sonin.mn

     Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны ярилцлага өнөөдөр (дөрөвдүгээр сарын 9) Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд боллоо.    

        Сар бүр хоёр удаа зохион байгуулах цуврал ярилцлагыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын тойрогтойгоо хийсэн ярилцлагаар эхлүүлсэн юм.  

       Ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай ажилтнууд оролцож, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын явц, түүнд тавьж буй хяналтын талаар ярилцав.



        Ярилцлагыг оролцогч талууд үндсэн сэдвийн хүрээнд товч танилцуулга хийх, асуулт тавьж хариулах хэлбэрээр явууллаа.

        Цахим ярилцлагын нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийг түшиглэн Улсын Их Хурлаар хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгох, УИХ-ын гишүүдтэй иргэд сонгогчид онлайнаар шууд холбогдон сонирхсон асуултдаа хариулт авах боломж бүрдүүлэх зорилго бүхий онлайн ярилцлагыг 2009 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Энэхүү уламжлалаа сэргээж 2014 оны анхны цахим ярилцлагаа өнөөдөр Баян-Өлгий аймгаар эхэлж байгаадаа баяртай байна. Саяхан Улсын Их хурлын дарга З.Энхболд казах түмний Наурызын баяраар Баян-Өлгий аймагт очиж, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцан, иргэд олон нийттэй уулзсан”-ыг тэмдэглээд ярилцлагад оролцож буй талуудад баяр хүргэн амжилт хүслээ.

        Үүний дараа Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан аймгийнхаа хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг гэтлэхийн тулд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн биелэлтийн явцаас танилцуулаад орон нутагт тулгарч буй зовлон бэрхшээлийг нааштай шийдвэрлэхэд энэхүү цахим ярилцлага ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

        Ярилцлагад оролцогчид аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэнд, боловсролын салбарт тулгарч буй нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудлуудад онцгой анхаарч байлаа. Тухайлбал, боловсролын салбарт хуваарилсан төсвийн хүрэлцээ, казах хэлээр хичээл явдаг бага ангийн сурагчдын сурах бичгийн боловсруулалт, Баян-Өлгий аймаг дахь Багшийн колллежийн статус, хувийн сургуулийн багш, ажилтнуудыг тэтгэмжид хамруулах асуудал энд хөндөгдсөн юм.

Мөн аймгийн хүн амын тоог харгалзан эрүүл мэндийг салбарын норм нормативыг шинэчлэх, эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх, зарим суманд тухайлбал, Улаанхус суманд сум дундын эмнэлэг байгуулах асуудал ч яригдлаа.

        Засгийн газрын 2010 оны 76-р тогтоолоор казах хүүхдийн боловсролын асуудалд анхаарсан түүхэн шийдвэр гарч байсныг А.Тлейхан сайд дурдаад уг шийдвэрийг биелүүлэх талаар ямар ажил хийж байгааг орон нутгийн удирдлагаас асууж тодруулав. Түүнчлэн 2011 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн үед гарсан эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах төлөвлөгөөний биелэлт тухайн орон нутагт ямархуу явцтай байгааг гишүүд сонирхож байв.

      Ярилцлагын үеэр мөн аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг шинэчлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, энэ чиглэлээр гарч буй хууль зөрчих хандлагыг дор бүр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн түвшинд тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа ажилгүйдлийг улам бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар хийж буй ажлынхаа талаар орон нутгийн удирдлагууд гишүүдтэй санал солилцсон юм.



        Ярилцлагыг дүгнэж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд аймгийн ИТХ, Засаг даргаас хяналт тавин ажиллаж байгааг сайшаагаад “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хамгийн чухал, нийтлэг шаардлагатай зүйлд зарцуулах талаар иргэд, олон нийтийнхээ санаа бодолд анхаарч ажиллах нь чухал, бидний зүгээс эрх зүйн орчинд нь анхааръя. Хөрөнгө оруулалтын хувьд царцаагдсан хөрөнгө оруулалтын талаар өчигдөр Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн.

Манай аймагт байгаа 6-7 объектын 4-т нь ямар боловч нааштай шийдвэр гарах байх гэж найдаж байна. Он дамнасан төсвийн хариуцлагагүй асуудал гаргахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлынхаа тендерт онцгой анхаарч, түүнийг цаг алдалгүй, шударгаар зарлан хяналт тавих, барилга байгуулалтын ажлын зургаа нүдэнд харагдахуйц, бодитой хийх нь чухал” болохыг аймгийн удирдлагад захилаа.

        Харин А.Тлейхан гишүүний хувьд “Баян-Өлгий аймгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн энэхүү цахим ярилцлагаар бидний өгөх зөвлөгөө, та бүхний санаа оноо нийлээд ихээхэн үр дүн гарна гэж бодож байна. Бид бүх түвшинд менежментээ сайжруулах, хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоогоо дээшлүүлэх нь чухал байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрэл хайгуул хийх, ажилгүйдлийг бууруулах талаар томоохон төсөл хөтөлбөр боловсруулж, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой судалгаагаа бидэнд ирүүлээрэй. Бид бас өөрсдийн хүрээнд аль болохоор болж бүтэх талаас нь хөөцөлдье” гэлээ.

        Цахим ярилцлага бүтэн цаг үргэлжилсэн бөгөөд түүнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ ярилцлагын урилгыг хүлээн авч оролцсон УИХ-ын хоёр гишүүн болон Баян-Өлгий аймгийн удирдлагад талархлаа илэрхийлээд тэдний цаашдын ажилд амжилт хүсэж, Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс цуврал цахим ярилцлагыг цаашид тогтворжуулан иргэд, сонгогчидтойгоо холбогдох, ялангуяа маргаан дагуулж буй асуудлуудаар олон нийтийн санаа бодлыг сонсох нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.