sonin.mn

 

Монгол Улсын Засгийн газар зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайн их баялагийг дэлхийн зах зээл дээр гаргахыг зорьж байна. Үүний эхний алхам нь "Шинэ бүтээн байгуулалт" нэрийн дор хийгдэх шинэ төмөр зам юм.
 
 
Тэгвэл энэхүү төмөр замын талаар төрийн баримт бичигт юу гэж тусгасныг авч үзье. 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн баталжээ. Уг баримт бичигт 5600 км төмөр замыг гурван үе шаттай тавихаар тусгасан байна.
 
 
Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Цагаан Суварга-Зүүнбаян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд 150 км төмөр зам тавихаар төлөвлөжээ. Эдгээр замын нийт урт нь 1100 км бөгөөд үүнд 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө орохоор тооцсон байна.
 
 
Хоёрдугаар ээлжинд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөгт чиглэлд 380 км, Хөөт-Бичигт чиглэлд 200 км төмөр зам тавихаар тусгажээ. Замын нийт урт нь 700 км, өртөг нь 2.2 тэрбум ам.доллар байхаар төлөвлөжээ. 
 
 
Гуравдугаар ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэл зэрэгт нийт 3600 км төмөр зам барих юм байна. Эдгээрийн нийт өртөг есөн тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. "Энержи ресурс" компани Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барихаар ажиллаж байв.
 
 
Уг замыг 2015 онд ашиглалтанд оруулна гэж байсан. Өртөг нь 667 сая ам.доллар. "МАК" компани Нарийнсухайтаас Шивээ Хүрэн хүртэл 47.7 км төмөр зам барихаар төлөвлөж байна. 
 
 
Тус зам тавигдсаны дараа тодорхой хувь нь төрийн мэдэлд очихоор тохиролцжээ. Нийт өртөг нь 119 сая ам.доллар. "Болд төмөр-Ерөө гол" компани Дулаан хаан өртөөнөөс Баянголын хүдрийн уурхай хүртэл 98 км төмөр зам тавина.
 
 
Өртөг нь 245 сая ам.доллар. Одоо Монгол Улс 1815 км төмөр замтай. Харин дээрх төслүүдийг хэрэгжүүлбэл нийт 7400 км урт төмөр замтай болох юм. Монголын Улсын Засгийн газраас гаргасан тооцоогоор нэг км төмөр зам барихад 2-2.5 сая ам.доллар шаардагдах юм. Хэрэв энэ үнэлгээгээр тооцвол 5600 км төмөр зам барихад ойролцоогоор 11.2-14 тэрбум ам.долларын хөрөнгө орохоор байна.
 
 
Хариуцлагыг засгийн газар хүлээх ёстой
 
Гэвч энэ бүх ажил хойшлогдсоор. Учир нь шинээр тавигдах Монголын төмөр зам ямар царигтай байх тал дээр УИХ, Засгийн газрын гишүүд одоо "ацан шалаанд" орчихоод байна. Тэгвэл энэхүү царигийн асуудлыг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д юу гэж тусгасныг авч үзье.
 
 
Уг баримт бичгийн 4.1.2-т "Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна".
 
 
"Бүтээгдэхүүнийг нь экспортонд шууд тээвэрлэх. ашигт малтмалын орд, боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэлх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ" гэжээ.
 
 
Тодруулбал, Засгийн газар төмөр замын цариг ямар байхыг шийдэж чадахгүй бол УИХ-д оруулж шийдвэрлүүлж болно гэсэн үг юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар эл асуудлыг хойшлуулсаар өдий хүрэв.
 
 
Уг нь энэ ажлыг яаравчлах зорилгоор Засгийн газар бонд гаргаж дэлхийн санхүүгийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгосон билээ. Гэтэл төмөр замын ажил эхлэх нь битгий хэл, замаа ямар царигтай барих асуудлаа ч шийдээгүй маргалдсаар сууна.
 
 
Энэ ажлыг хойшлуулж цаг алдсаны хариуцлагыг Засгийн газар, тодруулбал Ерөнхий сайд өөрөө хүлээх ёстой. Саяхан УИХ-ын байнгын хорооны хурал дээр гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ "300 км төмөр зам барих ажлыг зогсоосон. Монголын төмөр зам барих ажлыг унагаж байна.
 
 
Дөрөвдүгээр сарын нэгэнд газар шорооны ажил эхлүүлнэ гэсэн. Одоо юу ч хийгээгүй байна. Уг нь М.Энхсайханыг "Монголын төмөр зам" төрийн өмчит компаний даргаар очиход нь үнэн юм хэлэх болов уу гэсэн чинь халчихсан...
 
 
Яагаад төмөр замын асуудлыг Засгийн газар оруулахгүй байгаа юм бэ" гэв. Тэрбээр төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар дахин яаралтай хэлэлцүүлэх санал дээр байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авав. Иймд төмөр замын цариг ямар байх талаар УИХ дээр халуухан маргаан өрнөх нь лавтай.
 
 
В.Якунин яагаад ирэв?
 
Саяхан "Оросын төмөр зам" нэгдлийн Ерөнхийлөгч В.И.Якунин Монголд ирж зургаан цаг түр саатав. Албан ёсны мэдээллээр, Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төсөл дээр хамтрах "технологи"-оо тодорхой болгох асуудлыг хэлэлцсэн байна.
 
 
Үүнд төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал. Ялангуяа стратегийн түншлэлийн харилцаатай мөнхийн хөрш орны хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ.
 
 
Харин В.И.Якунин хамтын ажиллагаанд ахиц дэвшил байгааг ч төслийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн болохоор цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг дахин сануулсан байна.
 
 
Уг нь В.И.Якунинг ирэхээс өмнө Монголд тавих шинэ төмөр замыг ямар царигаар барихаа УИХ-аар оруулаад шийдчихсэн байсан бол хойд хөршийнхөнд өөрсдийн бодлогоо тодорхойлоход нь хялбар байх байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.
 
 
 
Ц.Нямдорж: Оросоос өөр өргөн төмөр замтай улс дэлхийд байхгүй 
 
Одоо Монголын төмөр зам ямар царигтай байх талаар хэн юу хэлснийг сонирхоё. УИХ-ын гингүүн Ц.Нямдорж "Оросоос өөр өргөн царигтай төмөр замтай улс дэлхийд байхгүй. Сталины үед стратегийн зориулалтаар өргөн төмөр зам баригдсан.
 
 
Оросын Ерөнхийлөгч В.Путины хамгийн ойрын хүн Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Иванов гэдэг хүн бий. Энэ хүн дөрвөн жилийн өмнө "Оросын өргөн царигийн төмөр зам эдийн засгийн хорлол болж хувирлаа." гэсэн дүгнэлт хийсэн.
 
 
Өнөөдөр төмөр зам стратегийн асуудал байхаа больсон. Дээр үед танкийг төмөр замаар зөөж, Тэр нь стратеги болдог байлаа. Гэтэл өнөөдөр нарийн царигийн төмөр зам баривал "Монголын уул уурхайн баялаг гадагшаа хяналтгүй урсах гэж байна" гэж их сонин зүйл яриад байгаа юм.
 
 
Хил дээр гааль, хилийн цэрэг, тусгай албад нь бий. Яагаад баялаг хяналтгүй урсана гэж. Вагон бүхэн дурангаар орж гарна шүү дээ. Ийм хөгийн зүйлээр хууран мэхэлж, аль 2010 онд ашиглалтанд орох байсан төмөр замыг бүтэн таван жил улс төрийн зорилгоор хорлолоо.
 
 
Миний хэлж байгаа зүйлд нэг ноцтой юм бий. Жишээ нь гадаадын нэг компанитай байгуулсан гэрээнд 1180 км замыг тухайн компани барина. Оронд нь Тавантолгойг ашиглах тусгай эрхийг тухайн компанид өгнө" гэсэн баримт бичигт газрын үсэг зурчихсан байдаг.
 
 
Би үүнийг эсэргүүцээд байсан юм. Улс хоорондын харилцаа, аль хэдийнээ босох байсан төмөр замыг хорлоод, одоо дахиад өргөн царигийн төмөр зам барина гээд гүйгээд байх юм. Зардал ихтэй гэдгийг М.Энхсайхан хэлсэн.
 
 
Шилжүүлэн ачих зардал аймшигтай их. Эндээс Европт нүүрсээ гаргахад 15.000 км явна. Харин урагшааТяньжин хүрэхэд 1000 км хүрэхгүй. 15.000 км явж бараагаа зарах уу, эсвэл 1000 км явж бараагаа зарах уу гэдгийг хар ухаантай захын малчин өвгөн ч бодчихно.
 
 
Монголын Тавантолгойгоос зуун вагон нүүрс түүнийгээ 247 км явж буулгаад, эсвэл шилжүүлэн ачина гэхээр бөөн зардал гарна. Ийм эрүүл саруул зүйлийг хүлээж авах тэнхээ энэ Засгийн газарт алга" гэв.
 
 
Сонголтыг УИХ, Засгийн газар өөрөө хийх учиртай
 
Харин Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Манай уул уурхайн бүсээс тээвэрлэх ачааг нэг бүр нь 90 тонн ачаатай 108 ширхэг галт тэргээр зөөнө гэж тооцож байгаа. Тэр хүнд ачааг өргөдөг арга дэлхийн практикт байхгүй. Нэгэнт дугуй сольж болохгүй, тэгээд өргөн царигаар тавих бол ачих, буулгах асуудал үүсэх нь тодорхой.
 
 
...Яг одоо заавал өргөн, нарийн царигаар барь гэсэн төрийн шийдвэр байхгүй. Энэ сонголтыг УИХ, Засгийн газар өөрөө хийх учиртай. Төмөр замын асуудлыг хэрхэн шийдэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа хамаарна." хэмээжээ.
 
 
 
Төмөр замд хоёр хөршийнхөө балансыг барих хэрэгтэй 
 
Мөн судлаач Л.Даваапил хэлэхдээ "1949 оны гэрээн дээр царигийн тухай огт байхгүй. Сүүлд С.Батболдын Засгийг газраас баталсан Төрөөс төмөр замд баримтлах бодлогод үндсэн шугамаар явж байгаа замыг өргөн царигаар барина.
 
 
Уурхайгаас явж байгаа замыг нарийн царигаар барина гэж оруулсан байгаа. Тэгэхээр олон хүн царигийн асуудлыг үндэсний аюулгүй байдалдтай холбодог. 1989 онд зэвсэгт мөргөлдөөн хийж байсан Вьетнам улс өнөөдөр хоёр царигтай. Хойшоогоо Хятад руу холбосон.
 
 
Нэг нь өөрсдийнх нь хийсэн 1065 нь, нөгөө нь 1435 гэсэн нарийн цариг байгаа. Тэгэхээр бид өөрсдийнхөө бүтээгдэхүүний эргэлтийг удааж, дээрээс нь хий зардал гаргая гэвэл төмөр замаа өргөнөөр барих болж байгаа юм. Энэ прагматик алхамууд, тийм биз.
 
 
Нөгөөтэйгүүр манайх сүүлийн үед олон геополитикчтой болчихож., Миний хувьд геополитикт муу. Гэхдээ Монголын нөхцөлд геополитик гэж ярьж байхаар геополитикийн балансыг л хэрэгжүүлмээр байгаа юм. Манайх дэд бүтцийнхэээ хамгийн том хэсгийг 
 
 
Оросуудтай хамтарч барьсан. Тухайн үед урд хөршийн асуудал өөр байсан. Өнөөдөр Хятад дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын нэг. Тэгэхээр манайх хоёр хөршийнхөө балансыг барих хэрэгтэй.
 
 
Хүссэн ч, хүсээгүй ч бид хоёр хөршийн дунд оршиж байна. Нэгнийх нь цариг байж байна. Одоо нөгөөг нь барьж яагаад болохгүй гэж. Үүнд ложистикийн үүднээс сонирхолтой үзүүлэлтүүд гардаг" гэлээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"