Бидний үеийнхэн бол улс орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж хамт олондоо болон улс нийгэмдээ жинхэнэ үнэнчээр зүтгэж явсаны минь хүчинд амиа аргацаасан нүүдлийн МАА-н орноос өнөөгийн шинжлэх ухаан техник технологи хөгжсөн дэлхийн улс орнуудтай нүүр бардам зэрэгцэн алхах хэмжээний болсон гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
 
Үүний үр дүнд өнөөгийн төр засгийн удирдлага маань гадаад орнуудад нүүр бардам яваагаа мэддэг болов уу гэж эргэлзэх үе ч байх юм. Өнөөгийн төрийн түшээд маань ахмад, залуу, хойч үеийнхээ гурван хэлхээг зөв холбож ахмад үеийнхээ ариун их туршлага, сургамж, түүхийг өнөө үеийнхэндээ орчин үеийн ШУ-ны технологиор баяжуулан эзэмшүүлж хойч үедээ түүх сургамж болгон үлдээж ард түмнийхээ эв нэгдэл, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, үндэсний эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төлөө авъяас чадвараа зориулж ард түмнээ жигд хангалуун, өссөн төрсөн нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах, нөхцөл бололцоогоор хангахад л бүх үйл ажиллагаа нь орших ёстой гэж боддог юм.
 
Гэвч одоогийн төр засаг маань ахмад настай бидний талаар авч байгаа арга хэмжээ, сайн зүйл байгаа ч өмнөх түүхээ үгүйсгэх, гуйвуулах, хараар будах, өнгө будаг түрхэх, худал ярих, нэр солих, түүх дурсгалыг хэт дур мэдэн буулгах, устгах, өөрчлөх нь бидний сэтгэлд ер. нийцэхгүй байгаа төдийгүй хэрээс хэтрээд байна.
 
Зөвхөн ахмад настнуудын дунд үүсээд байгаа задрал хагарлыг дээрээс хийгээд байгааг холбогдох хүмүүст хүргэх зорилгоор энэхүү зурвасыг бичих болсноо доорх гурван жишээгээр тайлбарлая.
 
Нэг: МУ-ын засгийн газрын гишүүн сангийн сайд Ч.Улааны 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн 4-3/5966 тоот албан бичгээр "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуулийн 9-р зуйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн аймгийн ахмадын хорооны санхүүжилтыг зогсоож Монголын Ахмадын Чөлөөт холбоог санхүүжүүлэх үүргийг аймгуудын засаг дарга нарт өгчээ.
 
Гэвч Завхан аймгийн ахмадын хороо нь 1930 онд байгуулагдан түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж одоо 6000 гаруй ахмад настан харъяалагддаг 23 сум, аймгийн төвд албан ёсны тамга тэмдэг бүхий 25 хороо, 36 зөвлөл, 114 хэсэг, 274 идэвхтэн сонгуультантай, орон тооны дарга, ня-бо, зохион байгуулагч, галч, үйлчлэгч, сахиултай, 80 гаруй жилийн түүхтэй бүхэл бүтэн байгууллагын санхүүжилтыг шууд зогсоож дээрээсээ МАЧХ-ны тэргүүн гэх Г.Баасан ирж цөөн хэдэн ахмадтай уулзаад, ганц даргаас өөр гишүүд нь тодорхойгүй байгуулагдаад дөнгөж хоёр сар болж байгаа.
 
Сум багт ямар ч төлөөлөлгүй МАЧХ нэрээр ардчилсан намд талтай гэдгээр нь, санхүүгийн эх үүсвэрээр нь ахмадуудыг хооронд нь хагаралдуулж, өөрийнх нь дурьдсан хуулийн заалтаа ноцтой зөрчжээ.
 
Улаан сайдаа таны дурьдаад байгаа хуулийн заалт чинь "Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашигийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ" гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү дээ. Тэгээд та дээрх тоо баримтаас орон нутагт ямар байгааг нэг хараад үз дээ.
 
Хоёр: Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, МАЧХ-ны тэргүүн Г.Баасан нар 2013 оны 05-р сарын 22-нд олон улсын нэгдэн орсон гэрээ конвенц бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ахмад настанд чиглэсэн үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор гэрээ байгуулан ажилласан юм.
 
Уг гэрээний хоёрдугаар зүйлийн 2.7, гуравдугаар зүйлийн 3.2-т тус тусын бие даасан бүтэц зохион байгуулалтанд хүндэтгэлтэй хандаж тэдгээрийг өөрсдийнхөө дүрмээр ажиллах бололцоогоор хангана гэж заасан боловч одоо санхүүжилтыг нь булаан авч үүгээр ч зогсохгүй МАЧХ-ны Завхан аймгийн салбарын дарга нь сумдын ахмадын хорооны дарга нарын сар бүрийн урамшууллыг 11 сараас зогсооно гэж шаардаж яваа нь дээрх гэрээнд дурьдагдсан заалтуудыг ноцтой зөрчөөгүй гэж үү. Энэ завхрал биш гэж үү....
 
Гурав: Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, аймгийн Ахмадын хорооны дарга Н.Дэчинсамбуу аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив ямар нэг дарамтанд оров уу аль эсвэл бас л нөгөө төрийн минь төөрөгдөл засгийн минь завхрал уу гэж асуумаар...
 
Нэмж хэлэхэд одоогийн МАЧХ-ны Завхан аймгийн салбарын дарга Н.Доржготов нь Улиастай сумын ахмадын хорооны дарга, аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн байсан хүн. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Том төрөөс Ухаалаг төр рүү" зөвлөлдөх уулзалтан дээр хэлсэн үгэндээ "Манай төр засаг ямар ч хяналтгүй болсныг, хянах самбаргүй онгоцоор зүйрлэн" хэлсэн нь бодит үнэн билээ.
 
Энэ хянах самбаргүй онгоцны нисэх бүрэлдэхүүн нь Н.Алтанхуяг тэргүүтэй засгийн газар, зорчигчид нь ард түмэн болж таарнаа даа. Тэгэхээр энэ хянах самбаргүй онгоцоор хэдэн мянган метрийн өндөрт нисэж яваа бид хэзээ эх дэлхийдээ эсэн мэнд буух нь мөн ч бүрхэг байгаа биз.
 
Одоо ахмад настан бид хийж бүтээснийхээ гавъяаны амралт, энэ хорвоод амьд явах үлдсэн хэдэн жилдээ ямар нэг хэл ам, хэрүүл тэмцэлгүй, ядаж үеийнхэн дотроо эвтэй найртай, сайн сайхан ярьж, мэндтэй устай, сэтгэл амар ямар нэг хар санаатан болон хувиа хичээгчдийн хөндлөнгийн зохион байгуулсан хагарал бутралд өргөлгүй шиг байх юмсан гэж төөрөлдөөд байгаа төр, завхраад байгаа засгийнхаа сонорт хүргэж Монгол улсын намаар танилцуулаад хэсэг үзээд одоо бусад аргаар талцуулан бутаргахаа болиоч ээ гэж хүсч байна.
 
Д.Махмэдрий /Ахмад настан/
 
Эх сурвалж: “Завхан” сонин