ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /Forbes/. “Орион” хөлгийн сансрын нисэгчид нэг хоногийн дотор Сарны нөгөө талд гарч, хүн төрөлхтөн Дэлхийгээс хамгийн хол зайд очсон шинэ дээд амжилтыг тогтоох гэж байгаа тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
“Artemis II” хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч болох Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен нар дөрөвдүгээр сарын 6-нд буюу өнөөдөр Сарыг тойрон нисэх ба манай гаргийн дагуулыг зургаан цагийн туршид ажиглах ажээ.
Тэд Дэлхийгээс хамгийн алслагдсан цэгт буюу 406 773 км-ийн зайд очих юм. Ингэснээр 56 жилийн өмнө буюу 1970 оны дөрөвдүгээр сард “Аполло 13” багийн тогтоосон 400 171 км-ийн дээд амжилтыг эвдэнэ.
Сарны хажуугаар өнгөрөх 6 орчим цагийн нислэг нь өмнөх багийнхны хувьд хэтэрхий харанхуй байсан Сарны цаад талыг харах боломжийг олгох ажээ.
"Нар хиртэх үеэр Орион одны ордны байрлалаас харахад Нар Сарны ардуур орох тул харагдахгүй болно. Энэ хугацаанд багийнхан Сарны харанхуй талыг голчлон харах бөгөөд энэ нь Сарны гадаргуу дээр унах солируудын гэрлийн гялбаа, Сарны зах хязгаараас дээш хөөрөх тоосонцор болон бусад гараг эрхэс зэрэг алс сансрын биетүүдийг ажиглах боломжтой" гэж НАСА-гийн мэдэгдэлд дурджээ.
Сарыг амжилттай тойрон ниссэнийхээ дараа сансрын нисэгчид эх Дэлхийдээ эргэн ирэх бөгөөд Номхон далайд Сан-Диегогийн эрэг орчимд бууна.
Сансрын “Орион” хөлгийг “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Сансрын төвөөс Зүүн эргийн цагаар 18:35 цагт хөөргөсөн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл0