sonin.mn
УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-"СЕО Summit-2013" арга хэмжээний хүрээнд ямар ямар асуудлуудыг хөндөж төр, засгийн байгууллагуудад дуулгах гэж байна вэ?
 
-Компанийн захирлуудын дээд хэмжээний уулзалт " СЕО Summit-2013" арга хэмжээний үеэр Монголын эдийн засгийн энэ оны байдал, бизнесийн орчин Шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бизнесийнхэнд хэр зэрэг нийцтэй байна, юу нь болж, юу болохгүй байна, өмнөх Засгийн газрын үед ярьж байсан бизнесийн орчны шинэтгэл ямар байдалтай явагдаж, санхүүгийн орчин сайжирч байна уу, бизнест хандах тэгш хандлага шударга байж чадаж байна уу, төрийн оролцоо хэр зэрэг байна, түүний саад бэрхшээл нь юу байна гэх мэт бизнест хамааралтай олон олон асуудлыг компанийн захирлууд өөрсдөө ярина.
 
Мөн түүнчлэн төр, засгийн байгууллагын төлөөлөл тухайлбал, гааль болон татвар зэрэг бизнестэй хамгийн ойр ажилладаг байгууллагууд оролцсон ажил хэрэгч зөвлөгөөн болно. Энэ зөвлөгөөний үр дүнд цаашдаа УИХ, Засгийн газарт явагдаж байгаа хууль зүйн, бизнесийн шинэчлэл болон ер нь эдийн засгийн макро түвшний бодлого зэрэгт бизнесийнхний дуу хоолой, санал бодол яаж тусах нь гол асуудал.
 
Шинэ Засгийн газар байгуулахад Танхимаас 2012-2016 онд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой бодлогуудад санал бодлоо хүргүүлчихсэн. Тэр нь бараг бүхэл бүтэн ном юм бий. Манай саналууд ерөнхийдөө энэ шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Гэхдээ шинэ засаг гараад нэг жилийн хугацаа өнгөрөхөд үүний хэрэгжилт ямар байна, төр-хувийн хэвшлийн түншлэл бодит байдал дээр яаж хэрэгжиж байгаа гэдэг дээр бодох л хэрэгтэй.
 
Хэдийгээр шинэ засгаас тодорхой асуудлыг барьж аваад газар дээр нь шийдэх хандлагаар ажиллаж байгаа ч ерөнхийдөө макро эдийн засгийн бодлого нь Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, мэдэгдлүүд нь бизнесийнхэнд итгэл үнэмшил төрүүлж байна уу.
 
Бизнесийнхэн цаашдын бизнес хөрөнгө оруулалтын орчны төлөв байдлаа хэрхэн харж байгааг харуулсан "Бизнесийн итгэлийн индекс" судалгааг бид саяхан гаргаж дууслаа.
 
Уг судалгаанаас үзэхэд бизнесийн итгэл тааруу харагдав. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны далайц хүрээний үр өгөөж талаас харвал бизнес эрхлэгчид сэтгэл дундуурбайна.Сайхан зөв зорилт тавьж болно.
 
Гэхдээ стратегиа боловсруулахаасаа авахуулаад хэрэгжүүлэх шатандаа үр нөлөөг нь амсч байдаг хүмүүс буюу бизнес эрхлэгчдийн оролцоог үр дүнтэй хангах шаардлагатай байна.
 
 
-Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн талаар Таны байр суурь? Энэ хоёр зүйл бол өнөөдрийн гол сэдэв болоод байх шиг?
 
-Эдийн засгийн хүндрэл бол байна. Монголд олон жил макро эдийн засгийн хэдэн тоо, макро эдийн засгийн өнцгөөс харж яриад байгаа зүйл ажиглагдлаа. Бодит сектор буюу хувийн хэвшлийн судасны лугшилтыг сонсоод, түүндээ үндэслэн дүгнэлт хийж, арга замаа хамт ярилцан боловсруулдаг бодлогын соёл, технологи дутагдаад байна манайд.
 
Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхэд эдийн засгийн хүндрэлтэй асуудлаар улс төрийн намууд өөр өөр байр суурьтай байх жишээтэй.МАН эдийн засгийн байдал хүнд хэцүү байна гээд ерөнхийдөө байдлыг жаахан доошлуулах хандлагатай.
 
Гэтэл зарим сайдууд ерөөсөө яагаачгүй, зүв зүгээр гэсэн байр суурьтай байна. Эдийн засгийн байдлыг улстөржүүлээд ирэхээр өнгө нь мэдэгдэхээ больдог, бүдгэрээд ирдэг учраас нэгдсэн байр суурьтай байх нь чухал. Монголын эдийн засгийн хувьд улаан ч биш, цэнхэр ч биш. Харин хүмүүсийн амьдралын асуудал юм.
 
Энэ тохиолдолд эдийн засгийн хүндрэлийг авч үзэх нь зүйтэй. Дашрамд дуулгахад Танхим бизнесийн орчин ямар байна, бизнест хандлага ямар байна, төр яагаад төрийн өмчит үйлдвэрийн газруудыг шинээр байгуулах, тэдгээрийг шүтэх дуршил нэмэгдээд байна гэдэг талаар мэдэгдэл гаргасан байгаа.
 
Монголын гол нэрийн, бидний орлогыг бүрдүүлдэг тодорхой бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш тааруу байгаа нь үнэн. Гэхдээ бид эдийн засгийнхаа хүндрэлийг ямар нэг улстөржихгүйгээр жинхэнэ мэргэжлийн түвшинд ярих шаардлагатай байна.
 
Тиймээс компанийн захирлуудын чуулганы үр дүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхэд их хэрэгтэй мэдээлэл болно. Валютын ханшны өсөлт бол ганц хөлтэй эдийн засгийн маань өөрийнх нь дүр төрхөөс болж буй үзэгдэл юм.
 
Гадаад орчин, экспортын орлого муудсан учраас валютын ханш ийм боллоо гэж ярихаасаа өмнө дотооддоо бодлого маань зөв явагдаж чадсан уу. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт хандах хандлагаа өөрчилж чадсан уу. Тааламжтай, цоо шинэ орчинд хөрөнгө оруулагчдыг урин дуудсан бодлого явуулсан уу.
 
Эдийн засаг, санхүүгийн болон институцийн боломжийн орчин бий болгож чадсан уу. Эдгээрийг бас л ярилцах хэрэгтэй. Валютын ханшийн өсөлтийн угшлыг аваад үзэхээр бүр 2008 оноос эхлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн хоёр том нам дааж давашгүй, боломжгүй амлалтыг сонгуульд ялахын тулд өгснөөс болоод эдийн засгийнхаа зөв бодлогын гольдролыг эвдсэн.
 
Ийм буруу бодлого явж, үүндээ барьцаалагдаж, амлалтаа биелүүлэхийн тулд эдийн засгийн олон зөв зохистой харьцааг алдагдуулсан. Энэ нь нийт бүтцийнхээ тэр дундаа валютын ханшинд шок маягийн асуудал үусч, огцом хэлбэлзлүүд сүүлийн саруудад бий болов.
 
Өнгөрсөн тавдугаар сараас эхлээд валют өсөх шинж тэмдэг мэдэгдэж, наадмын дараагаас доллар 1700 төгрөг хүртэл өсч, интервенц хийхээс өөр ямар арга хэмжээ авсан юм. Бусад улс орнуудын туршлагаас харахад, интервенц төдийгүй валютын ханш, түүний дэглэмтэй холбоотой бодлогын өөрчлөлтүүд болон төрөл бүрийн уламжлалт болон уламжлалт бус аргыг хослуулж валютын ханшны тогтвортой байдлыг хангадаг.
 
Гэтэл манайхан эдгээр ажлуудыг хийхгүй мөртлөө байдлыг онолын хүрээнд тайлбарладаг. Валютын ханшны өсөлтийн эцсийн үр дүнг ард түмэн, хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлж, эдийн засагт инфляцийн дарамтыг нэмэгдүүлсэнээр эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.
 
Ийм учраас зөвхөн Монгол банк төдийгүй, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэлдэхүүнтэй Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл улирал болгон энэ талаар авч хэлэлцэх ёстой гэсэн даалгаврыг Эдийн засгийн байнгын хорооноос өгөгдсөөр байтал, үүнийг үл ойшоож байна.
 
Уг хороогоо ч, зөвлөлөө ч хуралдуулахгүй. Интервенц хийсэн нэртэй байж байна. Нэг үгээр хэлбэл, валютын ханшийн өсөлтөө зохицуулж чадахгүй байсаар инфляцийн дарамт бий болгочихлоо шүү дээ. Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж Танхим олон жил ярьсан.
 
Мөн мөнгөний бодлогыг өөрчлөе гэж олон жил дуугарсан. Харин үүний үр дүнд инфляцид хандах төрийн бодлого одоо өөрчлөгдөж байна. Засгийн газар, Монголбанк инфляцийг нийлүүлэлтийн талд тогтворжуулах дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлээд тодорхой хэмжээгээр хурд нь саарч байгаа. Энэ бол зөв.
 
Гэхдээ зээлийн хүүг энэ онд гуравны нэгээр буруулна гэсэн Засгийн газрын бодлого бодитойгоор хэрэгжиж чадаж байна уу гэдгийг захын бизнесчээс асуухад "үгүй" гэж хэлнэ. Гэтэл төрийн хариуцлагатай зарим хүмүүс "ер нь буурч байгаа шүү дээ" гэж байна лээ.
 
Өнөөдөр төрийн алдаатай бодлогоор валютын ханш нэмэгдсэн хүнд хэцүү нөхцөл үүсчихсэн. Ийм учраас хүнд нөхцөл байдлын тодорхойлолт буюу "Hardship" гэрчилгээг Танхим өгч байна.
 
Валютын ханшны өсөлтөөс магадгүй дамын наймаачид хожиж байгаа байх. Харин санхүүгийн зах зээл дэх хөөрөгдлийг төр өөрөө бий болгоод байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх тухай хууль байдаг. Тэр хууль хэрэгжихгүй байна.
 
 
-Хямралын эсрэг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар Та саналаа хэлэхгүй юу?
 
-Хамгийн түрүүнд эдийн засгийг идэвхжүүлэх хэрэгтэй. Валютын ханшийг тогтворжуулах, буулгах энэ чиглэлийн арга хэмжээ авах. Дээр нь макро эдийн засгийнхаа уялдааг хангаж өгөх нь чухал. бол. Мөдхөн Их хурлаар хэлэлцүүлнэ гэж бодож байна.
 
 
-Энэ оны Төсвийн тодотголын тухайд та ямар байр суурьтай байна вэ ? 1,5 их наяд төгрөгөөр алдагдалтай
 
-Төсвийг нэг хэсэг нь тодотгох, шаардлагатай гэж үзнэ. Харин нөгөө нь шаардлагагүй гэж үзэж байна. Энэ бол нэг их чухал зүйл биш. Эцсийн эцэст төсвийн тогтвортой байдлын хуулинд заагдсан хариуцлагын шалгуур үзүүлэлтүүд хангагдаж чадаж байна уу, макро эдийн засгийн гол хоёр бүрэлдэхүүн мөнгөний болон төсвийн бодлого сангийн бодлого хоорондоо зохицож чадсан уу.
 
Үүний үндсэн дээр төсвийн төлөвлөлт, төсөв батлах үйл явц, судалгаа, шинжилгээ, бодлогын дүн шинжилгээ энэ бүхэн өөрөө төгс төгөлдөр байж чадаж байна уу. Өөрчлөх зүйл бий эсэх, төсвийн орлого болон зарлага тал дээр төлөвлөлтийн ямар арга хэрэгсэл хэрэглэх, юу нь болохгүй байна зэрэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
 
Дашрамд дуулгахад "Бизнесийн итгэлийн индекс"-ийн судалгааны дүнг Ерөнхий сайд болон яамдууд хүргүүлсэн байгаа. Иймд төр, засаг юун дээр алдаж байгаа, юуг засаж залруулах ёстойг ухаарах байх.
 
 
-Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн орчны талаар амласан амлалтууд бодит байдал дээр ямар байна гэж Та дүгнэлт өгөх вэ?
 
-Бизнесийн орчны шинэчлэл явагдаж байна. Гэхдээ хүмүүст мэдрэгдэхгүй байгаа нь бизнесийн итгэлийн индекс судалгаанаас харагдаж байна. Гадаад худалдааны бичиг баримтыг багасгалаа. Одоо лицензийг 50 хувь бууруулах ажлын хэсэгт Танхимаас ороод ажиллаж байна.
 
Засгийн газар удаан байна, хортой мөөгтэй зүйрлэж болох юм. Хортой мөөгийг тайраад байхад ургаад л байдаг. Үндсийг нь устгах ёстой. Тал талаас нь ухаалгаар цавчиж, дахиж ургахгүй болтол нь цавчимаар байна. Өнөөдөр гадаад худалдааны бичиг баримт багассан ч, үйл явц багасаагүй хэвээр байна.
 
Жишээ нь гаалийн байцаагчдын субъектив хандлага багасаагүй, хяналт шалгалт багасаагүй. Үнэлгээний олон арга бий. Гэтэл гаалийн байцаагчид ганцхан алибаба.сом сайтаас мэдээллээ авч, үнэлгээг хийж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бизнесийн орчны шинэчлэл хийгдэж байна. Гэхдээ эрс шинэчлэл хийх ёстой юм.
 
Энэ шинэчлэлийг 2013 оны төгсгөлөөс Засгийн газар бизнес эрхлэгчдийн саналыг сонсох хэрэгтэй. Авлигын хамгийн шимтэй хөрс нь хүнд суртал. Тийм учраас хүнд суртлын талаар авлигатай тэмцэхээр байгуулагдсан "РАСI  Монгол" сүлжээний 160 гаруй компаниудын авлигалаас ангид байна гэсэн хүсэл сонирхлыг илэрхийлсэн төлөвлөгөө гарчихлаа.
 
Хамгийн түрүүнд хаяглах зүйл бол бизнесийн орчны шинэчлэл. Монгол Улс гаднаас харахад нүүрээ угаачихсан, эсвэл арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр ил тод байх хэрэгтэй, Төр бизнест хэт их оролцож байна. Төрийн өмчийг эргэж харах цаг боллоо гэж Ерөнхийлөгч хэлснийг бид бодох хэрэгтэй.
 
Төрийн оролцоог хязгаарлах, хамгийн зохистой түвшинд байлгахын .,тулд хууль, эрх зүйн талаас нь төрийн оролцоог хязгаарлах шаардлагатай. Зарим улстөрчдийн ярьж байгаа шиг хэтэрхий их яам, агентлаг байна гэдэгт асуудлын гол нь биш. Ерөөсөө зохицуулалтын институтын бүтэц өөрөө зохистой байна уу гэдгийг бодох.
 
Тухайлбал, өнөөдөр агентлагуудын гаргаж байгаа тушаал, шийдвэр нь саад бэрхшээл үүсгэсээр байна. Тиймээс үүнийг таслах хэрэгтэй. Ярилцлагынхаа эцэст нь Улаанбаатар хотын талаар саналаа хэлье.Нийслэлд манай улсын хүн амын 50 хувь нь амьдардаг. Гэтэл хотод зам, метро барих тухай их ярих юм.
 
Харин бизнесийн орчинг анхаарсан шийдвэрүүд ер харагдахгүй байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүнд суртлыг багасгах асуудал Ч.Сайханбилэг даргын толгойлж байгаа Шинэчлэл багийнхантай уялдаж өгөхгүй байна. Бизнесийн итгэлийн индексийн судалгаагаар үзэхэд дүүргүүд нэлээд хүнд сурталтай гарч байна.
 
Тэгэхээр нийт эдийн засгийн бүрэлдэхүүнд хамгийн чухал хэсэг нь Улаанбаатарын эдийн засаг байна, Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн нэг бүрэлдэхүүн нь Улаанбаатарын эдийн засаг юм. Хамгийн ариун зарчим бол хувийн өмч бөгөөд үндсэн хуулийн суурь зарчим.
 
Хувийн өмч рүү дайрах нь Улаанбаатар хот, бизнесийн хооронд түншлэлийн харилцаа алга байгааг харуулж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн хоорондын түншлэл дутагдаж байгаа гэсэн үг.
 
Г.Мөнхдэлгэр
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин