sonin.mn
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын саварт суйлагдаагүй салбар гэж байдаггүй бололтой. Тэрбээр Монголын иргэний агаарын тээврийн тодотголтой "Дайны эрсдэлийн сан"-гаар дамжуулан онц, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт 10 гаруй жилийн ял сонссон этгээдүүдтэй холбогдож байсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн, халдашгүй дархан эрхтэй хэмээн хаацайлагдаж чадсан.
 
Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын авлига, хууль бус хувьчлал, төрийн өмчийн газар, объектыг хувийн өмч рүү гулсуулсан хэрэгт нэр холбогдож амжсан Харин өнөөдрийн байдлаар тэрбээр "Хадгаламж" банкны дампууралтай дөрөө харшуулан давхих болов.
 
Тодруулбал, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Жаст" группийн Ерөнхий захирал Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэрэг олон нийтэд ил болж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг нэгээр нэмэгдэв бололтой.
 
Тэдний эхлүүлсэн үйлдэл өдгөө "Хадгаламж" банкийг төрийн статустай болгох хэмжээнд хүндэрч, тус банкийг төрийн өмчит "Төрийн банк"-нд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан нь өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.
 
Улмаар "Хадгаламж" банк өнөөдрөөс "Төрийн банк" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болов. Энэхүү үйлдэл нь "Жаст" группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.доллар зээлсэнтэй холбоотой аж.
 
Тэрбээр зээл хүсэхдээ Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьж, тус үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн гарын үсгээр баталгаажсан батлан даалт үйлдүүлсэн байна.
 
Үүнд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын нөлөө ихээхэн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ч.Ганзоригийг улсын үйлдвэрээр дамжуулан батлан даалт гаргуулж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
 
Мөн өнгөрөгч даваа гаригт "Эрдэнэт" үйлдвэрт санхүүгийн шалгалт орж, санхүүгийн холбогдолтой баримт бичгийг нь хураан авсан байна. Хэрэг явдлыг сийрүүлбэл, "Жаст"-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн 109 сая ам.долларыг төлж чадаагүйн улмаас тавдугаар сарын сүүлээр тус банкны төлөөлөгчид Монгол Улсад ирсэн байна.
 
Тэд "Эрдэнэт" үйлдвэрийн хуучин удирдлагын гарын үсгээр баталгаажсан зээлийн баталгааг үзүүлж, үлдэгдэл зээлээ нэхжээ. Гэсэн ч удирдлага солигдсон учраас нөхцөл байдал хүндэрч үлдэгдэл мөнгөө хэнээс авах вэ, гэсэн асуулт урган гарчээ.
 
Харин Ш.Батхүү улсын компаниар батлан даалт гаргуулсан гайгаа ганцаараа үүрэхээр шийдэж, батлан даалт нь хуурамч, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар уг баталгааны талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.
 
Үүнд, "Стандарт" банкнаас хариу мэдэгдэл гаргасан бөгөөд тэд хуулийн зөвлөх компани хөлсөлж, батлан даалтын бичиг баримтууд хуурамч биш гэдгийг нотолсон аж. Тиймээс Ч.Ганзориг, Д.Сугар нар их, бага сэжмээр "Хадгаламж" банкны дампууралтай холбогдсон болж таарав.
 
 
"Стандарт" банк ч гэсэн хууль зөрчжээ
 
Ш.Батхүүд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчин байж зээл олгосон Өмнөд Африкийн "Стандарт" банк гороо амсаж байна гэлтэй. Тэд хууль ёсоороо бол Ш.Батхүүд зээл олгохдоо манай улсын арилжааны банкаар дамжуулан зээлийг олгох учиртай байжээ.
 
Тодруулбал, гадаадын банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгжүүд зээл авахаар бол дотоодын арилжааны банкаар дамжуулан авах ёстой хуулийн заалт байдаг аж. Хэрэв тэд Ш.Батхүүд олгосон 109 сая ам.доллараа хуулийн дагуу олгосон бол дотоодын арилжааны банкиуд түүнд хуулийн дагуу босго тавих учиртай байж.
 
Гэхдээ нэгэнт батлан даалтыг улсын үйлдвэр хууль зөрчин гаргасан учраас Ш.Батхүү нар зээлийг эхнээсээ хууль бусаар авах бодол өвөртөлсөн болж таарав. Юутай ч, зээл хүссэн, зээл авсан хоёр этгээд хоёул хуулийн өмнө тодорхой бурууг хүлээх нь дамжиггүй болов.
 
 
Нийт хөрөнгөөс нь 94 тэрбум төгрөг сох дутжээ
 
Үйл ажиллагаа нь доголдох болсон "Хадгаламж" банкийг өчигдөр эцсийн байдлаар татан буулгаж олон нийтэд мэдэгдлээ. "Монголбанк" нь тус банкны санхүүгийн доголдлыг хоёр жилийн өмнөөс ажиглаж эхэлсэн бөгөөд Монголын урдаа барьдаг таван банкны нэг учраас дансыг нь улайлгахгүйн тулд 503-н салбар нэгжээр нь дамжуулан төрийн үйлчилгээ буюу тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 хувийг дангаар нь хариуцуулдаг байжээ. Т
 
ус банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээс 800 тэрбум нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс бүрэлддэг байж. Харин "Төрийн банк", "Хадгаламж" банк хоёрын актив хөрөнгийг нийлүүлснээр "Хадгаламж" банкны 1.7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг эрсдэлээс хамгаалах хамгийн зөв алхам хэмээн "Монголбанк" мэдэгдэж байна.
 
Түүнчлэн "Хадгаламж" банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө автоматаар "Төрийн банк"-нд шилжих бол тус банкны ажилчид ч мөн төрийн банкны удирдлагад орох аж. Мөн төв банкнаас дээрх хоёр банкийг бүрэн нэгтгэж дууссаны дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдсэн ч тус банкны зээлийн чанар нь эрс муудсан байна. Гэхдээ харилцагчийн хадгаламжийг буцаан олгох санхүүгийн чадвартай байгаа аж.
 
 
Ш.Батхүү гэж хэн бэ
 
Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик, Эдийн засгийн их сургуулийг төгссөн байна. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд "MCS" компанид дэд захирал, 1996-1999 онд "Жамп" компанид дэд захирлаар ажиллаж байсан аж.
 
Тухайн оноос өнөөдрийг хүртэл "Жаст" группийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд "Хадгаламж" банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.
 
"Хадгаламж" банкны талаар товч дурдвал, Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед тус банк Оросуудад хувьчлагдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн банкны нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбум төгрөгийг зувшуулсан хэргээр ял сонссон байдаг.
 
Харин энэхүү дуулианы сиймхийгээр "Хадгаламж" банкийг Ш.Батхүү өөрийн болгож чадсан юм. Үүнд нь тухайн үед нийгэмд нөлөөллөө тогтоож чадсан улс төрчид тусалсан талаар яриа ч бий.
 
Энэ удаагийн явдалд ч тэрхүү улс төрчид "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нараас дутахааргүй оролцоотой байж болох талтай.
 
 
Б.Ширнэн
 
Эх сурвалж: