2010 онд тэтгэвэрт гарсан юм. Одоо "Ойл констракшн"-нд зөвлөхөөр ажиллаж байна. 35 жил нефтийн барилга байгууламж барихдаа 17 нефть бааз, 120 шатахуун түгээх станц, есөн нефть агуулах барьжээ.
 
 
Дээр үед нефть бааз барьдаг ганцхан байгууллага байсан нь Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга трест гэж байв. Өмнө нь, Сав тоног төхөөрөмжийн контор гэж нэрлэдэг, Дэнжийн мянгад байрладаг байлаа. Энэ байгууллагын даргаар ажиллаж байсан.
 
 
Шатахуун түгээх станц барих, засварлах гээд Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж ажилласан хүн дээ. Нефть бүтээгдэхүүн бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Түүний барилга байгууламжийг барина гэдэг тусгай стандарттай. Би Улсын хэмжээнд байгаа улс ардын аж ахуйн зориулалттай нефть баазуудыг барихад гар бие оролцсон.
 
 
Мөн батлан хамгаалах, хилийн ба дотоодын цэргийн зориулалттай нефть баазуудыг ч барьсан. Батлан хамгаалах стратегийн барилга байгууламжийг маш нууц хэмжээнд хийж гүйцэтгэнэ. Байрлал, зураг зэргийг хэлж болдоггүй.
 
 
-Одоо Монгол Улс нефть бүтээгдэхүүний 30 хоногийн нөөцтэй байгаа. Хуучин нийгэмд хэд хоногийн нөөцтэй байдаг байв?
 
-Дээр үед одоогийнхоос эсрэг л дээ. Нефть импортолдог байгууллага нь ганц Тээврийн яам. Ганцхан Зөвлөлт Оросоос импортолно. Тэгээд хоёр улсын хоорондын гэрээгээр дандаа зээлээр авна. Оронд нь өөр бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа.
 
 
Ингэж ганцхан байгууллага нефтийн бүтээгдэхүүн татдаг байсан мөртлөө нефть баазуудыг 85 хүртэл хувийн дүүргэлттэй байлгадаг байв. Тэгэхээр нэг нефть баазад дунджаар 5000 шоо метр шатахуун, үүнийгээ 18 аймгаар бодоод үзвэл наад тал нь хагас жилийн нөөцтэй байжээ. Тэр сайхан байгууламжуудыг зах зээлд шилжсэнээр хувьчлаад өнөөдөр заримыг нь буулгаад төмөрт тушааж байх шиг байна даа.
 
 
-Тэр олон нефть баазыг барих шаардлага байсан юм болов уу. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад эрэлтээ мэдрэхгүйгээр үйлдвэрлээд л байдаг байсан гэж шүүмжилдэг шүү дээ.
 
-Жилээс жилд манай хэрэглээ ихэсч, газар тариалан, үйлдвэрлэл нэмэгдэж байлаа шүү дээ. Тэгэхээр л газар сайгүй нефть бааз барьсан хэрэг. Зуд турьхан болно, байгалийн гамшгаас эхлээд эрсдэл үүсэх үед бүхий л нөхцөл байдалд бэлэн байх ёстой. Тэр байтугай хил дээр агуулах бий.
 
 
Говь-Алтайд миний анхны гар бие оролцсон нефть бааз 1975 онд баригдсан шүү. Нефть баазын материаллаг баазын эхлэл нь 1975 онд тавигдаж 1990 он хүртэл үргэлжилсэн юм. Тээврийн яамнаас ихээхэн хөрөнгө оруулалт хийж, бүх баазаа бүрдүүлж байлаа.
 
 
-Хагас жилийн нөөцтэй байсан гэхээр манай улс шатахууны хомсдолд санаа зовдоггүй байж дээ?
 
-Ер нь, санаа зовохгүй шүү. Одоогийнх шиг шатахууны үнэ cap болгон өөрчлөгдөнө гэж байхгүй. Тогтсон, хатуу үнэтэй. Тэгээд Монголын Засгийн газар Зөвлөлтийн Засгийн газар хоорондын гэрээний дагуу төрөл төрлөөр нь төмөр замаар тээвэрлэж, оруулж ирнэ.
 
 
Оросын цуваа их ирдэг байж. Оросууд замдаа 10, 20 жижиг сав булаад л түүнийгээ шатахуунаар цэнэглээд явдаг байсан. Сүүлд тэр газарт нь шатахуун түгээгүүрийн станцууд байгуулагдсан юм. 2000-аад оны эхээр хүмүүс энд тэндээс шатахууны савнууд олж, үлдэгдэл шатахуунуудыг нь зарлаа шүү дээ.
 
 
Тэр чинь Оросын цэргүүдийн нөөцөлсөн шатахуун юм. Анхлан 2004 онд Нефть нэгтгэл хувьд шилжихэд "НИК петровис" газар доор булаатай 3000 хэвтээ сав хүлээн авч байлаа.
 
 
-Хэзээнээс нефть манай зах зээлийн үнийг хөдөлгөгч гол бүтээгдэхүүн болчихсон хэрэг вэ?
 
-Шатахууны үнийг нэг төгрөгөөр нэмэхэд л лангуун дээр байгаа махны үнэ тэр хэрээр нэмэгддэг болсон үе нь 2004 оноос эхэлсэн юм. Анхны том импортын компани нь яах аргагүй "Петровис", "НИК" хоёр. Бас хувь хүмүүс ч цистернээр бензин зөөсөн.
 
 
Ингээд зах зээлийн хуулиар өнөөдөр үндсэндээ таван том компани л тунаж үлдээд байна. Монголын нефтийн салбарыг атгаж байгаа компаниуд гэвэл "НИК петровис", "Шунхлай", "Сод Монгол", "Магнай трейд", "Жаст". Энэ хэдэн компани үнийг ч мэднэ, хангалтаа ч мэднэ.
 
 
Дээр үед мөнгөөр тооцоо хийдэггүй, хоёр улсын гэрээний дагуу ачдаг байсан бол одоо 10 литр бензин авъя гэвэл мөнгөө өгөх хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөлд хуучин шиг нэг компани нийлүүлэлтийг хариуцаж ажиллавал дийлэхгүй л дээ. Одоо чинь хэрэглээ нэмэгдсэн, машингүй айл ч ховордсон байна.
 
 
-Зах зээлд шилжсэнээс хойш эдгээр хувийн компаниуд бүтээн байгуулалтдаа хэр анхаарсан бол? Нефтийн салбарын бүтээн байгуулалт, байгууламжуудыг тэр бүрийд бид анзаарахгүй юм л даа.
 
-Нефть нэгтгэлийг 2004 онд хувьчлахдаа Төрийн өмчийн хорооноос 15 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг таван жилийн дотор зарцуулах үүрэг өгсөн байдаг. Гэтэл "НИК петровис" гэхэд 2009 онд 20-иод тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийсэн.
 
 
Америкийн түгээгүүрүүд нэвтрүүлж, саравч, газар доогуурх сүлжээг сайжруулсан. Дохиолол, галын аюулаас хамгаалах төхөөрөмжийг шинэчилсэн. Орчин үед чинь техникийн шинэчлэл хурдтай хөгжиж байна, үүнийг дагаад 2-3 жилд шинэчилэх шаардлагатай болсон.
 
 
Тэр бүрийд эдгээр компаниуд цаг алдалгүй сайжруулж байгаа. Дээр үед сумын шатахуун түгээгүүрүүд чинь Хөдөө аж ахуйн яаманд харьяалагдана. 1982 оны хавьцаа Тээврийн яаманд шилжүүлж байлаа.
 
 
Тухайн үед техник технологи хоцрогдчихсон. Хувингаар л шатахуунаа худалддаг байлаа шүү дээ. Гэтэл Орос, Хятадад шатахуун түгээгүүрүүд байгуулагдчихсан байсан .
 
 
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр тусмаа нефть бүтээгдэхүүнийг төр мэдэлдээ авбал үнэ нь тогтвортой болно гэж үздэг хүмүүс бий. Харин та хувьд шилжсэн нь зөв гэж үздэг бололтой?
 
-Би хувьд шилжсэн нь зөв гэж боддог. Улсын байгууллага ашиггүй ажилладаг гэдэг яриа хоосон биш юм шүү. Би Нефть нэгтгэлийг хувьчлагдсанаас нь хойш "НИК петровист" ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн.
 
 
Тэгэхээр улсын байгууллага, хувийн байгууллага хоёрын ялгааг сайн мэднэ. Гэхдээ хувийн байгууллагууд шударга л ажиллах хэрэгтэй. 10 төгрөгийн ашиг олохын төлөө биш тавын ашигтай ажиллаад, тавыг нь ард түмэндээ зориулдаг байгаасай л гэж хүсдэг хүн дээ.
 
 
-Таны бодлоор хувийн байгууллагууд ард түмнээ бодож чадаж байна уу?
 
-100 хувь гэж хэлж чадахгүй. Компаниуд хүнд байдалд орж байсан үе бий. Одоо бол төрөөс ч дэмжиж байна. 1991 -1994 онуудад энэ салбар бүр хүнд байдалтай байсан. Манай улсад мөнгө байхгүй. Гэтэл нефть бүтээгдэхүүн хэрэгтэй байдаг.
 
 
Оросууд манайхаас түрүүлээд зах зээлд шилжчихсэн болохоор мөнгөгүй бол бензин өгөхгүй, нүүр буруулчихсан үе. Тэр үед бидэнд оронд нь өгөх бараа ч байгаагүй. Нефть нэгтгэлийг Ж.Оюунгэрэл гэдэг залуухан эмэгтэй удирддаг байсан юм.
 
 
Энэ хүн дөрөвхөн жилийн дотор буурал үстэй болтлоо ажилласан. Хөөрхий, ард түмний төлөө ингэтлээ ажилласан шүү. Ингээд л гарцаагүй хувьчлах шаардлагатай гэдэг ойлголт гарч ирсэн.
 
 
Хувьд шилжсэнээс хойш Монгол Улс нэг ч өдөр шатахуунгүй суугаагүй. Харин үнийн асуудал л үүсдэг.Тэгэхээр толгой компаниуд шударга байгаасай. Үнэ нэмэх шаардлага байгаа бол тэр нь бодитой байгаасай.
 
 
Түүнээс биш хэдэн компаний захирал хоорондоо утсаар яриад маргааш нь үнэ нэмэгддэг байж болохгүй. Шатахууны үнэ гэдэг нь айл болгоны талхтай холбоотой асуудал. Сурагчийн дэвтэр, үзэг харандаа ч нефть бүтээгдэхүүнтэй холбоотой шүү дээ.
 
 
-Шатахуун импортлогчид олширохын хэрээр галын аюул нэмэгдсэн шиг санагддаг. Улсын өмчид байхдаа шатахуун түгээгүүрүүд өнөөгийнх шиг оршин суугчдын дунд байрладаггүй байсан шиг санагдах юм?
 
-Социализмийн үед Нефть баазуудыг гал унтраах ангитай зэрэгцүүлэн байгуулдаг байлаа. Сумын түгээгүүрийн газар ч гэр хорооллоосоо тээр тэнд, хол байсан. Тэр үед шатахуун түгээдэг газар бол аюултай гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчихсэн юм.
 
 
Голцуу л шарилын газрын ойролцоо байгуулна шүү дээ. Харин яагаад том хотуудын шатахуун түгээгүүрүүд хот дотроо байж болоод байдгийг бид мэддэггүй байв. Ингээд 2004 оноос хойш сумын төвүүдийн түгээгүүрүүдийг бүгдийг зөөж хэрэглэгчдэд ойртуулсан.
 
 
Улаанбаатарын шатахуун түгээгүүрүүдийн нэгэнд нь гал авалцлаа гэхэд бусад түгээгүүрүүд рүүгээ гал авалцана гэсэн утгатай юм хэвлэлээр бичих юм. Энэ бол худлаа. Би барьж байсан хүнийхээ хувьд баталгаатай хэлж чадна. Гэхдээ стандарт хэтэрсэн тал ч бий, авилгал нөлөөлсөн нь ч үнэн.
 
 
Шатахуун түгээгүүрийн станцыг барих стандарт гэж бий. Гэтэл хэн дуртай дарга нь хэн дуртай хүнд газар өгөөд галын аюулгүй байдлыг зөрчсөн тал бий. Ер нь, нэг том алдаа гарч байж сэрэмж авах юм уу, эсвэл төр засаг урьдчилаад хамгаалалт хийх юм болов уу гэж харж суудаг юм.
 
 
-Азаар элдэв гамшгийн мэдээ сонсогдохгүй юм аа?
 
-Аюул хажууд байхын хэрээр анхааралтай ажиллаж байгаа хэрэг. Би хүртэл өдий 66 наслахдаа тамхи татаж үзээгүй. Манай нефтид ажилладаг хүмүүс бараг бүгдээрээ тамхи татахгүй. Нефтийнхэн галаас их айна.
 
 
Шатахуун түгээгүүрээс тээр хол тамхи татаж байгаа хүнийг загнаж, болиулдаг зуршилтай болчихдог юм билээ. За тэгээд, сүүлийн үеийн шатахуун түгээгүүрийн газрууд галын аюулаас дээд зэргээр хамгаалагдсан байдаг л даа. Ингэлээ гээд тайвширах зүйл ч биш шүү.
 
 
-Манай улс түүхий нефьтээ гадагшаа гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
 
-Биднийг алт сандайлсан гуйлгачид гэдэг. Тэгэхээр алтаа сандайлаад суугаад байх уу, бага багаар гаргаж, ашиглах уу гэдэг сонголт гарч ирнээ дээ. Би хоёр жилийн өмнө Тамсагт очиж ажилласан юм. Байгууламжуудыг нь Монголын хуулийн дагуу гүйцэтгэхэд нь тусалсан.
 
 
29 хоног ажиллахдаа 5100 хуудас техникийн бичиг баримтыг арван хэдэн инженерийн хамтаар хийсэн. Үнэхээр Хятадын инженерүүд чадалтай, дуулгавартай юм билээ. Ингэж ажиллахдаа би Хятадуудын ажиллах аргыг сурсан.
 
 
1000, 2000 тонны том савуудыг Хятадууд зүгээр л жижиг хэсгүүдээр угсарчихаж байна. Гэтэл Оросын технологи болохоор хуйлаатай том хавтан авчирч суурилуулдаг. Тэгэхээр бидэнд сурах зүйл их байна.
 
 
Яахав, өнөөдрийн шаардлагаар гаргах зүйлээ гаргах л хэрэгтэй байх. Ганцхан гаргаж байгаа баялагаа үнэд хүргэх нь төрийн үүрэг. Ард түмэнд өгөөжтэй болгох хэрэгтэй.
 
 
-Манай орон удахгүй нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж байна, Та гавьяандаа сууж байгаа ч боломж олдвол тэрхүү бүтээн байгуулалтад ажилламаар санагдаж байгаа биз дээ?
 
-Өөрийн нутагт боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг том ухаан. Бид ардчиллын эхний жилүүдэд Оросын сайхан тоног төхөөрөмжийг хайр найргүй үрэн таран хийсэн. Зөв ашигласан бол бидэнд боломж их байсан. За, бараг анхаарах сөхөөтэй хүн ч байгаагүй дээ.
 
 
Бүхэл бүтэн нефть бааз 20-иод обьектоос бүрдэнэ. Нэг баазыг 3-5 жил барина. Харин одоо л Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж байна. Өнөөдөр матерал элбэг, техник нь хөгжсөн. Барилга барихад хүний санаачлага л дутаад байна.
 
 
Дээр үед хана барья гэвэл ганц тоосго. Гагнуур хийнэ гэвэл орос электрод, зураг гэвэл бас л Оросын зураг. Уг нь, манайд сайн инженерүүд бий. Энэ мэргэжлийг би амьдрал дээрээс сурсан хүн. Мөн ажлынхаа явцад олон шавьтай болсон.
 
 
Тэгэхээр олон жил ярьсан боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаад би баяртай байна. Мөн тэр сайхан бүтээн байгуулалтад миний хэрэг гарах юм бол дуртайяа туслах болно.
 
 
-Би асууя гэж бодоод байсан юм. Та хэрхэн нефтийн салбартай амьдралаа холбосон юм бэ?
 
-Их сонин түүх л дээ. Би Завхан аймгийн Ойн аж ахуйн Модны үйлдвэрийн дарга байсан юм. 28 настай байв уу даа. Тэр үед хөдөөнөөс хотод шилжинэ гэдэг их хэцүү. Ялангуяа, намын гишүүн хүнд боломжгүй. Хот руу шилжих гэсний шалтгаан нь би таван хүүхэдтэй.
 
 
Хүүхдүүдээ гадаадад сургуульд явуулж, сайн боловсрол эзэмшүүлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй. Хөдөө байвал ийм боломж олдоход бэрх. Завхан чинь нийслэлээс 1100 км-ийн алс шүү дээ. Ингээд 1975 онд Завханд Нефт, бааз барих боллоо.
 
 
Я.Равдандорж гэж тээврийн яамны нэгдүгээр орлогч дарга, миний дотны танил байсан юм. Я.Равдандорж дарга Нефть бааз бариадах, тэгвэл би яамны зүгээс татаад авъя гэсэн. Тэгээд л тэр цагаас хойш нэг өдөр ч нефтийн салбараас холдоогүй.
 
 
Нефтийн салбартай холбосон хувь заяандаа би баярлаж явдаг. 35 жил ажиллахдаа би ээлжийн амралт ч ховор авсан даа. Дандаа томилолтоор явна. Төр засгийн даалгавраар хил дээр, баруун аймагт ажиллана.
 
 
Баян-Өлгийн Цагааннуураар бензин оруулах гэж байна, хоёр жилийн дотор нефть бааз барь, тариа ногооны ажил эрчимжлээ Сэлэнгэд нефть бааз барь гээд л тушаачихна. Тэр үед боловсон хүчин бага, харилцаа холбоо ч муу.
 
 
Хилийн цэрэг, батлан хамгаалах, харилцаа холбоогоор дамжуулж утсаар ярина. За тэгээд нэг машин явуулна, зарим нь 10-аад хоногийн дараа хээр суучихсан байна гэсэн мэдээ ирж байх жишээтэй.
 
 
Ингэж ажиллаж байсан гээд өнөөгийн залууст хэлэхээр зарим нь итгэхгүй шүү. Харин, залууст хандаж, өнөөдөр бүх зүйл сайхан болчихоод байхад идэвх санаачлагатай ажиллахыг л захидаг юм.
 
 
-Манай нефть бүтээгдэхүүний салбарын ирээдүйг Та хэрхэн хардаг вэ?
 
-Монгол Улс хөдлөх бүрэлдэхүүн цөөхөн, хүн ам багатай, зах зээл жижиг. Тэгэхээр ирээдүйд шатахууны ямар нэгэн бэрхшээлгүйгээр хямдаар нефть бүтээгдэхүүнээ авдаг болно гэж би боддог. Бүр өөрөө үйлдвэрлэдэг болно.
 
 
Өнөө маргаашийн бэрхшээл бол байх л асуудал. Бид тэр байтугай хэцүү цагийг туулаад гарсан. 1990-ээд оны эхээр үнэхээр хэцүү байсан. Харин тун удахгүй сайхан цаг ирнэ.
 
 
М.Хангал
 
Эх сурвалж: "Ганзам" сонин