sonin.mn

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсаны дараа Сербид хий нийлүүлэх гурван сарын хугацаатай хэлэлцээрийг Оросын тал сунгажээ. Энэ тухай өчигдөр B92.net цахим хуудсанд мэдээлсэн байна.


“Бидний хувьд маш ашигтай нөхцөлөөр байгуулсан гэрээг гурван сараар сунгасан явдалд миний зүгээс Ерөнхийлөгч Путинд талархал илэрхийлсэн. Бид 1 мянган шоо метр хийг 320 орчим доллароор /279 евро/ худалдан авна” хэмээн Сербийн Ерөнхийлөгч хэллээ.


Tanjug агентлагийн мэдээлснээр, хийг уян хатан нөхцөлөөр нийлүүлэх бөгөөд үнийг нь нефтийн үнэтэй уялдуулан тогтоох ажээ. Нидерланд дахь Европын хамгийн том хий нийлүүлэлтийн төвөөс дөрөвдүгээр сард нийлүүлэх хийн фьючерс үнэ өчигдрийн байдлаар 1 мянган шоо метр нь 663.1 доллар байв. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ, Путин, Вучич нар утсаар ярьсныг баталсан байна. “Серб зэрэг ах дүүгийн найрамдалт орнуудад хий нийлүүлэх үүргээ бид биелүүлж байгаа” гэж тэрбээр хэллээ. 




Б.Адъяахүү