- Танд намын дэд дарга болсонд баяр хүргэе. Бага  хурлын талаар товчхон мэдээлэл өгнө үү?

- Аймгийн МАНамын удирдах дээд байгууллагын ээлжит 31-р бага хурал цаг хугацаандаа хэлэлцэх ёстой бүхий л асуудлуудаа шийдвэрлэж  дуусгасан. Оролцож байгаа төлөөлөгчид аймаг, орон нутгийнхаа иргэд, байгууллагуудын ажил үйлчилгээ, өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал  гэх зэрэг өөрсдийн ажлын алдаа, оноог цэгнэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж идэвхтэй оролцлоо. Мөн намын дүрмийн дагуу дараагийн хурал хүртэлх намын байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг сонгож баталгаажууллаа.

- Та намын удирдах бүрэлдэхүүнд сонгогдсоны хувьд намын байгууллагынхаа цаашдын ажлын талаарх таны бодол?.

- Юуны өмнө алдаа оноогоо баримт, судалгаатай нь үнэлж дүгнэх  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл намын байгууллагыг ямар хүмүүс ямар нөхцөлд удирдаж байв, аймаг,  сумдынхаа удирдлагыг хэн хэзээ хашиж ямар амжилт гаргаж байв, гадаад орчны ямар хүчин зүйл нөлөөлөв гэдгээ дор бүрдээ тунгааж байгаа байх.

Сонгуульд амжилттай оролцож сум, багаа удирдаж байгаа болон сөрөг хүчин болсон олон намын байгууллага байна. Хурлын төлөөлөгчдөөс аймгийн намын хороо ба сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчдийг сөрөг хүчний хувьд хангалттай  ажиллахгүй байгаа талаар ч дурьдаж  байна.

Аймгийн хуралд сөрөг хүчин болсон ийм нөхцөлд намын байгууллагын бүх сонгуультнууд анхаарч ажиллах олон асуудал байгаа. Гишүүдийнхээ бүртгэлийг сайжруулах, харилцан мэдээлэл өгч байх, намын дүрмээ сахидаг хариуцлагатай нэр дэвшигчдийг тодруулж хамтран баг болж ажиллах нь чухал.

Мөн мэдээллийн тэнцвэргүй байдлыг өөрчлөх ёстой гэж үздэг. Ер нь тэгээд анд нөхөд, хамт олон, айл саахалтдаа нэр хүндтэй, нутгийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлдэг, ажил, амьдралаараа бусдыгаа үлгэрлэдэг орон нутгийн удирдлагууд, намын идэвхтэн сонгуультнууд, нийгмийн хариуцлагаа ухамсарласан ухаалаг бизнес эрхлэгчдийг ямар ч үед иргэд  дэмждэг.

- Аймаг орон нутгийн ажлын талаар ямар сэтгэгдэлтэй  байгаа вэ?.

- Төрийн албанд ажиллаж байснаас хойш нэлээд хугацааны дараа нутгийн удирдлагын ордонд орлоо. Үүдэнд нь та авлигагүй бүсэд нэвтэрлээ гэсэн том бичиг байна. Ордноос гарахаар авлигатай гэсэн үг үү гэж асуумаар санагдсан шүү.

Аймгийн төсөв сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэж 100 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг болж байгаагийн хэрээр нэлээдгүй бүтээн байгуулалт хийгдэж байна. Гэрэлтүүлэг их сайжирч, зам тавигдаж байгаа нь Даланзадгадын өнгө төрхийг нэмэгдүүлж байна.

Үүний хажуугаар уул уухайн ордуудын ашиглалт, хайгуулын ажлын нөлөөгөөр зарим сумын иргэд шороо тоосон дунд амьдран эрүүл мэндээрээ хохирч, малчид малын бэлчээр, худаг усны хомсдолд орж байгааг нутгийн удирдлагууд холбогдох газруудтай нь хамтран шийдвэрлэхгүй бол оройтож байна.

Уул уурхайн компаниуд өөрсдийн эрх ашгийг хамгаалж, харин байгаль орчин болон усны асуудал хариуцсан яам, агентлагууд нь хоорондоо уялдаж нэгдсэн бодлого чиглэл өгөхгүй байгаа нь  нутгийн иргэдийг хохироох нэг шалтаг болж байна.

Мөн аймгийн удирдлагуудын  зарим нэг үйл ажиллагаа, сумдын жилийн эцсийн ажил дүгнэлт болон боловсон хүчний томилгоо зэргийг харахад төрийн албанд шударга үнэн байгаа эсэхэд эргэлзэж байна.

Тангараг өргөсөн төрийн албан хаагч аливаа асуудалд голч хандаж хүнийг шашин шүтлэг, үзэл бодлоор нь биш мэдлэг чадвар, ёс зүй, туршлагаар нь дүгнэж байвал цаашид орон нутгийн ирээдүйн хөгжилд ч хэрэгтэй болов уу. Мөн худалдан авах ажиллагаа, төсвийн үрэлгэн зардалтай холбоотой элдэв төрлийн санал гомдол иргэдийн дунд байсаар байна.

- Танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: "Монгол говь" сонин