Үдэш бүр агаарыг сорох хорт утаа шөнийн цагаар сүнс мэт их хотын тэнгэрийг бүрхэнэ. Нийслэлийн минь шөнийн өнгө , амьдралыг аялгуутай зүйрлэвэл гуниг харууслын эгшиг гэлтэй, Утаанбаатарын саарал өдрүүд хөвөрнө. 
 
Агаарын температурын хасах хэм нэмэгдэх тусам амьсгалах эрхийг боомилно. Зул сар мэндчлэх үест утаа улам өтгөрнө. Хувь тавилантайгаа эвлэрсэн нийслэлчүүдийн хувьд утаа эмгэнэлт бас улигт сэдэв.
 
Улстөрчдөд бол мөнхийн амлалт, мөнгө гуйх “сонгодог” арга. Дуусдаггүй, дуусах ч найдлагагүй утаан ботийн хуудас зузаарч, өнөө жил ч нэгээр нэмэгдэж, тэрбум тэрбумаар тоологдох төсөл хөтөлбөрөөр баяжчихаж. 
 
Бүр үзэсгэлэн гаргахаар болчихож. Монголчууд бид баргийн юмыг тоогоод, нялцаганаад, янгуучлаад байдаггүй, бүдүүн баараг хүмүүс. Гэвч аливаа зүйлд тэвчээрийн хязгаар бий.
 
Энэхүү аймшгийн утаанаас болж үнэнхүү бухимдал төрж байна аа. Хотын төвд гэр хороолооос хол, эсвэл хотоос гадагш цэвэр цэнгэг агаарт, хаус харшинд тансагладаг ихэс дээдсийн хувьд хорт утаан дунд хоног төөрүүлж байгаа ихэнх иргэдийнхээ зовлонг ойлгож, зовиурыг мэдрэхгүй байх нь аргагүй.
 
Утааны хорт уршиг хамгийн түрүүнд хөгшид, хүүхэд нялхаст хүндээр тусч, хууч архаг өвчнийг сэдрээж буй.  Орон сууцны иргэд ч тэднээс дээрдэх юм огт алга. Цонх, хаалга, тагтны нүх сүвээр утаа нэвчин, гэрээр нэг ханиаж, хахаж цацсан хүмүүс, хэлэх ч үг алга.
 
Ингэж бухимдсан үед утаагүй зуухны төсөл гэж сүржигнэн өчнөөн тэрбум төгрөг цацсан нь бодогдож ямар их дургүй хүрдэг гэж санана! Хаа байна тэр утаагүй зуух, нөгөө “Цэвэр агаар төсөл” чинь? гэж хашгирмаар. Утаа утаа бүр утаа ч биш угаар.
 
Энэ угаар амьсгал давхцуулж, хоолой гашуу оргиулан, үнэр нь хамар сэтлэм. Өвөл бүхэн л их хотын агаар ийм байдаг болохоор цээжнээс хар цэр ховхорч, уушгиар өвчлөгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр л... 
 
Өнгөрсөн өвөл гэхэд л Улсын төсвөөс “Цэвэр агаар сан”-д 30 орчим тэрбум төгргийг төсөвлөж, хотын утааг багасгахад зориулсан гэсэн тооцоо байна. Асар их тоо шүү, жил бүрийн өвөл энэ хэмжээний мөнгө зарцуулаад ч сайжирдаггүй салбарыг дампуурсан салбар гэж зарлаад хөрөнгө оруулалтыг нь хаачих хэрэгтэй.
 
Тэртээ арав гаруй жилийн урд утаагүй зуух, түлш бий болгоно гээд л, төсвөөс мөнгө батлаад байсан, ярьснаараа бол хийчих л цаг боллоо.  Хий дэмий энэ мэтээр мөнгө үрж байсны оронд 30 тэрбумаар орон сууц бариад ядуу иргэддээ үнэгүй тараагаад өгчихсөн бол өвөлдөө нүүрс түлдэг гэр хорооллынхон багасч тэр хэмжээгээр Улаанбаатарын утаа алга болох байсан биз ээ.
 
Ингээд биччихээр энэ салбарт ажиллаж буй хүмүүс уурсах байх гэхдээ сүүлийн арав гаруй жилд утаагүй зуух л гэж ярьснаас биш, утаагүй болж байна гэж ярив уу. Өдрийн од шиг хүйтрэх дөхөх үед хаа нэгтэй зурагтаар энэ утааг чинь нөгөө утаагүй зуух арилгана, хүн бүр зуухаа аваарай гээд л ярьна, тэгээд л алга болно. Өдгөө ч бас түүх давтагдаж, шинэ зуух тараах ажил эхэлсэн.
 
Албаны хүний хэлж буйгаар шинэ зуух өмнөх зуухаас олон талаараа ялгаатай гэнэ. Канадын технологиор хийгдсэн, усан халаалт бүхий зуух. Зөвхөн гэр гэлтгүй нэгээс, хоёр давхар байшинг халаах “мундаг” хүчин чадалтай. Нэг бүрийн үнэ нь 450 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Гэхдээ энэ удаа улсаас 95 хувь хөнгөлж иргэдэд өгөхөөр болсон аж. Мөн 2012-2013 онд багтааж гэр хорооллын айл өрхийг бүрэн зуухжуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж. 
 
Түүнчлэн байшин, аж ахуйн нэгжид ашиглаж буй нийт 2000 гаруй нам даралтын зуухыг татан буулгаж, дулааны төвлөрсөн шугамд холбох гэнэ. Угтаа бол эдгээр ажлыг бүрэн хийлээ ч түр зуурын гал унтраахтай адил биш үү. За тэгээд бас болоогүй.
 
Энэ жилийн олон ашигт зуухыг худалдаж аваагүй тохиолдолд 500 мянган төгрөгөөр торгоно, хотоос нүүлгэнэ гэх зэрэг шаардлагыг тавьж буй. 2014 он хүртэл 130 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, эхний ээлжинд хоруу чанарыг 50 хувь хүртэл бууруулж, хавар зуны улиралд ч хэрэгжинэ гэсэн байсан нөхдүүд өдгөө утаа багасаагүй ч хорт чанар нь буурсан гээд хээв нэг хэлж байсан. 
 
Чих худал нүд үнэн гэдэг дээ. Нүдээр үзээгүй болохоор итгэхэд хэцүү байхад дахиад л шинэ зуух гараад ирэх нь яршигтай. Дулааны улиралд тууштай тэмцэж, утаагүй өвөлжинө гээд цээжээ дэлдээд байсан эрх мэдэлтнүүд хаачив.
 
Өвөл дахиад ирэхгүй юм шиг ард түмэн, УИХ, Засгийн газар ч мартана,тэгээд л уршигт утааны сар эхэлчихээд буй өнөө цагт яана аа нөгөө утаа гээд дуу дуугаа авч орилолдоод л шинэ сайн зуух, авахгүй бол нүү гэдэг энэ зарчмыг болиулмаар байна. Хийж үзээгүй хүнд хэлж ярихад амархан байдаг гэсэн нээрэн ч байж магадгүй.
 
Гэхдээ миний бодлоор “Цэвэр агаар”, “Гудамж” төсөл, гэрийн дулаалга, шал, утаагүй зуух, түлш, орон байраа дулаалъя гэхчилэн ажилладаг, ажилладаггүй нь мэдэгдэхгүй төслүүдийг зогсоож, улиг болсон хорт утаа , агаарын бохирдлыг багасгах зорилготой төслүүдийг ерөнхийлөгчийн удирдлаган доор авмаар санагдах юм.
 
Байгаль орчин ногоон хөгжлийн яам гэх газрууд нь авахаар хэн нэгэн албан тушаалтан руугаа тохсоор байгаад дуусдаг. “Дөл”, “Өлзий ”, “Илч” гэх утаагүй зуух худалдаанд гарсан ч үнэхээр нүүрс хэмнэх үү гэдэг нь том асуудал болоод буй өнөө үед “их идсэн ч өмхий, бага өмхий” гэдэгдээ урдах хоолоо бараагүй байж, хүний тогоо өнгийх нь цагаа олоогүй ажил юм биш үү. 
 
Мөн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Орон байраа дулаалъя” аян ч бас өнөөгийн нийгэмд тохирохгүй санагдах юм. Жил бүр л бүх айл чадлынхаа хэрээр дулаалга хийдэг шүү дээ. Энэ мэт ядмагхан аргаар элдэв төсөл санаачилга зарлаж, татвар төлөгчдийн мөнгийг хийдүүлэх хэрэг байна уу.
 
Сүржин тодотголтой эл зуухнууд тус болохоос илүү нэрмээс болох нь их гэдгийг түмний үрс амь нас, эрэмдэг эрхтнээрээ баталсан. Ийм явдлууд гарсаар атал энэ ондоо багтаан бүх өрхөд зуухаа шахах гэнэ.
 
Бүр сүүлдээ авахаас татгалзсан иргэдийн газрын зөвшөөрлийг цуцалж, хотоос нүүлгэнэ гэж айлгасан. Айл бүрийн зуухыг хурааж авна гэхээр хүний эрх чөлөө, дураараа амьдрах эрх хөндөгдөнө. 
 
Угтаа бол учир мэдэх нэгний өгүүлж буйгаар манай улсаас бусад орон гадаадаас зуух худалдаж авах мөнгөөр гэр хороолол дундуур дуланы шугам татдаг гэсэн судалгаа байна. Манай удирдлагууд сайшаалтай зүйл хийж буй боловч, хүрэх өндөрлөгөтөө буруу замаар өгсөөд байх шиг.
 
Энэ байдлыг овжин ашиглах ч нэгэн бас чамгүй. Учир ю гэвэл өнөөх “утаагүй” зуух чинь утаагүй, цэвэр агаартай хөдөө сумдуудаар “зугаалж” явна. Хороонд ажилладаг нөхдүүд “Өлзий” зуухыг 200 мянган төгрөгөөр зарж байхыг ч үзлээ. Нэг хүн хороонд ажилладаг танилаараа дамжуулаад, 4-5 зуух авч хөдөө явуулахыг ч үзэв. 
 
Энэ мэтээр утаатай хотын агаарын бохирдлын эсрэг “тэмцэх” ёстой “утаагүй” зуух хаа хамаагүй хөдөөгөөр тарж байхад Улаанбаатарын иргэд авч чадалгүй үлдчихсэн байна. Одоо 40 мянган зуух тараагаад л асуудал нэг тийшээ болно гэж яриад байгаа ч үнэн хэрэгтээ тэгэхгүй гэдэг нь тодорхой болчихлоо.
 
Зуух тараах асуудал төр засаг, холбогдох байгууллагатай хамаагүй. Цаана нь тарааж байгаа байгууллага, хүмүүс байгаа. Гэхдээ л хяналт тавих ёстой байсан болов уу. Одоо хяналт дутснаас болж хэчнээн зуу, мянган зуух утаагүй газар шал хэрэггүй “тэнэж” явна бүү мэд. Албаныхан болохоор 160 мянган зуух тараасан гэж цаасан дээр тэмдэглэчихээд, түүндээ итгээд, одоо 40 мянган зуух тараагаад л болно гээд сууж байна. 
 
Энэ чигээрээ 40 мянган зуух тараачихлаа гэж бодвол цаана нь хөдөө рүү “талийсан” хэдэн зуухны зай онгойгоод үлдэнэ. Түүнээс гадна одоо тараах 40 мянган зуухнаас хэдийг нь хөдөөний айлууд үнэ цохиж авахыг бүү мэд. Ядаж тарааж буй зуухаа эзэндээ хүрч буй эсэхийг нэг эргэж хараад дараагийнхаа алхмыг хиймээр. 
 
Иймэрхүү хууль бус үйлдлүүдийг, өө энэ чинь Монгол амьдрал, чи дас гэх аягтай хүлээж авч тоохгүй байгаа нь үндсэн хуулиа ч өөрийгөө тэр битгий хэл ирээдүйнхээ эрүүл мэндийг уландаа гишгэж байгаагаас ялгаа юун.
 
Хууль бус юм хийгээд байхад дуугүй байдаг иргэд өөрсдөө хуулийг нь хэрэгжүүлэхэд асуудал үүсгэвэл хууль ёсны дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт иргэдийн 70 гаруй хувь нь уушигний архаг бронхиттой, төрж буй нярайн ихэнх нь уушгины дөрвөн ховдлын гурав нь цоорхой, амьсгалын эрхтний гажигтай төрж байна.
 
Энэ асуудлууд идэж уух нь дийлдэггүй төрийн өндөрлөгт сандайлан суусан эрхмүүдтэй, хяналт шалгалт тавьдаг гэх нэрийдлээр дундаас зуух “чавчдаг” хороодын ажилчидтай холбоотой. Энэ мэтээр хүлээгээд байвал хүлээгээд л өвчилж үхээд, үр хүүхдээ эд эрхтний дутагдалтай тахир дутуу болгоод байвал болгоод л байна. 
 
Юманд учир суманд гичир бий гэдэг шиг улс төрчид маань нэг зүйлийг хийнэ байгаа л гэж харах юм даа. Тэдний хүүхэд ч миний хүүхэд ч ялгаагүй энэ улсын минь нийслэл Улаанбаатарын дэнж дээр хамтдаа л тоглиж өснө, миний хүүхэд уушиг, амьсгалын замын өвчин туслаа гэхэд улс төрчийн хүүхэд гээд өвчин тэднийг тойрохгүй л өнгөрнө гэж байхгүй л баймаар.
 
Ж.Эрдэнэчимэг 
 
Эх сурвалж: