Оюутолгойн гэрээг засч, сайжруулах хамгийн зөв гарц юу вэ?
 
"Бухын доодохыг харж үнэг турж үхэв" гэгчээр Оюутолгойн баялагийг Монголын ард түмэн хэзээ хүртэх нь тодорхойгүй. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ "Оюутолгой"-н гэрээ өнөөдөр ихээхэн шүүмжлэгдэж байгаа. "Оюутолгой"-н гэрээ Монголын ард иргэдэд нэн ашиггүй гэрээ болсон гэдгийг маш олон эх үүсвэрээр нотолсон.
 
УИХ-аас өгсөн тодорхой чиглэлүүдийг тусгаагүй байна. Тухайлбал гэрээ хэрэгжих явцдаа хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлчихсэн. Ингэхээр Монголын талд оногдож байгаа өр, авлага нэмэгдэж байгаа юм. Монголын талын ашиг орлого хүртэх хугацаа 30 жилээр холдож байгаа.
 
Ингээд үзэхээр гэрээг хянан үзэх нөхцөл байдал үүссэн" гэж байв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд хүн өөрөө ийм мэдэгдэл хийнэ гэдэг нь тус гэрээнд ямар их алдаа байгааг гэрчилж буй хэрэг юм.
 
Уг нь хөрөнгө оруулагч тал зарцуулсан мөнгөө тухайн ордоос хэдий хугацаанд төлнө тэр.үеэс эхлээд 50 болон түүнээс дээших хувийг Монголын төл эзэмшихээр Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг баримтлан гэрээ хийгдэх ёстой байв.
 
Тодруулбал, Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн нэгд: "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна." гэсэн заалт бий.
 
Мэдэлд байна гэсэн үгийг тодотговол 50 ба түүнээс дээших хувийг Монголын ард түмэн эзэмшсэн нөхцөлд дээрх үг бүрэн утгаараа хэрэгжих юм. Тэгэхээр энэхүү гэрээ түүнтэй холбогдох бүх хууль, эрх зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн нь илэрхий. Иймээс уг гэрээг Үндсэн хуулийн цэц хянан үзээд хүчингүй болгох бүрэн үндэстэй.
 
Харамсалтай нь энэхүү эрхзүйн боломжоо бүрэн ашиглаж чадахгүй маргалдсаар өдий хүрэв. Одоо бидэнд Оюутолгойн гэрээг засч сайжруулах хамгийн зөв гарц энэ л болно. Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн энэ байддыг арилгаагүй цагт уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй юм.
 
Тогтвортой гэрээ тогтворгүйтэхийн учир
 
Уг нь гэрээний энэ алдааг засахын тулд С.Баярын Хамтарсан Засгийн газрын үед тодруулбал, 2007 онд ажлын хэсэг гаргаж байсан. 2007 оны хууль дээр ч хууль эрх зүйн зохицуулалт хийх боломж байсан. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа хийгээгүй. Дараа нь 2008 оны сонгууль болоод бужигнаж эхэлсэн.
 
Оюутолгойн төрийн эзэмшлийн хувь хэмжээний тухайд УИХ-ын 57 дугаар тогтоолоор 50 хүртэл хувь нь төрийн эзэмшилд байна гээд заачихсан байгаа. Оюутрлгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтад нийцүүлэн хийх, гэрээний нөхцлийг сайжруулах, төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхой болгох талаар тухайн үед МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу, Ц.Даваасүрэн, АН-ын Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, З.Энхболд нарын УИХ-ын найман гишүүн өмнөх парламентын хугацаанд шийдвэртэй тэмцэж ирсэн.
 
Гэвч С.Баярын Засгийн газар хаалттай хуралдаж Оюутолгойн гэрээг батлагдахаас долоо хоногийн өмнө гэрээг батламжилж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн талаар мэдэгдэл хийж байв.
 
Мөн сонгуульд амласан амлалтаа хагас дутуу биелүүлэх үүднээс Айвенхомайнз компаниас 250 сая ам.долларын зээл урьдчилгааг авч ард түмний нүдийг түр боловч хуурсан. Эцсийн дүнд юу болов. Оюутолгойн гэрээний маргаан, эцэс төгсгөлгүй хэрүүл.
 
Нөгөөтэйгүүр зэсийн нөөцийн асуудал бий. Өнөөдөр зэсийн нөөцөөроө дэлхийд тэргүүлдэг Чили улс 2006 оноос роялтигаа 10 хувь болгосон. Гэтэл манайд таван хувьтай байна. Одоо энэ хувь хэмжээ цаашид Оюутолгой дээр 30 жил мөрдөгдөхөөр болж байна.
 
Уг нь Монгол Улс гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглэсэн ч өсөн нэмэгдэх роялтийн хуулийг санаачлан үүнийг Оюутолгойн гэрээнд тусгах байсан. Гэтэл үүнийг Засгийн газар анхаарсангүй, гэрээний төслийг хуучнаар нь явуулсан. Мөн Оюутолгойгоос жилд 25 тонн алт гаргах тооцоо бий.
 
Алт бол тухайн улсын валютын сангийн эх үүсвэр гэдэг утгаар эрдэнэсийн сангийн хөрөнгөд бүртгэлтэй, тэр сандаа хуримтлагдан хадгалагдах учиртай. Гэвч энэ асуудлыг Засгийн газар одоо болтол шийдээгүй байна.
 
Цаашилбал усны асуудал байна. Мөн л 30 жилээр усны нөөцийг ашиглахаар болов. Энэ асуудлаар өмнө нь ажлын хэсэг дээр дахин яригдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийж, тогтоол гарсан ч Засгийн газар мөн л анхаараагүй.
 
Гэрээний талаар хүмүүс юу хэлэв 
 
Тэгвэл уг гэрээний талаар судааачид юу гэж үзэж буйг сонирхоё. Австралийн "ВА есоnоmics" төвийн захирал Брайн Фишер "МININ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Миний бодлоор хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинэчлэхээр болбол Оюутолгойд ирээдүйд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, ашиг орлогод том аюул нүүрлэнэ.
 
Жишээлбэл, ил уурхайгаас гадна ихэнх баялаг нь газар доор байгаа. Үүнийг ухахад маш том хөрөнгө оруулалт шаардагдана. Ирээдүйн энэ их хөрөнгө оруулалтыг ямар ч компани хийхгүй орхиж болзошгүй учраас энэ нь маш том эрсдэл юм...
 
Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжээд, Оюутолгойн гэрээг шинэчлэх нөхцөл үүсвэл, нөгөө хувилбар нь ашигт малтмалын хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хэвээр байхад Монгол Улсын эдийн засаг ямар байхыг харьцуулсан судалгаа хийсэн юм.
 
Гол үр дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад Ашигт малтмалын шинэ хуультай, Хөрөнгө оруулалтын хуулийг дахин хэлэлцэх нь бодлогын тогтворгүй орчинг бий болгож байна. Энэ тохиолдолд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөрвөн хувиар илүү байх болно...
 
Иймд Ашигт малтмалын шинэ хууль Монгол Улсын хөрөнгө оруулалт ашиг орлогыг бууруулна." гэжээ. Гэтэл доктор Ж.Гөлгөө хэлэхдээ " Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээнд зааснаас даруй хоёр тэрбум илүү ам.доллараар өссөн нь төвөгтэй нөхцөл байдал үүсгээд байна.
 
Үүний улмаас Монголын талын оролцоонд ногдох төлбөрийн хэмжээ даруй 700 сая орчим ам.доллараар өсөх нь ойлгомжтой. Анхны тооцоо алдаатай байсан. Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж, бараа материалын үнэ тооцоолсноос давж өссөн байж болох ч энэ тухай хөрөнгө бүрдүүлэгч тал Монголын оролцогч талтайгаа тухай бүр зөвшилцөж ойлголцолгүй явж ирсэн нь яах аргагүй алдаа.
 
Үүсээд буй нөхцөл байдалд хамтран ажиллагч талууд уужуу тайван, чин сэтгэлээсээ ярилцаж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Тэгэхдээ ажиллаж эхлэх хугацаанд хохирол учруулж хэрхэвч болохгүй.
 
Төсөл хэдий түргэн ажиллагаанд орно, тэр хэмжээгээр аль алиных нь орлого олох хугацаа наашилна гэдэг үүднээс хоёулаа хөдлөх ёстой. Монголын талд 34 хувьд хамаарах дээрх 700 сая ам.долларын төлбөрийг тусгаарлаж, хүү тооцохгүйгээр, тодорхой хугацааны дараа, жишээ нь эхний 30 жилийн хугацаа дууссаны дараагаар төлөх гэх мэт нөхцлийг бүрдүүлж болох талтай...
 
Техник эдийн засгийн үндэслэлийнхээ дагуу Оюутолгой ашиглалтанд орсныхоо дараа жилд 450 мянган тонн зэс, 14 тонн алт олборлоно. Энэ нь үнийн дүнгээрээ одоогийн "Эрдэнэт"-ээс даруй гурав дахин их юм. Тэгэхээр тэвчээртэйхэн хүлээгээд Оюутолгойн өгөөж ямар байхыг урьд бий болгосон эерэг жишээ "Эрдэнэт"-тэй харьцуулж үзвэл ямар вэ? хэмээжээ.
 
 
О.Баасанхүү: Гэрээг байгуулахдаа гурван зүйлийг заавал харах ёстой
 
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Оюутолгойн гэрээний талаар ярихдаа "... Гэрээ одоогийн хуульд нийцээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Яагаад гэвэл гэрээг байгуулахад гурван зүйлийг заавал харах ёстой.
 
Нэгдүгээрт хугацааны хувьд ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэж заасан байдаг бол энэ гэрээнд 70 жил гээд биччихсэн байгаа юм. 70 гэсэн тоо ямар хуулийн заалт дээр байгаа юм бэ. Тэгэхээр хууль зөрчсөн байна шүү дээ. Энэ гэрээг эргэж ярих боломж байна гэсэн үг.
 
Бид анх гэрээг байгуулахдаа хэдэн тэрбумаар энэ компани босно гэсэн юм бэ. Дөрвөн тэрбум гэсэн юм уу, хоёр тэрбум гэсэн юм уу, эсвэл арван тэрбум гэсэн юм уу. Үнэ зөрчигдсөн байна гэдэг чинь гэрээ зөрчигдсөн гэсэн үг. 
 
Гуравдугаарт ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэл. ТЭЗҮ нь тухайн үед засвартай байсан гэж байгаа. Засвартайгаар нь авлаа гэж ярьж байсан. Авсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Засвартай юм авдаггүй байхгүй юу.
 
Тэгэхээр ТЭЗҮ-ийг чинь хэн гаргаж өгсөн юм бэ? Гаргахыг зөвлөсөн тэр компани нь өнөөдөр ашиг сонирхолын зөрчилтэй юм бол энэ чинь ерөөсөө асуудалтай юм биш үү. Энэ өнцгөөс ярихгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм." гэв.
 
Үүнээс үзэхэд Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй байдлаар хийгдсэн нь тодорхой. Гэрээг сайжруулах талаар Монголын Засгийн газар, "Рио Тинто" хоёр өнгөрсөн хавраас хэлэлцээрийн ширээний ард суусан боловч олигтой үр дүнд хүрэхгүй л байна.
 
Албан бус мэдээллээс үзэхэд Засгийн газар "Рио Тинто"-гийн зарим төлөөлөгчид Лондонд очиж дээрх гэрээний талаар дахин хэлэлцэхээр тохирсон бололтой. Оюутолгойн хувьд тус ордын гүний уурхайн ажил түр зогссон мэдээлэл байна. Юутай ч Оюутолгойн олборлолтын ажлыг зогсоох нь аль аль талдаа ашиггүй.
 
Тиймээс гэрээний нөхцөлөө зөв гаргаж, талууд хоорондын ашиг сонирхлоо бодолцож шинэ шийдэлд хүрэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээ бол зөвхөн Засгийн газар "Рио Тинто" хоёрын хоорондын асуудал биш Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудал гэдгийг бодох нь чухал юм.
 
 
Ш.Батцогт 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин