Эдийн засгийг солонгоруулах тухай сүүлийн үед их ярих болов. Бас л нэг улстөрчдийн шинээр гаргаж ирдэг нэр томъёо төдий зүйл биш биз. 
 
Учир нь улстөрчид урьд нь ярьж хэлдэг байсан зүйлс биш болоод, нэг ёсондоо явцгүй, газар авахгүй болоод ирмэгц шинэ нэр томъёо, цоо шинэ зорилт дэвшүүлэн гаргаж ирэх шаардлагатай болдог болтой юм. Анзаарахад, эдийн засгийн талаарх нэршил, ойлголт нь засаглалын хэлбэр агуулгаас хамааран өөрчлөгдөн хувьсах ажгуу. Төвлөрсөн төлөвлөгөөт, зах зээлийн, уул уурхайд төвлөрсөн, олигархижсан, төгөлдөржсөн, хүрэнтсэн гэх мэт эдийн засгийн олон хэлбэр, нэршлүүдийг бид мэддэг болжээ.
 
Төвлөрсөн төлөвлөгөөт гэхээр хувийн өмч гэх ойлголтгүй социализмийн үе, зах зээлийн гэхээр П.Жасрай гуайн хонгилын үзүүр дэх гэрлээс өөр юу ч харагдаж амжаагүй үе, уул уурхайд төвлөрсөн гэхээр П.Очирбатын “Алт” хөтөлбөрөөс эхэлсэн хөөрлийн үе, олигархижсан гэхээр төрөөс төрсөн тэрбумтануудын үе, төгөлдөржсөн гэхээр мөнөөх С.Баярын таван төгөлдөржлийг зарлаж, атар эзэмших аян энэ тэрээр хүрээгээ тэлсэн үе гэх зэргээр засаглалын мөчлөгүүдтэй холбож ойлгож болохоор байна.
 
Тэгвэл өдгөө бид хүрэнтсэн эдийн засгийн үеийг туулж яваа юм байх. Шууд махчилж ойлговол нүүрсжсэн эдийн засаг ч гээд хэлчихэж болохоор. Ерөнхий сайд нь хүртэл нүүрс шуудайлж зарахаас өөр ажил хийхгүй байна хэмээн шүүмжлүүлж байгаа засаглалын үе шүү дээ. Таван толгойн нүүрсийг БНХАУ руу зөөснөөс олж буй ашгаас өөр овойж оцойсон орлого гэх зүйл ч хомс байгаа нь ч үүнд зохих нөлөөтэй. 
 
Эдийн засагчдийн дүгнэлт ч тийм байна. Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг нүүрс шатааж гаргаж авдаг төдийгүй ашигт малт-малын үнэ сүүлийн жилүүдэд монголчуудын хэтэвчний нимгэн зузааныг тодорхойлдог болоод байгаа.
 
Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өндөр байсан 2010, 2011 онд мөнгийг баруун солгойгүй цацсан. Нүүрс ноцож байсан нь тэр. Одоо харин унтарч эхэллээ. Нүүрсжсэн эдийн засгийн хор хохирол нь энэ. Нүүрснээс үнс нурам л үлддэг. Нэг өдөр сүрхий ноцож байвч итгэх аргагүй. Маргаашийн ажил амьдралаа итгэж даатгаж, төлөвлөх ямар ч арга байхгүй. Шинэчлэлийн Засгийн газар ийм зовлонг өнөөдөр амсаж байна. Тэд энэ оны төсвөө батлахдаа их л өөдрөгөөр харсан нь талаар болж, улсын төсөв нэг их наяд төгрөгөөр онгойж орхисон нь эдийн засагт нэг хэсэгтээ л хиншүү хярвас тарих бололтой.
 
Гэвч засаг төр хаширсангүй, харин ч нэмж улам их нүүрс шатааж, зэс хайлуулах төлөвлөгөөтэй байна. Одоо хэлэлцэж байгаа ирэх оны төсвийн төсөлд орлого нь 7.3 их наяд, нийт зардал нь 7.7 их наяд төгрөг байхаар тусгажээ. Тэгэхээр тасраад байгаа энэ оны төсвийн бодит гүйцэтгэлээс 1.2 их наяд төгрөгөөр өндөр байна гэсэн үг. Өөдрөг байхын буруу ч гэж юу байхав. Гэхдээ тэнэг байж болохгүй.
 
Тухайлбал, Засгийн газраас ергөн мэдүүлсэн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд ам.долларыг 1380 төгрөг байхаар тооцож оруулж иржээ. Тэгвэл өнөөдөр ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1700 хүрчихээд байна. Мөн зах зээлийн шинжээчид ирэх онд ашигт малтмалын үнэ унах магадлалтай гэсэн тооцоо хийгээд байгаа. Дэлхийн банкны судалгаанаас үзвэл энэ он гарснаас хойш дэлхийн зэсийн хэрэглээ 2.3 хувиар буурсан аж. Үүнээс гадна манай ашигт малтмалын гол худалдан авагч Хятадын зэсийн хэрэглээ 5.7 хувиар багасчээ. Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, хуримтлал их байгаа зэрэг шалтгаанаар нүүрсний үнэ мөн хямдарсан. Одоогоор уг ашигт малтмалын үнэ 20 хувиар унасан тооцоо гарсан.
 
Энэ оны сүүлчээр үнэ ялимгүй өсөх боловч нэг тонн нь 89 ам.доллар байх төсөөлөл байдаг. Эндээс үзэхэд манай улсын экспортын хоёр гол түүхий эдийн үнэ ханш тийм ч гэрэлтэй харагдахгүй байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гаргадаг эдийн засгийн тайлангуудад ч энэ талаар дурьдсан. Тэгээд ч ашигт малтмалын үнэ ханшаас аж амьдрал нь хамаардаг Индонез, Монгол зэрэг улсыг эдийн засгийн хямралаас сэргийлэх, орлогоо сайтар тооцох, нүсэр зардлаа бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн зөвлөж буй билээ.
 
Харин Монголын Засгийн газар чихээ таглаж, толгойгоо сэгсэрч байна. Тэдэнд эдийн засгийн өсөлт хэрэгтэй болохоос хар, шар, хүрэн эдийн засаг байх нь чухал биш. Манай улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувь, өнгөрсөн онд 12.3 хувь өссөн. Бүгд л эдийн засаг өслөө хэмээн хөөрцөглөснөөс бус эдийн засгийнхаа мөн чанар руу хэн ч шагайж хараагүй. Уг нь эдийн засгийн өсөлтийн гол чиглүүлэгч болоод буй төсөв, төсвийн орлогыг хязгаарлаж өгөх хэрэгтэй байлаа. Тухайлбал, илүү орлогоо шууд зарцуулахгүйгээр хадгалах ёстой байв. Гэвч хий хоосон зарлага, үнийн хөөрөгдлөөр эдийн засгийн “суурь өвчин” сэдэрсэн юм. Ингээд арга буюу эдийн засгийн мөн чанар, өнгө хэлбэр рүү анхаарахаас аргагүй болсон хэрэг.
 
Гагцхүү хүрэн гэж нэрий-дээд буй ашигт малтмалын орлого шүтсэн эдийн засаг нь явцгүй, эрсдэл өндөртэй, сөрөг нөлөө ихтэй нь түмэнд танигдаад ирмэгц нь өөр олон өнгө, өөр өөр эдийн засгийн тухай ярьж, солонгоруулах мэргэн арга сийлжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт өнгөөр төлөөлсөн олон салбар, урсгал чиглэлийг оруулж ирэх тухай цэцэрхэл эхэллээ. Тухайлбал, Монгол Улс ногоон эдийн засагтай болох ёстой гэж лоозогнох болов. 
 
Сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, байгалийн цэвэр бүтээгдэхүүний экспорт, газар тариалан, мал аж ахуй гээд ногоон эдийн засгийн бүхий л тулгуур үзүүлэлтүүд Монголд бий. Тиймээс заавал уул уурхайг шүтсэн ганц хөлт эдийн засаг бидэнд хэрэггүй юм байна гэдгийг сая л ойлгосон юм даг уу даа. Юутай ч гаднаас хэт хамааралтай, дотоодын үйлдвэрлэл төдийлөн хөгжиж амжаагүй байгаа цаг үеэ ашиглаад салбар бүрийг жигд хөгжүүлэх нь зөв хэмээж байгаа юм. 
 
Эдийн засгийг солонгоруулъя. Шинэчлэлийн Засгийн газрын нэн шинэ уриа. Солонгон засаг гэж орчуулж болмоор. Мөн чанар нь магадгүй солонготой адил. Нүд хуурсан, олон өнгө уусч холилдсон, асар хар бараан үүлс тогтсоны дараа үзэгддэг, хамгийн гол шинж чанар нь түр зуурын...
 
Д.Дамдинжав
 
Эх сурвалж: